Ардчилсан ерөнхийлөгчийн төлөө нэгдлээ

Э.Бат-Үүл хоёрын нэг нь гарч ирэх тухай намын нөхөд нь ярьж байсан. Харин хэн гэдэг нь өнгөрсөн баасан гаригт тодорлоо. Тус намын ҮЗХ үдээс өмнө хуралдаж нэр дэвшигчдийн талаар хэлэлцсэн юм. Гүйцэтгэх зөвлөлийнхний сонгон шалгаруулалтаар дараагийн шатанд Ц.Элбэгдорж, Э.Бат-Yүл, Г.Батхүү нар үлдсэн. ҮЗХ-ны хурлаар нэр дэвшигчдээс нэгийг нь л Их хуралд оруулж батлах журамтай юм байна. Нэр дэвшихийг горилогчдын талаар хурлын гишүүд нэлээд хугацаанд ярилцаж, зарим нэгнийг шүүмжилж эхлэв. Тухайлбал, Л.Гүндалай гишүүнийг намаа хаяж явчихаад хэцүүдэх үедээ эргэн ирсэн.

Буцаж элсэх өргөдөлдөө Ерөнхийлөгчийн сонгуульд санаархахгүй гэсэн зүйл бичсэн хэмээн шүүмжлэх нь хаалттай хуралдааны хаалганы цаанаас тодхон сонсдов. Харин хурлын үед УИХ-ын дэд дарга Г.Батхүү нэрээ татаж авснаа мэдэгдсэн юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч болох илүү магадлалтай хүнд нь энэ эрхийг өгье гэж бодсон. Харин Ерөнхийлөгч бол хуулийн хүрээнд хариуцсан ажилтай, үүргээ биелүүлэх чадвартай хүн байх ёстой. Тэр ч утгаараа ард түмэн маань ийм хүнийг сонгох байх. Энэ удаа манай намаас зургаан хүн нэр дэвшсэн. Тиймээс бидний хэн нь ч үлдсэн ардчилсан Ерөхийлөгчтэй болохын төлөө хамтран ажиллах болно. Би нэрээ өөрийн хүсэлтээр татаж авсан болохоос хэн нэгний шахалт, дарамтаар татаагүй шүү гэлээ. Иймд гурав байсан нэр дэвшигчээс нэг хасагдсан учир хурлын гишүүд хоёроос нэг гэсэн сонголт хийх боллоо.

Ийнхүү хурлын гишүүд нэг нэгээрээ индэрт гарч саналаа өгч эхлэв. Санал тоолсны дараа УИХ-ын гишүүн, парламент дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг219 гишүүн санал хураалтад оролцсоноос УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж 143, Э.Бат-Үүл 76 санал авчээ. Уг тогтоолыг ҮЗХ-ны гишүүд баталлаа гэсэн дүнг танилцууллаа. Тогтоолоо баталсны дараа нэр дэвшигч, өрсөлдөгч Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрыг индэрт урив. УИХ-ын Э.Бат-Үүл Манай нам ардчиллаараа үргэлж гайхуулдаг гэдгийг хэлмээр байна. Ц.Элбэгдорж маань заавал ялах ёстой. Ц.Элбэгдоржтойгоо хөтөлгөө хоёр морь шиг явна. Монголын ард түмэн Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох цаг ирсэн. Ц.Элбэгдорждоо Ерөнхийлөгч болох өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье гэж хэллээ. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авсан Ц.Элбэгдорж Та бүхэндээ болон өрсөлдсөн Э.Бат-Үүлдээ баярлалаа. Монголын ард түмэнд, ардчилал эрх чөлөөг дэмжигч бүх хүмүүст ардчилсан, шударга ёс тогтоогч, ард түмэнтэйгээ амь нэг байдаг Ерөнхийлөгчийг авчрахын төлөө та бүхэнтэйгээ нэг баг болон зүтгэж ажиллана гэв.

Ц.Элбэгдорж Бид Арлчилсан нам гэдгээ харуулсан

ҮЗХ-ны хурлаар гишүүдийн итгэлийг хүлээн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авсан УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг төлөөлөн оролцохоор боллоо. Мөрийн хөтөлбөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Мөрийн хөтөлбөрт маань ойлгомжгүй, тогтоож ядах, бэрхшээлтэй зүйл огт байхгүй. Миний хувьд шударга ёс тогтоогч Ерөнхийлөгч байна гэж бодож байгаа. Орон нутагт эрх олгодог, орон нутгийн эрхийг дэмждэг, ард түмэнтэйгээ амь нэг Ерөнхийлөгч байна. Мөн байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлж, Монгол Улсыг дэлхийтэй холбоно гэсэн зорилт дэвшүүлж байгаа. Ийм л таван зүйлийн хүрээнд идэвхтэй ажиллана даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд ард түмнээс гарах саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Ард түмнийхээ дэмжлэгт итгэж байна.

-Хурлын талаар ямар бодолтой байна?

-Ардчилсан нам жинхэнэ ардчилсан нам гэдгээ харууллаа. Монголд ардчилал бий болсноос хойш буюу 20 жилийн хугацаанд үүний төлөө хамтдаа тэмцэж, ажиллаж явсан нөхөд маань надад үнэлэлт дүгнэлт өгч байгаа хэрэг. Би намынхаа нөхдөөр асуудлаа шударгаар шийдүүлж, өрсөлдөх бодолтой байсан. Нэр дэвшсэн зургаан хүн маань нэг баг болж ажиллахаар боллоо. Ер нь, монголоороо, ард түмнээрээ нэг баг болж ажиллацгаая. Дэлхийд ардчиллаараа, хөгжлөөрөө, ард түмнийхээ сайн сайхан амьдралаар гайхуулж амьдарцгаая гэж хүсье.

-Өрсөлдөгч болох МАХН-аас хэн нэр дэвших вэ гэдэг тодорхой байгаа. Энэ талаар?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бидний асуудал яригдана. МНН, ИЗН-ын гишүүд, удирдлагууд АН-аас нэр дэвшиж гарсан хүнийг дэмжиж ажиллах шийдвэр гаргаж байгаагаа илэрхийлсэн. Энэ үйл ажиллагаанд бие сэтгэлээрээ оролцож, дэмжиж байгаа хүмүүст талархаж байна. Ардчилал бол бидний хамгийн том бүтээл. Тиймээс хамгийн үнэтэй бүтээгдэхүүн учир ардчиллаа гайхуулсан шударга сонгууль болох ёстой. Сонгууль нь нэг монгол нөгөө монголоо ялж байгаа асуудал биш. Зөвхөн ардчилал, эрх чөлөөг хүсэгч, түүнийг дэмжигч нийт монголчуудын амжилтын сонгууль болох ёстой гэж бодож байна. Ер нь, өрсөлдөгч гэдгийг асуудал гэж хардаг. Иймд авлигыг эцэслэж, ядуурлыг түүх болгогч, албан тушаалтнууд нь хууль хэрэгжүүлдэг, ард түмнээ алагчилдаггүй хууль шүүхийн тогтолцоотой болгож чадсан Ерөнхийлөгч энэ нийгэмд хэрэгтэй. Би энэ бүх асуудалтай өрсөлдөж байгаа. Иймэрхүү асуудлыг шийдвэрлэж чаддаг Ерөнхийлөгч болохын төлөө зүтгэнэ.

-Та хэлсэн үгэндээ Улсаасаа баян Ерөнхийлөгч байж болохгүй гэж хэлсэн. Ийм үг яагаад хэлчихэв?

-Өнөөдөр төрийн төлөө ажиллана гэдэг нь ард түмэндээ үйлчилнэ гэсэн үг шүү дээ. Манайд болохгүй, бүтэхгүй байгаа зүйл нь төрийн бүх хууль тогтоомж, төрийн үйл ажиллагаа нь албан тушаалтнуудад үйлчлээд байгаа явдал. Төрийн хууль тогтоомж зөвхөн ард түмэнд үйлчилдэг байх ёстой. Иргэдээ гэмтэн зэмтэн юм шиг хардаг, өөрсдийгөө хууль цааз гэж боддог ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Хүний эрхийг дээдлэхийн төлөө ажиллах ёстой. Албан тушаалтнууд ард түмэндээ үйлчилж байх нь зүйтэй. Болохгүй бүтэхгүй, шударга бус зарчмыг эцэс болгох ёстой.

Э.Мөнгөн

Дугаар 068 /647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button