Багтай дээрэмчин нэг гэрийн хоёр хүнийг хутгалжээ

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Бакытаас хэргийн тухай тодрууллаа.

-Багтай хүмүүс айл руу дайрч, гэр бүлийн хоёр хүнийг хутгалж зугтсан гэсэн мэдээлэл авлаа. Гэмт хэрэгтнийг барьсан уу. Яг юу болсон юм бэ?

-Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 3-нд шилжих шөнө гарсан. Ногооннуур сумын долдугаар багт оршин суудаг К-гийн эхнэр 0000 цаг өнгөрч байх үед бие засах гэж гарсан байгаа. Удалгүй нөхөр нь эхнэрийнхээ араас гарахад үүднийх нь амбаарт толгойндоо баг өмссөн, цагаан хувцастай хүн зогсч байсан гэсэн. Хэн бэ, юу хийж байгаа юм бэ гэхэд цагаан хувцастай хүн К-гийн духан дундуур модоор цохиход ухаан нь балартсан. Гэмт этгээдтэй ноцолдож байх хооронд эхнэр нь гаднаас орж ирэхэд нь К-гийн баруун гарын булчинд, эхнэрийнх нь гуянд хутгалж зугтах гэж оролдсон. Энэ үед К-гийн хүүхэд нь гарч ирж уг этгээдийг барьж, цагдаа дуудсан байгаа юм.

-Халдлагад өртсөн хүмүүсийн бие гайгүй юу?

-Сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа. Бие нь гайгүй.

-Ямар хүн энэ хэргийг үйлдсэн юм бэ?

-Ногоон нуур сумын Асгат багт оршин суудаг 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй A гэгч энэ хэргийг урьдчилан бэлдэж үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэх өдөр аймгийн төвөөс сумандаа очсон байгаа юм. Улмаар ууланд очиж, хувцаа сольж цагаан өнгийн кимоно өмсөн, толгойндоо шилэн терко угласан гэсэн. Ингэхдээ өөрийн өмсч явсан хувцас, авч явсан эд зүйлээ ууланд нуусан байгаа юм. Хэрэг үйлдэхдээ өөрийгөө зоригжуулах гэж ганцаараа хоёр шил пиво уусан гэсэн.

-Айлаас дээрэм хийх зорилготой байсан юм болов уу?

-Тийм ээ. К-гийх дэлгүүр ажиллуулж бизнес эрхэлдэг юм билээ. А гэгч өмнө нь тэднийд дэлгүүрийн ачаа бараа зөөлцөж, тусалдаг байсан гэсэн. Хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Суманд шалгах боломжгүй.

-Яагаад?

-Суманд сэжигтнээс анхны байцаалт авах гэтэл өмгөөлөгч байхгүй. Манай аймгийн хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй хоёр өмгөөлөгч байдаг юм. Тэд ийш тийшээ ажлаар яваад олдохгүй байна. Тэгээд ч А-гийн үйлдсэн хэрэг онц ноцтойд тооцогдох учир байцаалт авахад орчуулагч бас шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, тухайн хүний эрх үүргийг орчуулж өгөх ёстой. Тиймээс одоо болтол мэдүүлэг аваагүй байгаа.

Б.Алтан

Дугаар 068/647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button