Залуучууд шуугиулж, шигшээгийнхэн ниргүүлэв

анхны тэмцээнээ тун өндөр хэмжээнд зохион байгуулсныг онцлох нь зөв болов уу. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Магсар багш судалгааны баг томилон гаргаж, бөхчүүдийн барилдааныг ихэд л шимтэн үзэж бичиж тэмдэглэн сууж байсан. Тэмцээнд Бээжингийн олимпод хүч үзсэн, шигшээ багийн бүрэлдэхүүнд явдаг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, Ц.Энхжаргал, ОУХМ Ч.Ганзориг, Б.Батзориг, Б.Одончимэг, Н.Отгонжаргал нарын шилдгүүд хүч үзсэн. Сонирхолтой нь, гурван өдрийн турш залуучууд доргиож, щигшээгийнхэн ёстой л нэг бут ниргэлээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 55 кг-ын жингийн тэмцээн тун сонирхолтой болсон. Олимпийн дэвжээнд хоёр ч удаа хүч үзсэн Б.Наранбаатарыг Дарханы Г.Амархүү гэж залуу ялж, үзэгчдийг шуугиулав.

55 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин Д.Цогтбаатар гэж залуу тамирчин түрүүлж, Г.Амархүү мөнгөн медаль хүртэж, Хангарьдын Ө.Ууганбаяр хүрэл медаль хүртлээ. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар хүрэл медальтай хоцорлоо. Олимпийн дэвжээнд зодоглосон дэлхийн оюутны аварга, ААШТ-ий мөнгөн медальтай ОУХМ Ц.Батзориг Б.Наранбаатар гавьяатын алдааг давтаж мөн л хүрэл медаль дээр буух нь тэр. Эмэгтэйчүүдийн жингийн барилдаануудад шилдэгүүд нь мөн л медалийн өнгөө хувиргаж байлаа. Олимпийн наадамд хоёронтоо оролцсон, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, дэлхийн оюутны аварга Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал Дарханы Д.Отгонцэцэгт ялагдан мөнгөн медаль хүртэж, Ази тивийн аварга, дэлхийн оюутны аварга ОУХМ Н.Отгонжаргал хүрэл медалийн эзэн боллоо.

Д.Алтанцэцэгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Тэмцээнд хэчнээн багийн тамирчид хүч үзэж байна вэ?

-Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 21 багийн 231 тамирчин оролцож байна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч үзэж байна.

-Хөдөө орон нутгаас зорьж ирж оролцож байгаа баг байна уу?

-Барилдаж байгаа тамирчдын хувьд өөрсдийн аймгийн харьяа дэвжээнд хичээллэдэг. Тийм учраас аймгаа төлөөлөн оролцдог. Орхон, Сэлэнгэ, Дарханы багууд байгаа. Хангарьд дэвжээ гэхэд Эрдэнэтийн, Ажнай гэхэд Өмнөговийнх, Дарханхасуу гэхэд Дархан аймгийнх байх жишээтэй.

-Оролцогч тамирчдын тоо нэмэгдэж байгаа хэрээр ур чадвар нь илт сайжирч байна. Шигшээ багийн тамирчид медальгүй хоцорчих дөхлөө шүү дээ?

-Залуу тамирчин хүчтүрэн гарч ирж байгаа нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. Энэ хэрээр хөгжил нь цааш явна шүү дээ. Холбоо шинэ удирдлагатай болсонд ч их баяртай байна. Энхжаргал, Наранбаатар, Отгонжаргал, Батзориг гээд бүгд л түрүүлж чадсангүй шүү дээ.

-Жингийн аваргууд ямар тэмцээнд оролцох вэ?

-Тайвань улсад тавдугаар сарын зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоно.

-Тамирчид хоорондоо зодолдсноос болж, торгууль төлж, тэмцээнээс хасагд-сан гэж сонссон?

-Манай холбооны шинэ удирдлагууд энэ жилийг сахилга бат, ёс зүйн тал дээр хатуу анхаарах зорилт тавин ажиллаж байгаа. Өчигдөр Алдар спорт хороо, Хангарьд-ын хоёр тамирчин хоорондоо гар зөрүүлсэн байсан. Тэгээд 100 мянган төгрөгөөр торгож, нэг тамирчныг тэмцээнээс хассан байгаа.

-Тэмцээн дуусангуут залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа юу?

-Тийм ээ. Залуучуудын улсын аварга 7-9-ний өдрүүдэд 15 жинд явагдана. 16-наас өсвөр үеийн улсын аваргын тэмцээнүүд болох юм.

Чөлөөт бөхийн 2009 оны улсын аваргууд

Эрэгтэй

55 кг Д.Цогтбаатар -Алдар

60 кг Г.Мандахнаран-Алдар

66 кг П.Өнөрбат-Дархан хасуу

74 кг Д.Гомбодорж-Хүч

84 кг Д.Түгждорж-Дархан

96 кг Т.Энх-Амгалан-Арслан

120 кг Ж.Чулуунбат-Арслан

Эмэгтэй

48 кг Д.Баасанжаргал-Хүч

51 кг Д.Отгонцэцэг-Дархан

55 кг Н.Алтантуяа-Дархан хасуу

59 кг С.Батцэцэг-Замчин

63 кг Ш.Түмэнцэцэг-Замчин

64 кг Б.Одончимэг-Алдар

72 кг О.Бурмаа-Хүч

У.Бадам

Дугаар 068 /647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button