Монгол Улсын Иргэн Таны анхааралд

гэрээг эрх баригчид бэлэн болгожээ. Энэ эгзэгтэй цаг мөчид бид Монгол орны эзэн болж төрсөн Иргэн Танд хандан энэ гэрээтэй холбоотой зарим асуудлаар үзэл бодол,байр сууриа илэрхийлж байна.

Оюу толгойн ордыг хэрхэн ашиглахаас улс үндэсний, Та бидний хувь заяа, ойрын ба холын ирээдүй дэндүү ихээр хамаарна. Иймээс энэхүү асуудалд туйлын цэгцтэй, туйлын няхуур хандах учиртай. Үүнийг жирийн иргэд хүртэл мэдэрч мэддэг болсон нь эрдэс баялгийг тойрсон сүүлийн хэдэн жилийн үйл явдлуудын нэгэн нааштай үр дүн юм.

Харамсалтай нь, одоо УИХ-аар батлуулахаар яаравчилж буй гэрээ нь монголчууд бидний хүсэл эрмэлзэл, үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн боломж, зорилго,зорилт хийгээд Үндсэн хуулиар баталгаажсан бүрэн эрхэд гол чухал зүйл дээр огт нийцэхээргүй байна.

Энэ гашуун ч гэсэн зайлшгүй үнэн мөнийг Иргэн Танд сонордуулахын зэрэгцээ хамтын хүч чармайлтаар зөв зүйтэй шийдэл,шийдвэрт хүрэхийг бид эрмэлзэж байна.

Оюу толгойн ордыг ашиглах 2007 оны гэрээ тун түүхий болох нь тогтоогдож, тухайн үед УИХ-аас буцаагдсаныг хэн хүнгүй мэднэ. Тэрхүү гэрээний ноцтой алдаа, дутагдал, бузар булайг олон хүн илчлэн шүүмжилсний дотор бид ч мөн байр сууриа нэг бус удаа илэрхийлж, хураангуй дүгнэлтээ Ардчилал сонины бүтэн нүүрэнд багтааж ядан нийтэлсэн.

Ингэхдээ гэрээний сул талыг шүүмжлэхийг урьтал болголгүй, харин асуудлыг бүхэлд нь зүй зохистой шийдвэрлэх гарц,хувилбарыг монголчууд бид хамтран олоход анхаарлаа төвлөрүүлж зарим суурь бодол,санааг илэрхийлэн, дэс дараатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон билээ.

Одоо УИХ-д өргөн баригдсан гэрээ нь (олон нийтэд мэдэгдсэн агуулгаас нь харахад) өмнөх гэрээний ноцтой алдаа,эндэгдлийг засаж залруулалгүйгээр дахин давтаж, монголчуудын хүсэл зориг, найдлага, горьдлогыг дахин хөсөрдүүлжээ. Үүнд бид туйлын ихээр харамсч байна.

Засгийн Газар ийм явцгүй гэрээг гадаадын хөрөнгө оруулагчидтай тохиролцоод хэрэгжүүлэхээр зүтгэж буйг бид эрс буруушаан эсэргүүцэж, үндэсний эмгэнэл хэмээн үзэж байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах бүхий л үйл ажиллагаа, түүний дотор Монгол Улсын байгалийн баялгаа эзэмших бүрэн эрх(ийг) … хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулж хянах чиг үүрэгтэй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл энэхүү гэрээг 2007 оны гутамшигт гэрээний нэгэн адил зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн нь төр, ард түмний өмнө хүлээсэн онцгой үүрэг,хариуцлагаа бас дахин умартсан үйлдэл боллоо.

Одоо үгээ хэлэх ээлж УИХ-д ирээд байна. Өмнөх гэрээг шүүмжлэлтэй авч хэлэлцээд, байж болох цорын ганц зөв шийдвэрийг гаргаж чадсан шиг энэхүү гэрээг тал бүрээс нь нягтлан үзэж, ойрд ба хожим гарах бодит болон болзошгүй үр дүн,үр дагаврыг нь Оюу толгойн орд хийгээд ерөөс эрдсийн баялгийг зүй зохистой ашиглах, улс орныг оновчтой хөгжүүлэх ерөнхий асуудалтай нягт уялдуулан ажил хэрэгчээр, нийтэд ил тод хэлэлцэн байж учрыг нь олж, хужрыг нь тунгаана гэдэгт бид найдлага тавьж байна.

Гэхдээ бидний эцсийн найдвар иргэд,олон нийт,ард түмний саруул ухаан,эр зориг,эх оронч сэтгэлгээнд оршино. Улс,үндэсний хувь заяаны асуудлыг эцсийн бүлэгт төлөөний байгууллагууд, тэгэх тусмаа цөөн эрх мэдэлтэн бус, харин иргэд, ард түмэн өөрөө хамтын оюун ухаан, үйл хөдлөлөөрөө шийддэг үнэмлэхүй түүхэн үнэнд бид бат итгэж байна. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж баталгажуулсан Үндсэн хуульдаа тулгуурлаж байна.

Үүнийг Иргэн Танд учирлан сануулахын ялдамд Оюу толгойн ордыг ашиглах асуудал болон өргөн баригдсан гэрээний талаар санал бодол, байр сууриа тод томруун илэрхийлж, өөрийн болон үр хүүхэд,ач гуч нарынхаа хувь заяа, ирээдүйтэй шууд холбоотой амин чухал асуудлаа анхааралдаа авч хамтран шийдэлцэхийг уриалж байна. Алгуурлавал асар ихийг алдах аюул нүүрлэлээ.

Оюу толгойн ордыг ашиглах асуудал анхнаасаа мордохын хазгай болж нохойн зам-аар орсныг бид өмнө нь анхааруулан хэлж, байдлыг цаашид дордуулан даамжруулахгүйгээр үндсээр нь засаж сайжруулахыг шаардаж, улс орныг хүнд байдал, эрсдэл,гацаа мухардалд оруулахгүй байхын төлөө зүтгэсэн юм.

Гэвч эрх баригчид бодлого,үйлдэл,эс үйлдлэрээ монголчууд бидний боломж,байр суурийг улам бүр доройтуулан хүчгүйдүүлж, буруу алхам, шийдвэртээ улам ихээр ороогдон барьцаалагдаж, яван явсаар өнөөгийн энэ байдалд хүргэлээ.

Харамсалтай нь, ийм олхиогүй байдал зөвхөн Оюу толгойн ордын асуудалд төдийгүй, эрдэс баялгийн салбарт бүхэлд нь, Монголын нийгэм,эдийн засгийн хөгжлийн ихэнх зангилаа асуудал дээр үүсээд байгаа юм.

Иргэн Та, монголчууд бид энэ бүх заваарсан байдалд зарчмын дүгнэлт хийх цаг болсон байна.

Эс тэгвээс Оюу толгойн орд болон бусад баялгаа өөрийн мэдлээс бүрмөсөн алдаж цөлмүүлээд зогсохгүй, бусдын санхүү-эдийн засгийн дарамт,эрхшээлд лав шигдэн орох, өөрийн үзэл,хүсэл мөрөөдлөөрөө улс орноо залж хөтлөх боломж,бололцоогоо тануулан хязгаарлуулах, цаашид бүр алдах, улмаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлынхаа үндсийг бусниулах аюулд автах нь ээ.

Ийм юманд хүрэх гэж, ийм байдалд орох гэж Цагаан морин жилийн өөрчлөлтийг, 1921 оны ардын хувьсгалыг, 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөнийг монголчууд хийгээгүй нь лавтай.

Энэ бүхнийг хэтрүүлэг хэмээн бүү үзэгтүн. Монголчууд үндэстнийхээ хувьд нэгдмэл нэг хувь тавилантай, оршин тогтнох тун өвөрмөц нөхцөл,онцлогтой, хөгжин дэвжих нэн их боломж,ирээдүйтэй гэдгийг зах зухаас нь мэдэрч ойлгодог хэнбугай ч аливаа томоохон асуудлыг ийм түүхэн хэлхээ холбоонд, ийм учир зүйгээр авч үзэхээс өөр аргагүй байдаг юм. Ингэх шаардлага нь өөрөө Монголын нэгэн онцлог юм.

Одоо өргөн баригдаад буй гэрээг хүлээн авахаас өөр сайн шийдэл,хувилбар байхгүй мэтээр аашилж, мэдээллийн бүх хэрэгсэл, төрийн бүх эрх мэдлийг ашиглан, мөн түр зуурын хямрал,бэрхшээлийг далимдуулан ард иргэдийг төөрөгдүүлэхийг санаархаж байна.

Монголчууд бидэнд зарчмын өөр сонголт хийх боломж бүрнээ бий бөгөөд хийх ч ёстой.

Оюу толгойн ордыг ашиглах асуудлыг гагцхүү өнөөгийн түншүүдтэй холбон явцуурах нь юуны өмнө үндсээрээ буруу юм. Заавал эд нартай хамтрах алба байхгүй. Монголчууд бидний язгуур эрх ашигт ямар ч эргэлзээгүйгээр нийцэж чадахааргүй бол өөр арга зам, хувилбарыг сүвэгчилж сонгох л ёстой. Эзэн нь юмаа мэдэж,эрэг нь усаа хашдаг нийтлэг ёс,зарчим тийм билээ.

Ерөөс Оюу толгойн ордоо түшиглэн үндэсний компаниа байгуулвал зүйтэй. Тэгээд Таван толгойн орд дээр одоо хийж байгаа шиг хэлбэрээр, эсвэл өөр арга замаар дүрмийн сан,хувьцааных нь томоохон хэсгийг (0-49 хувийг) хамгийн тохиромжтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгч хамтран ашиглаж болно. Ийм санааг өмнө нь олон хүн илэрхийлж байсан.

Гэвч эрх баригчид энэ зөв зүйтэй хувилбарыг санаатайгаар орхигдуулан өдийг хүргэчихээд, гаднын компанийн нэгэн явцуу хувилбарыг үг дуугуй хүлээн зөвшөөрсөн үйлдлийг удаа дараа хийчихээд асар их хор,хөнөөлтэй гэрээг монголчуудад одоо хоёрдох удаагаа тулгаж байна.

Зах зээл, нийгэмчлэл гэх нэр томъёоны жинхэнэ утга агуулгыг ч ойлгох оюуны чадваргүй атлаа нийгмийн баялгийг тонож дээрэмдэх шуналтай донтонгууд зах зээлийн зарчим ийм тийм байдаг, бусдын өмчийг булаан авч нийгэмчлэх нь гэх зэргээр хоосон мэдэмхийрэн донгосч, хуульд хүртэл өөрийн атгаг, хортой санаануудыг удаа дараа шургалуулж гажуудуулсаар байгаад өнөөгийн эмгэнэлт үр дүнд хүргэснийг мөн хэлэх хэрэгтэй.

Санхүү,эдийн засагт томоохон хямрал,хүндрэл учрах даруйд олон арван жилийн туршид үглэн шүтэж, бусдад улиглан тулгаж ирсэн зах зээлийн онол,зарчим гэгч нь ихээхэн харьцангуй ойлголт байдгийг, бараг үнэ цэнэгүй зүйл болж хувирдагийг яг одоо барууны гол тулгуур орнуудад банк,санхүүгийн олон байгууллагыг олон таван үггүйгээр төрийн мэдэл,хяналтад авч нийгэмчилж буй баримт,жишээнүүд хөдөлшгүйгээр нотлож байна.

Гэтэл монголчууд бид улс,үндэстнээ авран хамгаалах,хөгжүүлэх, бие даасан байдлаа олох,хадгалж бататгах тухай мөхөх,сэхэх хэмжээний амин чухал асуудлуудаа зохицуулахдаа бусдын хийсвэр номлол,чалчаа яриаг яагаад заавал дагаж мөрдөх ёстой юм бэ? Ийм байдалд хүргэж буй боолын сэтгэлгээнээс юуны түрүүнд салж ангижрах хэрэгтэй байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын үүрэг,ач холбогдлыг бид шинжлэх ухааны үндсээр нь гадарладагийн хувьд хөрөнгө оруулагч түншүүдтэй итгэл үнэмшилтэйгээр нягт хамтран ажиллахын чухлыг мэднэ. Яг ийм учраас Оюу толгойн ордод тодорхой хөрөнгө оруулаад буй компаниудад хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ тэдний хувьд манай эрх баригчдын буруугаас болоод амаргүй нөхцөл,байдал үүссэнд харамсч байна.

Гэхдээ хөрөнгө оруулагч хэнбугай ч нэг зүйлийг маш сайн ойлгож анхаарах хэрэгтэй билээ. Тэр нь юу вэ гэвэл монголчууд үндэсний язгуур эрх ашиг, Үндсэн хуульдаа харшилсан ямар ч гэрээ,хэлэлцээрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, хууль эрх зүйн тийм боломж ч байхгүй гэдгийг мэдэх ёстой юм. Оюу толгойн ордыг хамтран ашиглая гэвэл монголчуудын язгуур эрх ашгаас шууд үүдэлтэй үндсэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх ёстой.

Эрх баригчдын тарьсан нэг гай балаг бол Оюу толгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг зохих бэлтгэл,нөхцөл нь хангагдаагүй байхад хууль,журам зөрчин, дураараа авирлаж олгосон явдал байдаг. Үндсэн хууль, тэрчлэн бусад хууль,журмаа дагаж мөрдвөл эдгээр зөвшөөрлийг цуцлахаас өөр аргагүй. Цуцлахгүй байвал байнга л хууль бус үйлдэл хийж байна гэсэн үг. Ийм л чөтгөрийн гацаанд ард түмнээ ч, гадаадын хөрөнгө оруулагчдыг ч оруулчихаад байгаа юм.

Өргөн баригдсан гэрээ ч баталгаатай хууль эрх зүйн орчинд хийгдээгүй гэж үзэх бүрэн үндэстэй. Энд орд газрын нөөцийг зохих журмаар нь Улсын бүртгэлд аваагүй байгаа, Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр эсэх нь эрх зүйн хувьд эргэлзээтэй хэвээр байгаа, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар олгосон, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулагдаагүй байгаа зэргийг юуны өмнө дурдаж болно. Хууль,тогтоомжоо энэ гэрээнд тохируулан одоо өөрчлөх гэж байгаа нь ч зохистой үйлдэл биш.

Монголчууд Их засаг-аас эхтэй эрхт зүйт төрийн гайхалтай өв,уламжлалтай нь дээр орчин цагийн эрхт зүйт төрийн тухай үзлийг соргогоор тусган авсан улс.

Гэтэл аж ахуйн нэг гэрээ байгуулахын тулд Үндсэн хууль,бусад хууль тогтоомж болон эрхт зүйт төрийн үндсэн (хууль дээдлэх) зарчмаа уландаа гишгэх гээд байгаа нь төрт ёс, хууль зүйгээ дэндүү доромжилсон, ердөө л өөрсдийгөө шившигдүүлсэн хэрэг биш гэж үү.

Энэ нь зарим хүнд огт падлийгүй байдаг байж мэдэх боловч хамгийн гол нь ийм маягаар хийсэн гэрээг бүр анхнаас нь хууль зүйн чадамжгүй болгочихож байгааг мартаж болохгүй.

Өөр нэг асуудал бол эхнээсээ явцгүй гэрээний төслийг бөөн юм болж байж тохиролцоод, дараа нь тэр нь жам ёсоороо бүтэлгүйтэхээр дэлхийн бизнесийн ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэж,унахад хүрч байгаа явдал юм. Энэ бол маш их хөнөөлтэй зүйл.

Одоо ямар байдал үүсээд байна вэ гэвэл, өргөн баригдсан гэрээг батлахгүй бол нэр хүндэд муугаар нөлөөлчих гээд байдаг, батлая гэхээр болдоггүй, олон үеэрээ хохирчих гээд байдаг тун эвгүй ацан шалаанд орчихоод байгаа юм.

Энэ бүх урагшгүй байдал нэг л уг сурвалжтай бөгөөд тэр нь эрх баригчдын алдаатай үйл ажиллагаа юм. Өөрсдийгөө ч, өрөөлийг ч ингэж нуман тулгуурт оруулах шаардлага уул нь ер байхгүй. Аливаа юмыг эхнээс нь ном ёсоор нь хийгээд явбал хугацаа,хүчин чармайлт шаардлагатай ч эцсийн дүнд үр өгөөжтэй байдаг.

Гэтэл бэлтгэл хангагдаагүй байхад хий хоосон яаруулах, давчуу хугацаа тогтоож өөрсдийгөө шахаанд оруулах, бодитой бус хүлээлтийг олон нийтэд үүсгэх зэргээр хэлбэрдэн бантагнаж, эцэст нь авах,батлах аргагүй дутуу дулимаг гэрээг бэлдээд асуудлыг дахин гацаанд оруулчихлаа.

Гэрээнд тусгаснаар бол Оюу толгойн ордыг ашиглах асуудал эхний 30 жилд гаднынхны бүрэн мэдэлд, түүний дараа тэднээс 50 хувь хамааралтай буюу тэдний зөвшөөрөлгүйгээр ямар ч юмыг хийж шийдэж болохооргүй хараат байхаар зохицуулагджээ. Өөрөөр хэлвэл, монголчууд бид өөрийн өмч баялгаа хэзээ ч өөрөө мэдэж захиран зарцуулах эрхгүй байх юм гэнэ.

Зөвхөн энэ заалт гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байх, УИХ-аас буцаахад бүрэн хангалттай. Ийм хөгийн нөхцлөөр өөрийн өмчөө ашигласан нэр зүүж байснаас бүр больсон нь дээр гэж үзэж байна.

Оюу толгойн төслийн өгөөжийн 76 хувийг Монголын тал авна, тийм учраас ашигтай тохиролцоо болчихлоо хэмээн үнэн,худал нь мэдэгдэхгүй хэдэн тоогоор бамбай хийсэн зүйлийг одоо ярьж сурталчилж байна.

Гэтэл Оюу толгой тогтоогдсон гэх нөөц баялгийн хэмжээгээрээ (цаана нь илрүүлж амжаагүй байгаа ямар их баялаг байгааг бүү мэд), мөн стратегийн ач холбогдлоороо Монгол Улсын хувьд хэтэрхий чухал учраас ердийн нэг томоохон ордтой зүйрлэшгүй, иймээс ердийн бизнесийн үзүүлэлт,шалгуураар эцэслэн хэмжиж дүгнэх боломжгүй, аж ахуйн хүрээнээс хол халисан улс төр, аюулгүй байдлын, бүр өсгөж яривал олон улсын харилцааны (түүний дотор геополитикийн) хүчин зүйлүүдийг өөртөө агуулж нэгтгэсэн ийм онцгой баялаг гэдгийг ер хөндөж ярихгүй байгаа юм.

Хүссэн,хүсээгүй ийм бодит байдлын тухай хэлэлцэж байгаа тул бизнесийн ашиг, орлогыг харуулах хэдэн тоо,тоонцроор энэ ордыг ашиглахтай холбоотой асуудлыг яагаад ч бүрэн илэрхийлж шийдэх боломжгүй.

Байдал ийм нарийн төвөгтэй учраас л монголчууд улс,үндэснийхээ хувь заяатай холбоотой энэ орд газраа өөрийн мэдэлд байлгаж ямагт өөрөө бие даан шийдэх боломж,чадвартай байхаас өөр аргагүй байгаа юм.

Эрх чөлөө,бие даасан байдал, аюулгүй байдал зэргийг тоогоор хэмжих боломжгүй, мөнгөөр үнэлэх аргагүй гэдгийг үл хайхран, ашиг орлого гэсэн хэдэн тоо яриад байгаа нь аюултай ба өрөвдөлтэй. Бүхнийг мөнгөөр авч өгч болох мэт, бүхнийг зоосны нүхээр харж болох мэт сэтгэлгээ манай нийгэмд ихээхэн газар авсны гор энэ бололтой.

Хямрал,бэрхшээлийг далимдуулан олон нийт, УИХ-ыг шавдуулан тэвдүүлж, шахаанд оруулж байгаад гэрээг батлуулах гэсэн башир арга ч ажиглагдаж байна. Дотоодын нөөц бололцоогоо дайчлах үүднээс Оюу толгой болон бусад ордоо бушуухан ашиглаж эхлэх хэрэгтэй гэх утга,аястай зүйлийн зэрэгцээ алт,зэсийн үнэ уначихлаа гэх дутуу, бүр худал мэдээг зарим сувгаар тарааж иргэдийн толгойг эргүүлэхийг оролдож байна.

Алтны үнэ огт унаагүй, харин ч бүр өсөж нэг унци нь сүүлийн сард 900-989 ам.долларын хооронд хэлбэлзэв. Зэсийн үнэ дэлхийн цочмог хямралаас болж оргил үеийнхээсээ гэнэт огцом буусан боловч сүүлийн үед эргээд нэмэгдэж нэг тн нь 3500 ам.доллараас даваад байна.

Оюу толгойн ордыг ашиглах Цогцолбор төлөвлөгөөнд тооцооны суурь болгон хөрөнгө оруулагчийн авч байсан тэр төвшнөөс (алт 400 доллар, зэс 2200 доллар) өнөөгийн үнэ илэрхий өндөр байгаа юм.

Ерөөс алт,мөнгө,зэс,нүүрс,газрын тос,хий,уран,төмөр гэх зэрэг бодит баялаг цаашид улам үнэ цэнэд орох ерөнхий хандлага буйг хэлэхгүй байна.

Нөгөөтэйгүүр өнөө,маргаашийн байдлыг үндэслэж шийдвэр гаргавал тун удахгүй алдаагаа ухаараад амаа барив ч гэрээг засаж өөрчлөх боломжгүй байдал үүснэ. Бороо болон бусад ордын гэрээнээс сургамж авах цаг болсон баймаар.

Өмнө нь гаргасан алдаа,эндэгдлээ өөрсдөө засаж залруулан улс оронд учруулсан гай, балгаа бага ч атугай багасгахын оронд миний дараа галав юүлсэн ч яахав гэсэн маягтайгар амин чухал асуудалд хандсаар буй нь улс орны ирээдүйг авслах аюулыг дагуулж байна.

Оюу толгойн ордыг ашиглах асуудлыг энэ удаад ч зөв зүйтэй зохицуулж чадсангүй, ерөөс сэтгэлгээ,арга барилаараа тэгэх чадваргүй болжээ гэдгээ Засгийн Газар, холбогдох албан тушаалтнууд өргөн барьсан гэрээгээрээ нотолчихлоо.

Одоо иргэд дүгнэлт хийж цэг тавивал зохино. УИХ-аас гэрээг буцаавал таарна. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна гэх утгатай ганц өгүүлбэр,үндэслэлээр бүх гэрээ,хэлэлцээг зогсоодог, бүрмөсөн хүчингүй болгодог жишиг дэлхийн олон оронд бий.

Хийвэл зохих дараагийн алхмууд ч тодорхой байна. Үүнд 1.Ард түмэндээ үнэн мөнийг хэлэх, 2.Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах (үүнтэй уялдаатайгаар өнөөгийн түншүүдтэй тохиролцох оролдлогыг дахин хийж болох юм. Гэрээний болзол нь эхний 10-15 жилд 5050, түүний дараагийн тодорхой хугацаанд 51+x49-x гэх зэргээр нарийн тооцоо,судалгаанаас хамааралтай нөхцлүүд байж болох юм.) 3.Өнөөгийн түншүүдтэй тохирч чадахгүй бол үндэсний компаниа байгуулж ажиллуулах, 4.Бэлтгэл хангагдсаны дараа гадаадаас хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах түнш,гүйцэтгэгчийг тодруулах, гэрээ байгуулах гэх мэт арга хэмжээг цэгцтэй ба шуурхай хэрэгжүүлэх.

Эдгээрийг хийж чадахгүй, хүсэхгүй хэнбугай ч улс,үндэснийхээ эрх ашгийг дээдлэн сайн дураар зайгаа тавьж өгвөл зохино.

Иргэн Танаа,

Монгол орон зах зээлийн (капиталист) тогтолцоонд шилжээд 20-иод жилийн нүүр үзэж байна.

Эрх чөлөө, шударга ёс, сайн сайхан амьдралыг хүсэмжлэн мөрөөдсөн манай ард түмний эрмэлзэл,тэмүүлэл,найдвар,найдлага энэ хугацаанд биеллээ олсонгүй.

Ардчилал,хүний эрх хэлбэрийн төдий зүйл болж үнэгүйтэв. Улс төр, эрх зүйн систем улам бүр гажиж гацан үүрэг,зорилгоо биелүүлж чадахаа байв. Байгаль,орчны бохирдол,доройтол,сүйтгэл аюултай хэмжээнд хүрэв. Ёс суртахуун,оюун санааны доройтол аймшигтайгар нэмэгдэв. Эдийн засаг өөрийгөө тэтгэн хөгжих чадвараа ололгүй явсаар хямралд автаж сульдав. Ажилгүйдэл,ядуурал газар авав. Нийгмийн баялгийн хуваарилалт гажуудаж баян,хоосны ялгаа хэрээс хэтрэв. Хүн амын ахуй амьдрал дордож өлөн зэлмүүн, үгээгүй хоосон хүний тоо нэмэгдэв. Ард иргэд, улс орон бүхэлдээ мөнгө,капиталын эрхшээл, дарангуйлалд оров. Хүнд суртал,авилгал,хээл хахууль хорт хавдар мэт тархав. Шийдвэрээ хүлээсэн асуудлууд овоорон хуримтлагдав. Ард түмэн ирээдүйдээ итгэх, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх итгэл, найдвараа алдаж эхлэв.

Монгол орон неолиберализм хэмээх, одоо газар сайгүй бүрмөсөн балран унаж үнэгүйтээд буй барууны туйлширсан үзэл,бодлогын туршилтын талбар, туулай болж хувирсан юм. Улс орон эзэнтэй,эзэнгүй нь мэдэгдэхгүй, өөрийн гэх тууштай чиг бодлогогүй, замбараагүй явж ирэв. Эдгээрийн гор,лай ланчгийг ард түмэн амсаж, зовж зүдэрсээр байна.

Улс орныг удирдаж байсан болон одоо удирдаж буй хүмүүс, бүлэглэлүүд,улс төрийн хүчнүүд энэ бүхний хариуцлагыг хүссэн,хүсээгүй бүрэн хүлээх ёстой.

Эдийн засаг,нийгмийн хөгжлийн онол,практикийн судалгаа, ирээдүйтэй хөгжил-ийн үзэлд тулгуурлан бид Ирээдүйтэй Монгол хэмээх үндэсний хөгжлийн үзэл баримтлал боловсруулахыг зорьж буй бөгөөд тэр нь одоо байгаа бүх үзэл баримтлал, төсөөллөөс нэлээд ялгаатай, бүр альтернатив шинж чанартай байх болно.

Монгол орон, монгол үндэстэн хөгжил, дэвшлийн асар их нөөц боломжтой. Байгалиас заяагдсан, үүх түүхээс өвлөгдсөн хөгжлийн давуу талуудаа монголчууд бид цэгцтэй бодлого, төлөвлөгөөгөөр дамжуулан тууштай ашиглан ажиллуулахын сацуу сул талуудаа оновчтой байдлаар сааруулан багасгах учиртай. Энд ялангуяа үндэсний аж ахуйг харьцангуй бие даасан, бүтээмж өндөртэй систем болгож бүрэлдүүлэн хөгжүүлэх асар төвөгтэй ажил хүлээгдэж буй юм.

Монголын бие даасан хөгжлийн нэг үндэс,баталгаа болсон эрдэс баялгийг Үндсэн хуулийн үзэл санаа,заалтад нийцүүлэн хамгийн зүй зохистой ашиглах асуудал бидний үзэл баримтлалд чухал байр суурь эзлэнэ.

Үндэсний баялгийн томоохон хэсэг болох Оюу толгойн ордоо монголчууд өөрийн мэдэлд байлгаж чадахгүй бол маш түргэн хувьсан өөрчлөгдөж буй орчин цагийн шаардлагад нийцүүлэн энэ баялгийнхаа талаар бие даан шийдвэр гаргах, түүнийг дайчлан ашиглах (маневр хийх) боломжоо алдана. Харийнхнаас хараат болж үндэсний хөгжлийнхөө асуудлыг өөрийн үзэл баримтлал, төсөөллийн дагуу шийдвэрлэх боломжоо ихээхэн хумиулна. Бие даасан хөгжлийн тухай хэдэн арван жилдээ үндсэндээ ярихын хэрэггүй болно. Бусдад ийнхүү барьцаалагдвал дэлхийн гүрнүүдийн хооронд цаашид ширүүсэх төлөвтэй байгаа геополитикийн тэмцэл,тоглоомын золиос ч болж мэднэ.

Эрх мэдэл,боломжоо бусдад сайн дураар шилжүүлэн өгөх гээд, холын аюулыг даллан дуудах мэт балайран зүтгээд байгаа нь түүх давтагдахын цондон л бүү байгаасай. Халхын хэдэн урагшгүй ноён явцуу ашиг сонирхлоо урьтал болгож Манжид сайн дураар дагаар орсны гай, балгыг Монголын ард түмэн 200 жил тарчлан зовж үүрснийг мартсан гэж үү.

Энэ өнцгөөс харвал Оюу толгойн ордыг өөрийн мэдлээс гаргах аливаа гэрээг улс, үндэстнээ хорлон хөнөөх аймшигт гэмт хэрэг, дээд зэргийн террорист үйлдэл хэмээн дүгнэж ч болохоор байгаа юм.

Ард түмнийхээ эрх ашгийн төлөө бус, заримдаа бүр түүний эсрэг ажиллаад байдаг, хийх ёстой мэдээжийн юмыг хүртэл хийдэггүй ямар гээч зорилго,бодолтой удирдлага вэ хэмээн ард иргэд гайхшран асуудаг болоод удаж байна.

Энд нэг л дүгнэлт чухал юм. Юу вэ гэвэл удирдлагын дээд давхаргад олон жилийн туршид ээлжлэн ба хамтран сууж буй тодорхой хүмүүс,бүлэглэлүүд улс,үндэсний тулгамдсан зорилт,асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх чадваргүй, бүр хүсэлгүй болтлоо ялзран доройтжээ. Байгаа байдлыг (статус кво-г) хадгалан хамгаалах ашиг сонирхолд автсан тэд нийгмийн урагшлах хөдөлгөөний чөдөр, дөнгө болон хувирчээ.

Монголчууд эргэлтийн шинж чанартай өөрчлөлт,шинэчлэлийг Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцүүлэн эхлүүлэх цаг болсон байна. Ингэснээр үндэсний сэргэн мандалтын их үйл хэргийг цоо шинэ шатанд гаргах боломжтой болно.

Шинэ арга зам, шинэ арга барилыг сонгох шаардлага хурцаар тавигдаж байна. Иргэд шинэ хүмүүст итгэл хүлээлгэх хэрэгтэй байна.

Жишээ нь, нам,бүлэглэлийн шат дамжлагаар шигшигдсэн улстөрчид өнөөг хүртэлх Засгийн Газруудыг бүрдүүлж ирлээ. Тулгамдсан асуудлуудыг үндэс сууриар нь шийдэх эхлэлийг зөв тавихын оронд нүд хуурч цаг нөхцөөсөөр,учраа олохгүй бантсаар, хөнгөн хуудуу, бүр буруу шийдвэрийг хүртэл олноор гаргасаар өнөөгийн байдалд хүргэлээ. Арга барилаа нэг өөрчилж ихэвчлэн эрдэмтэн,шинжээчдээс бүрдсэн мэргэжилтнүүдийн Засгийн Газрыг ажиллуулж үзэхэд болохгүй гэх газаргүй.

Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэсэн өвөг,дээдсийн мэргэн үг бий. Монголчууд улс орондоо эзэн суух учиртай. Оюутолгойн ордоо өөрийн мэдэлд байлгах ёстой.

Бусдын барьцаа,эрхшээл,дарамтад орж амьдрах уу, эсвэл өөрийн эрх чөлөө, хүсэл мэдлээр оршиж бие даан хөгжин дэвжих үү гэдгийг шийдэх цаг мөч дахин ирсэн байна. Үүний нэгэн учрыг Иргэн Танд бид хичээнгүйлэн сонордууллаа.

Хэрхэхийг Иргэн Таны, монголчууд бидний саруул ухаан,зөн совин,сэтгэл зүрх,чин зориг мэдтүгэй.

Ирээдүйтэй хөгжил зөвлөл

2009 оны 3 дугаар сарын 10.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button