Хорт хавдрыг эмчлэх аргаас

Юуны түрүүнд энэ арга маш энгийн юм. Хорт хавдартай хүмүүс ихэнхдээ нэг хагалгаанаас нөгөө хагалгаа хүртэл амьдардаг гэж хэлж болно. Хэн ч тэдэнд амьд үлдэнэ гэсэн баталгаа өрдөггүй. Тамхи татдаг хүний хорт хавдрыг нь гурвантаа тайрч авсан ч өөр эрүүл эрхтэнд үсэрхийлээд дахиад л гараад ирсэн тохиолдол бишгүй их бий.

Өвчтөний тунгалгын зангилааг тайрч авахад маш нимгэн уутанцарыг нь гэмтээчих гээд байдаг. Хэрэв тэгвэл тухайн тунгалаг дотор байсан хорт хавдрын эс өөр бусад эрүүл эд эсэнд хүрч үсэрхийлэх эрсдэл байдаг хэмээн криоаппликаторын зохион бүтээгч, Омск хотын хавдар судлалын улсын төв эмнэлгийн орлогч дарга Михаил Возлюбленный ярьж байна. Энэхүү бэрхшээлийг хэрхэн давах аргыг Омскийн эмч нар олсон бололтой. Криоаппликатор нь Оросын анагаах ухааны ноу-хау болох нээлт юм.

Өөрсдийн хийсэн нээлтийн талаар омскийн эмч нар их дуулиан дэгдээхгүй байна. Тэд энэ шинэ арга хорт хавдрыг өөрийг нь эмчлэх арга биш боловч, хорт хавдрын мэс заслыг хамаагүй хөнгөвчилж өгөх арга болсон гэж үзэж байна.

Арга гээд сүйд болоод байх юм байхгүй. Хамгийн гол нь дэлхийн аль ч улсын эмнэлэгт үүнийг туршиж үзэж байгаагүйд л хамаг учир байгаа юм. Мэс заслын ширээн дээр 40 жил тасралтгүй тамхи татсан архаг тамхичин хорт хавдраа авахуулах гээд хэвтэж байна гэж бодьё.

Тэр хүний баруун уушгийг тэр чигээр нь тайрна. Ийм хагалгааг хаа сайгүй ингэж хийсээр ирсэн. Харин шинэ аргыг мэддэг болсоноос хойш иймэрхүү хагалгааг Омскод арай өөрөөр хийх болсон.

Уушигны өвчилсөн хэсгийг тайрсаны дараа мэс заслын хамгийн хүнд үе шат үлддэг. Тэр нь хорт хавдрын халдвар авсан тунгалгын зангилаануудыг тайрч хаях явдал. Тэдгээрийг зайлуулахгүй бол хагалгаа хийсний хэрэг гарахгүй гэсэн үг. Саяхныг болтол тунгалгын зангилааг мэс заслын хутгаар огтолж авдаг байсан. Ингэхдээ хүссэн хүсээгүй уутанцарыг нь гэмтээчихнэ (өөрөөр бараг болдоггүй юм чинь). Тэгээд л нөгөө хорт хавдрын эс хажуугийн эрүүл эрхтэн рүү дамжиж орхино доо. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэдэн жилийн дараа хорт хавдар дахиад л гараад ирнэ, тэр үед нь мөн л хагалгаанд орох шаардлагатай болно гэсэн үг. Харин одоо бол тунгалгийг хөлдөөж орхино. Криоаппликатороо шингэн азотонд хийж, -80 хэм хүртэл хөргөнө. Хүйтний яг ийм хэмд хорт хавдрын эсийн бүтэц устдаг. Тунгалгын зангилаа тэрүүхэн хэсэгтээ бөөгнөрч хөлдөөд, мэсний үзүүрт наалдаад ирнэ. Мэс заслын дараагийн үе шат бол тунгалгын зангилааг тайрч авах юм. Энд бараг шууд утгаараа зулгааж тасална (мэдээж хэрэг гэмтээлгүйгээр).

Ийм хөлдөөгч мэсийг зохион бүтээснээр хорт хавдрыг бүрэн эмчилчихгүй боловч анагаах ухаанд томоохон ахиц гарах нь дамжиггүй. Цаашид хэрхэхийг эмч нар одоохондоо бодож олоогүй байна. Эд эрхтэнийг бүхлээр нь хөлдөөж болохгүй. Гэхдээ энэ бол тийм ч их гутраад байх асуудал биш. Эмч нар чухал нээлт нэгэнт хийж чадсан учраас үүнийгээ цаашаа улам хөгжүүлж дэлгэрүүлээд явах нь тодорхой. Энэ нээлтэд ирээдүй бий гэж бид бодож байна. (О.Скабеева)

Эх сурвалж Анагаах арга билиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button