УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Эфиопийг зорилоо

/ОУПХ/-ны 120 дугаар Ассамблейд оролцохоор гэргийн хамт өнөөдөр үдээс хойш Улаанбаатараас мордлоо.

Олон улсын парламентын холбооны 120 жилийн ойтой давхцаж байгаа энэ удаагийн чуулган Улс оронд хямрал тохиолдсон үед парламентаас энх тайван, ардчилал, хөгжил дэвшлийг хангаж ажиллах нь гэсэн ерөнхий сэдвийн дор болж, дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэх юм. Мөн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээг хүчин төгөлдөр болгоход олон улсын парламентын оруулах үүрэг, үгээ чөлөөтэй хэлэх болон мэдээлэл авах эрх зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэсэн гол байгууллага болох ОУПХ нь анх 1889 онд Парис хотноо байгуулагдсан, төв нь Швейцарийн Женев хотод байрладаг. Манай улс 1962 онд тус холбоонд гишүүнээр элссэн байна.

Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Буд, Р.Раш нар багтжээ.

УИХ-ын даргыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон албаны бусад хүн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас үдэж мордуулав.

Эфиоп улс нь Африкийн зүүн хойд буланд оршдог, 1.1 сая ам дөрвөлжин км нутаг дэвсгэр, 78 сая хүн амтай. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний талаас илүү хувийг нь бүрдүүлдэг. Засгийн эрхийг нь дөрвөн намын эвсэл болох Эфиопийн Ардын хувьсгалт ардчилсан фронт барьдаг аж.

Африк тивдээ хамгийн эрт тусгаар тогтнолоо олсон энэ улстай манай улс 1967 онд дипломат харилцаа тогтоожээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button