Ингэлээ гээд биднээс нэг төгрөг ч зарлагадахгүй

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн ням гаригаас мөн оныхоо есдүгээр сарын сүүлчийн ням гариг хүртэл цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж тоолдогсон. Өглөө эртхэн босч ажлаа амжуулахад хүртэл урамтай. Дээр нь яагаа ч үгүй байхад гэртээ ирчихнэ. Орой цагийн өмнө унтаж амарна. Харин одоо бол тиймгүй. Дөрвөн ч жилийн өмнөөс цагийг хөдөлгөхөө больсон. Эрдэмтэд хүний бие хямарч, даралт ихтэй нь харвачих гэж сандаргаад байна хэмээн айлгаж байгаад Засгийн газрыг шахаанд оруулж өөрсдийн талд шийдвэр гаргуулж чадсан. Одоо яая гэхэв. Манайд эрдэмтэн л бол эмч болчихдог юм чинь юу ч гэхэв. Тэр ч байтугай эрдэмтэн хүн малчин Доржийн хоттой хонийг өөрөөс нь илүү судалж мэдсэн байдаг хойно, Засгийн газар тэдний үгийг сонссоны буруу гэж уг нь байхгүй л дээ.
Гэвч одоо бараг үдийн унд болж байхад ажил эхлээд хоол идмээр, хэсэг амсхиймээр цагт ид оволзоно. Ажлын бүтээмж багасч, эрч хүч хаашаа ч юм одчихож. Машинаар бол Мянганы зам-аар хүнд араагаар ээрүүлж давхих шиг л юм болоод байна даа. Ус халж ууршаад, юу юугүй мотор цохичих гээд. Нээрэн, их мэдэгчдийн хэлдгээр цаг урагшлуулахаар бүгдээрээ харвачих гээд байдаг юм уу гэтэл өөр олон улс орон зуны цагийн тоололд шилжсэн хэвээр л байна. Ялангуяа, бидний даган дууриах дуртай АНУ, ОХУ, Англи, ХБНГУ одоог хүртэл цагийн тооллоо шилжүүлсэн хэвээр байна. Эдгээр улс орны эрдэмтэд манай хэдээс ухаан дутуу л гэж байхгүй. Тэгээд ч эд чинь Монголд байтугай дэлхийн хэмжээнд шинжлэх ухааны салбарт тэргүүлэх байр суурьтай нөхдүүд шүү дээ. Дээр нь, одоог хүртэл лав л тэр улсын ард түмэн энэ шалтгаанаар нөгөө ертөнцөд одсон гэж дуулдахгүй л юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн ялангуяа, сэрүүн бүсийн 80 гаруй оронд зуны цагийн тооллыг мөрдөж байна. Гэтэл Монголд байдаггүй. Монгол хүн хүн биш юм шиг л санагдана. Түүх сөхвөл бид аль 1960-аад онд бүгд нэгэн зэрэг ханын болон бугуйн цагийнхаа зүүг түлхэж байжээ. Түүний дараа, 1999 онд энэ зарчмыг болиулж, удаа ч үгүй 2001 онд зуны цагийн тооллыг дахиж мөрдөж эхэлсэн байдаг. Засгийн газар үүнээс хойш дөрвөн жилийн дараа, 2005 онд цаг урагшлуулах шийдвэрээ хүчингүй болгосон юм байна. Түүх давтагддаг гэдэг нь үнэн бол одоо цагаа урагшлуулах болсон юм биш үү.
Цаг урагшилснаар, тодорхой хэлбэл зуны цагийн тооллыг сэргээснээр бидэнд ямар ач тустай вэ. Нэгдүгээрт, ажлын бүтээмж сайжирна. Хоёрдугаарт, хэнд маань ч чөлөөт цаг ахиу гарна. Энэ цагт бүгдээрээ үр хүүхэдтэйгээ салхинд алхаж, бие биедээ анхаарал халамж тавьж элбэг чадна. Хамгийн гол нь эдийн засгийн өгүүлшгүй хэмнэлт авчирна. Ямар ч зардалгүйгээр шүү дээ. Тэртэй тэргүй өнөөдрийн хямралтай үед сайхан сонсогдоод байгаа юм даа. Цагийн тооллыг урагшлуулснаар, хар ухаанаар орой цагийн өмнө гэрэл унтарч, телевизээ салгана. Албан ёсны баримтаар бол бид 1986-2005 он хүртэл жил бүр дунджаар 13.0 сая кВт, харин нийт дүнгээрээ 130 сая кВт цахилгаан энерги хэмнэжээ.
Тооцоо хийсэн жил | Тооцоогоор гарсан хэмнэлт | Тооцоо хийсэн байгууллага |
1983 | 6.5 сая кВт | ЭХУҮҮГеологийн яам |
1984 | 7 сая кВт | ЭХУҮҮГеологийн яам |
1985 | 8.6 сая кВт | ЭХУҮҮГеологийн яам |
1988 | 13 сая кВт | ЭХУҮҮГеологийн яам |
1989 | 14.3 сая кВт | ЭХУҮҮГеологийн яам |
1998 | 23 сая кВт | ДБХЯам |
1999 | 24.5 сая кВт | ЭХГУУЯам |
Тэгэхээр цаг урагшилбал цахилгаан хэмнэх нь. Нөгөөтэйгүүр энэ нь байгаль орчинд өгүүлшгүй эерэг нөлөө авчирна гэнэ. Дэлхий даяар дулаарч, Хойд мөсөн далай хайлж, хүн төрөлхтөн ундны усны гачаалд орж магадгүй болсны нэг балаг нь чухам л нийтээрээ цахилгаан, эрчим хүч их хэрэглэдэг болсон, телевиз үзэж, өдрийн гэрэл асааж, индүү залгадаг болсны уршиг гэх. Тэгвэл гэрлээ эртхэн унтраавал тав арван төгрөг хэмнээд зогсохгүй, улам бүр доройтсоор байгаа эх байгалиа хамгаалах нэгэн буянтай үйлс болох биш үү. Ингэлээ гээд биднээс нэг төгрөгийн ч зардал гарахгүй. Зүгээр л зарлаад, цагийн зүүгээ түлхэхэд л гүйцээ. Яс юманд бодох зүйл бишгүй бий. Цагийн тооллыг шилжүүлж эс болдог юм гэхэд улиралдаа зохицуулан ажил үйлчилгээний хуваарийг өөрчилж болох юм. Тухайлбал, зуны улиралд ажил эхлэх цаг 09 биш 07 үгүйдээ гэхэд 08 байсан ч яадаг юм. Үдээс хойш 18 биш эрт тарна л биз. Тэгээд ч цэцэрлэгийн хүүхдүүд 16.30 цагт тардаг. Харин эцэг эхийнх нь ажил 18 цагаас наашгүй. Та хүүхдээ цэцэрлэгээс нь авахын тулд ажлын цагаасаа дор хаяж нэг цагийг хумслахаас аргагүй. Ямар хүүхдээ тэнд нь ганцааранг нь үлдээлтэй биш. Үлдээлээ гэхэд цэцэрлэг мөнгө нэхэх байлгүй. Өдөрт нэг цаг гээд бодвол cap, жилд ажлынхаа цагаас хэдийг хийдүүлэх нь тодорхой. Харин өглөөний сэрүүнд, толгой сэргэлэн дээр хэн хүнгүй ажлаа амжуулаад, хүүхдээ ч цэцэрлэгээс нь цагтаа багтаад авчихвал болох юм биш үү. Зуны нар хөөрч, халуу шатсан үед ажил эхлэх нэг л базаахгүй. Хэн хүнгүй хойргошиж, залхдаггүй гэж үү.
Монголчууд эртэч ард түмэн. Эрт босвол нэгийг үзнэ ч гэдэг. Цагийн өмнө босч, цагийн өмнө ажлаа амжуулж, цагийн өмнө үр хүүхдийнхээ хичээлийг давтуулж, цагийн өмнө амарч байвал хувь бодгальдаа ч тустай. Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн энэ сэдвээр асуудал дэвшүүлж эхэллээ. Шаардлага байгаа болоод тэр биз дээ. Сэтгэл санаагаараа хямарсан монголчууд эдийн засгийн хувьд хэмнэлт гаргаад үзвэл юу нь болохгүй гэж. Бидэнтэй адил сэдвээр бичдэг Бизнес таймс сониныхон сүүлийн дугаартаа мөн л энэ асуудлыг хөнджээ. Зөв шүү. Хөндөх ёстой л асуудлын нэг. Бид ч дэмжиж байна. Мөнгийг олох амаргүй. Зовж олсон мөнгөө гарын салаагаар урегаж яахан болох билээ. Хэмнэцгээе л дээ. 10 жилийн сурагчид өвөл, зунгүй л өглөө 08 цагт эхлэх хичээлдээ 07 цаг өнгөрөөд гардаг. Болж л байна. Тэдний бие хямардаг тухай асуудал өнөөг хүртэл гараагүй байна. Малчид ч ялгаагүй. Орой нар жаргуут унтаж, ургахын улаан нартай зэрэгцэн босч хамаг ажлаа амжуулдаг. Өглөөний 05-06 цагт шүү дээ. Тэд бие хямарч байна, био хэмнэл алдагдлаа гэж ярьдагсан бил үү. Хэрэв хэн нэгэн яриад эхэлвэл инээд нь хүрэх байлгүй.
Хэмнэлт гаргая, үргүй зардлаа таслан зогсооё гэж байгаа л юм бол даруйхан цагаа урагшлуулмаар байна. Цаг бол алт гэж ярьдаг хэрнээ тодорхой хийсэн, шийдвэрлэсэн зүйлгүй хямраад л суугаад байх уу. Мөнгөөр хэмжигдэх тэр л цагаа, нараа, гэрлээ ашиглая л даа. Дэмжээч.
ӨНДӨР НАСТАН Г.ДАРАМ АЖЛЫН ЦАГ ЭХЛЭХЭЭС 2-3 ЦАГИЙН ӨМНӨ СЭРДЭГ ИРГЭД ОЛОН БИЙ ШҮҮ ДЭЭ
Сүүлийн үед иргэд хямрал гэж яриад хямраад л байх юм. Өөрт оногдсон ажлаа л сайн хийж байвал хувь хүндээ ч улсдаа ч тустай сан. Гэтэл хийхээсээ ярих нь их болоо юу даа. Одоогийн залуус орой унтахаа байж. Өглөө сэрнэ гэж үгүй. Уул нь ажлаа эртхэн эхлээд оройдоо эртхэн ажлаасаа тараад хувийн ажлаа амжуулдаг бол ч. Бидний үед ажил өглөө 08 цагт эхэлдэг. Ажлаасаа хоцрохгүйн тулд гэрээсээ долоо өнгөрөөж гарна. Лекц, дугуйланд сууна. Завгүй мэт харагдах боловч арын ажлаа хялбархаан амжуулдаг байж шүү дээ. Цагийг нэг цагаар урагшуулах нь зөв. Ганц цагийн эрт бослоо гээд биед ямар л өөрчлөлт гарав гэж. Ажлын цаг, эхлэхээс 2-3 цагийн өмнө сэрдэг иргэд олон бий шүү дээ. Эсэргүүцэж буй хүмүүсийг ажиглаад байгаарай. Салан задгай талдаа л хүмүүс байх вий.
ТИС-ИЙН 1-Р ДАМЖААНЫ ОЮУТАН Э.БОЛОР ЭЭЖ, ААВЫН АЖИЛ ЭРТ ЭХЛЭЖ, ТАРДАГ БОЛ САЙН САН
Саяхан энэ тухай нэг сониноос уншсан юм байна. Оюутан бид чинь угийн л эрт босдог. Оройдоо ээж, аавынхаа ажлыг тарахыг хүлээсээр 20 цаг болгох нь энүүхэнд. Ажлаа тараад хүнсээ цуглуулна, унаанд сууна. Ээж, аавын ажил эрт эхлэж, эрт тардаг бол сайн сан. Ядаж л ядрахгүй шүү дээ.
БЗД-ИЙН ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛТАН ЦЭРЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨХ ЦАХИЛГААНЫ ҮНЭ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР БУУРНА
-Иргэдийн амьдрал хэцүү байна. Энэ нь цахилгааныхаа үнийг хэрхэн төлж буйгаас харагдаж байна. Гэрт нь ажил хийдэг хүн ховор, дээр нь цахилгааны үнэ өндөр болохоор хүндхэн байна. Хэрэв зээ зуны цаг тоололд шилжэх нь зөв үү гэдэг дээр санал хураавал зөв л гэж хэлнэ. Улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед хэмнэлт болохоос илүү лав зардал гарахгүй. Ядаж л хэрэглэгчийн төлөх цахилгааны үнэ тодорхой хувиар буурна биз дээ.
Э.Соёл-Эрдэнэ
Дугаар 13/311/