Хуулийн байгууллага хууль зөрчих нь хэрээс хэтэрлээ

Тус банкны гүйцэтгэх захирал А.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нарын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

Банкны удирдлагууд ямар ч байсан тэсцгээж байна

-Анод-ын удирдлагуудыг батлан даалтад гаргах нь юу болж байна вэ?

-Тэднийг батлан даалтад гаргах гэж хөөцөлдөөд л явж байна. Бүтэн дөрвөн cap явлаа. Яагаад батлан даалтад гаргахгүй байгааг ойлгохгүй юм.

-Цагдаагийнхан батлан даалтад гаргахгүй байгаа шалтгаанаа тэднийг гарч ирээд хэрэгт холбоотой баримтуудаа устгачихна гэж болгоомжилсон гэсэн л дээ?

-Үнэхээр өрөвдөлтэй хариулт. Банкны удирдлагууд гарч ирээд баримтуудаа өөрийн дур зоргоор өөрчлөх ямар ч боломжгүй шүү дээ. Ямар ч банкны санхүүгийн баримтыг өөрчлөх боломжгүй. Дээрээс нь Монголбанкнаас банкны архив, компьютер, баримт зэрэгт хатуу хяналт тогтоосон байгаа. Байцаагч нарынх нь Та нар энэ баримтыг банкнаас олж үзээрэй гэсэн баримтыг бид олж авах гэж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл тэр хүмүүс гарч ирээд энэ бүхнийг өөрчилнө гэдэг ямар ч боломжгүй.

-Та Анод банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Яагаад?

-Хуулийн зүйл хэсгийг зөвшөөрсөн ч, зөвшөөрөөгүй ч, тухайн хүний үйлдсэн хэрэгт тохирохгүй байсан ч шийддэг моод дэлгэрчихээд байгаа. Уг нь үнэхээр сэжигтэн, яллагдагчид сонсгож байгаа хуулийн зүйл ангийг мөрдөн байцаалтын шатанд Үндэслэлгүй байна гэж өмгөөлөгч хүсэлт гаргахад хэргийг шалгах явцад хэрэгсэхгүй болгох тухай хуульд заасан байгаа. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхгүй байна.

-Таны үйлчлүүлэгчдийн биеийн байдал тааруухан байгаа сурагтай. Уулзаж байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Цагдан хорьсноос хойш дөрвөн cap өнгөрлөө. Тэр тусмаа Даваа гуайн хувьд эрүүл мэнд нь тааруу, нөгөө хоёроосоо илүү хүнд нөхцөлд хоригдож байгаа. Тэрийгээ хүмүүс ижил нөхцөлд л хоригдох ёстой гэж тайлбарлаж байна. Иргэний хувьд адил байж болох ч тухайн хүний эрүүл мэнд, нас зэргийг харгалзаад батлан даалтад гаргаж болно шүү дээ.

-Э.Гүр-Аранзын дүүг бас банкны хэрэгт холбогдуулан хорьсон байгаа?

-Тийм ээ. Гэхдээ Цэрэндаш Гүр-Аранз захирлын төрсөн дүү болохоос бусадтайгаа л адилхан зээлдэгч. Зээл байлаа гэхэд эрүүгийн биш иргэний хэрэг баймаар юм. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна.

Хүмүүс өөрсдөө Би хохирогч болчихлоо гэж гомдол гаргах байтал…

-Санхүүгийн шинжээчийн дүгнэлт гарсан уу?

-Шинжээч нар дүгнэлтээ гаргаад УМБГ-т ирүүлсэн сурагтай. Одоохондоо танилцаж амжаагүй. Байцаагч нар ч танилцаагүй байгаа гэсэн. Санхүүгийн баримтад шинжилгээ хийх шинжээчдийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

-Яагаад?

-Энэ хэргийн хувьд гомдол гаргагч нь Монголбанк хэрнээ шинжээч нарыг ч тэндээс томилсон байгаа юм. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байгаа. Бид энэ талаар хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Тэгэхээр тэдний дүгнэлт чухам юу гэж гарсныг мэдэхгүй байна.

-Анод банкнаас 55.3 сая ам.доллар дутсан. Энэ мөнгийг удирдлагууд нь сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан. Тэр ч бүү хэл, долдугаар сарын 1-ний үймээнийг санхүүжүүлсэн гэсэн мэдээлэл гарсан?

-Долдугаар сарын 1-ний үйл явдал болон сонгуулийн сурталчилгаагаа санхүүжүүлсэн гэдэгт би санал нийлэхгүй. Энэ нь тэртэй тэргүй тогтоогдохгүй гэдэг нь ойлгомжтой. Ямар тэнэг хүмүүс банкны хөрөнгөөр ийм санхүүжилт хийж явах вэ. Хэрэв тэгсэн бол үүнтэй холбоотой дахиад нэг зүйл заалт гарч ирэх байсан. 55.3 тэрбум төгрөгийг ч захирлууд өөрсдөө завшсан гэж бодохгүй байна. Би Анод-д захирлуудын удирдлага дор хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэд бусдын хөрөнгө завшихаар хүмүүс биш.

-Анод банкны үйл ажиллагаа доголдож, Монголбанк хяналтдаа авсныг төр хувьцаа эзэмшигчдийн мөнгө рүү халдлаа гэж ярих нэгэн ч байна.

-Анод бусад арилжааны банктай адилтгах аргагүй. Энэ банкны хөрөнгийн 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийнх, 51 хувь нь хувь нийлүүлэгчдийх байсан. Хувьцаа эзэмшигчидтэй ямар нэг яриа хэлцэл хийхгүйгээр, тэдэнд мэдэгдэхгүйгээр төр шууд хөрөнгө рүү нь халдаж байгаа нь их сонирхол татаж байгаа юм. Гэтэл өдий хүртэл хувьцаа эзэмшигчдийг дуугүй байгаад нь гайхаж байна. Хэрэв гадаад оронд хувьцаа эзэмшигчийн хөрөнгө рүү төр нь ингэж халдах юм бол эсэргүүцэнэ. Энэ бол манайд хувьцаа эзэмшигчид өөрсдийн хөрөнгөө хамгаалдаг, хувьцаандаа хяналт тавьдаг систөм жинхэнэ утгаар байхгүйн илрэл.

-Гэтэл цагдаагийнхан хувьцаа эзэмшигчдийг удирдлагуудын эсрэг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор татсан байгаа шүү дээ?

-Хувьцаа эзэмшигчдийг Та хохирогч шүү дээ гэж өөрсдөд нь ухуулж нэхэмжлэгч, хохирогчоор татаж байгаа сураг байна. Бидэнд тодорхой баримт байна. Цаг нь болохоор гаргаж ирнэ. Уг нь, тэр хүмүүс Би хохирчихлоо гэж өөрсдөө гомдол гаргаж очих ёстой байсан. Гэтэл мөрдөн байцаах байгууллага Та хохирогч байна. Хүрээд ир. Гомдол гаргаж өгөөрэй гэж хэлж болохгүй шүү дээ. Үнэхээр хуулийн байгууллага өөрөө хуулиа зөрчиж, хууль бусаар ажилладаг байдал хэрээс хэтэрлээ. Хэн нэгэн хүн гомдол гаргаагүй байхад гомдол гарга гэж ятгах, хэргийг мөрдөн шалгахдаа хохирогч хиймэл-ээр бий болгоно. Хэрэг үйлдсэн хүнд ял завшуулах, хэн нэгний үйлдсэн хэргийг эзэн холбогдогч олдохгүй болохоор өөр олон үйлдэлтэй хүнд хүчээр хүлээлгэх зэрэг хууль бус үйлдэл газар авсан. Хуулийн байгууллагыг системээр нь өөрчлөхгүй бол энэ байдал ужигран даамжирч хэн нэгэн хүнийг буруутгах сонирхол бүхий хүмүүс юуг ч хамаагүй хийж, бусдыг хэлмэгдүүлэн эрх, эрх чөлөөнд халдах явдал газар авчихаад байна. Анод-ыг 55.3 тэрбум төгрөгийн алдагдлаас гаргах бололлжтой байсан

-Чанаргүй зээл их хэмжээгээр гаргасан учраас банкны үйл ажиллагаа доголдоход хүрсэн гэж Монголбанк тайлбарлаж байсан?

-Банкны өөрийн үндсэн үйл ажиллагаа нь зээл гаргаж, хадгаламж татах. Хамгийн гол нь, зээлээ дүрэм журмынхаа дагуу л гаргах ёстой. Банк зээл олгож байж л ашиг олдог байгууллага. Их хэмжээний зээл гаргасныг буруутгаж байгаа нь ч сонин байна.

-Яагаад сонин байна гэж?

-Банкинд эрсдлийн сан гэж байна. Чанаргүй зээл дээр хэрхэн ажиллах тухай банкны дүрэм журам хүртэл байдаг юм. Монголбанкнаас гаргасан Актив ангилах журам гэж бий. Энэ журамд есөн сараас дээшх зээл бол чанаргүй муу зээлд ордог. Өөрөөр хэлбэл, төлөлгүй есөн сараас дээш хугацаа өнгөрсөн зээлийг хуулийн байгууллагад шилжүүлдэг. Гэтэл аль ч банк энэ журмыг дагаж мөрддөггүй. Монголбанк ч жил болгон банкуудад шалгалт хийдэг. Анод-д ч ялгаагүй. Үнэхээр олон жил чанаргүй зээл өгөөд, үндсэн хөрөнгөгүй болсон гэж байгаа юм бол энэ шалгалтуудын хаагуур нь өнгөрч байсан юм бэ. Гэтэл одоо яагаад Анод-ын байгуулагдсанаас нь хойшхи бүх зүйлийг шалгаж байгаа юм бэ. Монголбанкинд ч бас хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Ийм байдалд хүртэл нь юу хийж байсан юм, тийм биз дээ Үүний цаана улс төрийн зорилго байна гэж хардах ч үндэслэлтэй. Тухайн үед Анод-ын активын алдагдлыг 55.3 тэрбум гэж тооцож байгаа ч 55.3 байтугай 150, 200 тэрбумын алдагдалтай банк зөндөө байсан. Үүнээс яагаад Анод-ыг сонгох болсон нь ч учиртай байх. Тэгээд ч Монголбанк ингэж асуудал үүсгээгүй бол удирдлагууд 55.3 тэрбум төгрөгийн алдагдлаас гаргах боломжтой байсан.

-Анод-д олон улсын аудитын байгууллагын шалгалт орсон. Ингэж хөндлөнгийн байгууллагаар хянуулж байгаад та ямар бодолтой байна вэ?

-Гадаадын хөндлөнгийн байгууллага оруулсанд харин ч баярлаж байна. Эрхбиш энэ хүмүүс өмнөхөөс өөр дүгнэлт гаргах байлгүй гэж найдаж байгаа. Нөгөөтэйгүүр Монгол банк өөрсдийгөө хамгаалахын тулд оруулсан байхыг ч үгүйсгэхгүй. Мөн хөрөнгө оруулалт хийх гэж ингэсэн ч байж мэднэ.

Б.Алтан

Дугаар 069/648/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button