Парламент анхны хавраа угтлаа

Эх орны хишиг, мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлээд хойшлуулсан Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Төрийн тэргүүний санаачилсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд бичигдэж байна. Дараа нь Өрсөлдөөний тухай хуулийн төсөл, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дээрх төслүүдийг энэ долоо хоногт Байнгын хороодоор хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар хөдөө орон нутагт ажилласан. Гишүүд тойрогтоо ажиллахдаа УИХ-аар баталсан хууль, тогтоомжийг танилцуулах, хэрэгжилттэй нь танилцахаас гадна иргэдийн уламжилсан санал бодлыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дамжуулжээ. Иргэдийн хүсэлт, санал бодолд тулгуурлан хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн дарааллыг баталсан тухайгаа Д.Дэмбэрэл дарга чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцлов. Эдийн засгийн хямрал парламентын анхааралд байнга байж, шаардлага гарвал дараалал харгалзахгүй, цаг алдалгүйгээр хэлэлцэн шийдэж байхыг спикер хэллээ. Хаврын чуулганы үргэлжлэх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгууль болно.

Төрийн тэргүүнээ бүх ард түмнээрээ сонгох нь улс төрийн онцгой үйл явдал учир хуулийн хүрээнд шударга зохион байгуулах бүх шатны сонгуулийн байгууллага, албан тушаалтан онцгой анхаарах шаардлагатайг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сануулав. Тэрээр сонгуульд иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн өндөр соёлтой, нийгмийн идэвхтэй оролцохыг уриалав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Тэрээр төрийн чадавхи сул байгааг шүүмжилж хүчтэй төрийн төлөө УИХ-ын гишүүд нэгдэж ажиллахыг захилаа. Эдийн засгийн хямралтай, иргэдийн амьдрал тарчигхан ийм үед нийгмийн халамжийг бууруулах шаардлагагүй гэж Төрийн тэргүүн үзэж байна. Тэрээр УИХ-ын бодлого, үйл ажиллагаанд ийм чиглэл өгснөөс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ч хэлсэн үгэндээ дурдсан. Өнгөрсөн сонгуулиудын алдаа дутагдлаас сургамж авч шударга сонгууль явуулах, сурталчилгааны үеэр улс төр болоод төрийн байгууллага, иргэд ажил цалгардуулж болохгүйг сануулсан юм.

УИХ-ЫН ДАРГА ЭТИОПИЙГ ЗОРИВ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 6-12-нд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Аддис Абаба хотод зохиогдох Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны 120 дугаар Ассамблейд оролцохоор гэргийн хамт өчигдөр үдээс хойш Улаанбаатараас мордлоо. Олон улсын парламентын холбооны 120 жилийн ойтой давхцаж байгаа энэ удаагийн чуулган Улс оронд хямрал тохиолдсон үед парламентаас энх тайван, ардчилал, хөгжил дэвшлийг хангаж ажиллах нь гэсэн ерөнхий сэдвийн дор болж, дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэх юм. Мөн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээг хүчин төгөлдөр болгоход олон улсын парламентын оруулах үүрэг, үгээ чөлөөтэй хэлэх болон мэдээлэл авах эрх зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэсэн гол байгууллага болох ОУПХ нь анх 1889 онд Парис хотноо байгуулагдсан, төв нь Швейцарийн Женев хотод байрладаг. Манай улс 1962 онд тус холбоонд гишүүнээр элссэн байна. Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Буд, Р.Раш нар багтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

АН-ЫН БҮЛЭГ ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГАСАНГҮЙ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль, тогтоомжийг хэлэлцжээ. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгч Н.Энхбаярын хориг, Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар сарын 11-ний өдрийн 02 тоот дүгнэлтийг хэлэлцээд ажлын хэсэг байгуулсан байна. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн дүгнэлт юм. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцжээ. АН-ын бүлэг хэлэлцсэн асуудлуудынхаа талаар тодорхой шийдвэр гаргасангүй дахин хэлэлцэхээр боллоо.

М.Ганаа

Дугаар 78/3150/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button