Дорнод аймгаас мэдээлж байна

Аймгийн хэмжээнд Татварын албаны улсын бүртгэлийн хөдөлгөөний мэдээгээр 2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 852 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас аж ахуйн нэгж, байгууллага нийт 650, төсөвт байгууллага 136, салбар 66 байна.

Тайлан нэгтгэгдэх 650 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгдэж үүнээс үйл ажиллагааны байдлаар тусгаарлагдсан байгууллага 39, санхүүгийн тайлан тэнцэл гаргавал зохих 611 аж ахуйн нэгж, байгууллага байна.

Үүнээс 158 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулаагүй, 453 байгууллага тайлан тэнцлээ гаргахаас 409 байгууллага тайлан тэнцэл гаргасны 93.6 хувь нь хуулийн хугацаанд, 6.4 хувь нь хугацаа хоцроосон байна.

Тайлан тэнцэл хүлээн авалт 90.3 хувьтай гарлаа.

Тайлангийн нэгтгэлийг санхүүгийн тайлангийн нэгтгэл, шинжилгээний Merge balance программд шивж нэгтгэлээ.

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар уулзалт зохион байгуулагдав.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Тус хэлтэст улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын магадлагч эмч ажиллаж байгаатай давхцуулан хийж, холбогдох байгууллага, ажилтнууд оролцсоноороо илүү онцлогтой ажил хэрэгч уулзалт ярилцлага боллоо. Аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, нарийн мэргэжлийн болон өрхийн эмч, сувилагч нар оролцож, энэ талаар явуулж байгаа өнөөгийн үйл ажиллагаа, түүнд оршиж байгаа алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа гэж хэлдэг. Манай аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоогоороо улсад хоёрдугаарт явдаг, нөгөө талаар, сүүлийн жилүүдэд иргэдийн дунд өрхийн орлого болгох үүднээс бидний хэлж заншсанаар групп тогтоолгох сэтгэл зүйн хандлага түгээмэл болж байгаад холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан, хяналттай ажиллах шаардлагатай болжээ.

Тус аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар 2008 онд 4144 иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон байдаг бөгөөд сүүлийн 5 жилийн хувьд дунджаар жил тутам 200 гаруй хүнээр нэмэгдсэн байдаг бөгөөд энэ нь улсын дунджаас 1.7 дахин өндөр байна.

Орчны эрүүл ахуйг сайжруулахад хүүхдийн оролцоо их.

Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа Орчны эрүүл ахуйг сайжруулахад хүүхдийн оролцоог хангах нь загвар төслийг Ховдын Булган сум, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, манай аймгийн төвийн 1 дүгээр баг, ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд жил гаруйн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, туршлага солилцох уулзалт Багануур дүүрэгт энэ оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэхүү туршлага солилцох уулзалтад, хөтөлбөрийн зохицуулагч, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Дамдинцоо, Хүүхдийн төлөө хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Гантуяа, энэхүү төслийн нэгж Хэрлэн сумын ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал Л.Нарандаваа, мөн сургуулийн суралцагч Д.Саранхүү нар оролцлоо.

Манай аймгийн хувьд 11 дүгээр сургуульд орчны эрүүл ахуй, ариун цэврийн талаарх сургалтыг зөвхөн хүүхдүүдийн хүрээнд гэлгүй тэдний өрх, гэр бүл, эцэг эх рүү хандсан сургалтыг үе шаттай явуулж, мэдний мэдлэгийг дээшлүүлэхээс гадна мөн дадал, хандлагыг өөрчлөх, эерэгээр хэвшүүлэхэд орчин нөхцлийг сайжруулахад дэмжлэг болгох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн орчны эрүүл ахуйн хөтөлбөрөөр дамжуулан Японы элчин сайдын яамны Өвсний үндэс хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Ариун цэврийн байгууламж-тай болсон нь бусад аймаг, дүүрэгт загвар туршлага боллоо. Учир нь энэхүү байгууламжийг стандартын дагуу барьж байгуулахад эхнээс нь хөтөлбөрийн газраас мэргэжлийн мэргэжилтний зөвлөгөө дэмжлэгийг авснаар эрэгтэй эмэгтэй 4 шүршүүр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, 6 настай суралцагсдын, дунд, ахлах ангийнхний, багш нарын гэхчилэн ариун цэврийн өрөөнүүдийг тусгайлан стандартын дагуу хийлгэсэн болно. Уг уулзалтад оролцогч хүүхдүүдээс орчны эрүүл ахуйг сайжруулахад иргэн бүрийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх талаар шийдвэр гаргагчид, эцэг эхчүүд, үе тэнгийхэндээ хандаж уриалга гаргалаа.

Төрийн захираа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнгөнтуул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button