Х.НАРАНЖАРГАЛ Мэдээлэл сайтай иргэн хүчирхэг байж чадна

Энэ хуулийн тухай болон мэдээлэл, мэдлэг, хараат бус сэтгүүл зүй зэрэг сэдвээр тус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.

Тэрээр Монгол телевизэд сурвалжлагч, редактораар 15 жил ажилласан. Дараа нь Дани улсаас санхүүжүүлсэн Монгол дахь чөлөөт хэвлэл төслийг хэрэгжүүлж, Чөлөөт хэвлэл сонины хэвлэх үйлдвэрийн дарга, МЧАСЭ-ийн тэргүүлэгчээр сонгогдон, Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх, сэтгүүлчдийг сургах, эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдийг хамгаалах зэрэг чиглэлээр ажиллаж ирсэн юм.

– Хэвлэлийн эрх чөлөөг Монголд хөгжүүлэх зорилгоор ТББ байгуулсан уу?

-1998 онд Олон улсын сэтгүүлчдийн холбооны зөвлөлдөх хороонд сонгогдоод тэдний үйл ажиллагаанд оролцож явахдаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хандлага, зарчим, үзэл баримтлал нь ямар байна, чөлөөт, хараат сэтгүүл зүй гэж юу юм, сэтгүүлчийн эрх нь хэрхэн зөрчигдөж байна гэдэг талаар мэдээлэл, мэдлэгтэй болсон. Тэгээд Монголд дөнгөж бойжиж байгаа чөлөөт хэвлэлийг цаашид хөгжүүлэх, сэтгүүлчдийг сургах хэрэгцээ, түүнчлэн 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар байхгүй болсон ч хэвлэл мэдээлэлд цензур төрөл бүрийн хэлбэрээрээ байдаг, сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа зэргийг хараад хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхэд нэлээд зүйл хийх хэрэгтэй юм гэж бодсон. Ингээд Глоб интернэшнл төрийн бус байгууллагыг байгуулж ажиллаад 10 жил болж байна. Манай байгуул-лагын эрхэм зорилго бол мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээн дэлгэрүүлснээр Монголын ардчилалд хувь нэмэр оруулах явдал юм. Харин манай гол үзэл баримтлал мэдээлэлтэй иргэд төрийн хэрэгт шууд оролцож чадна гэж байгаа. Манайх Үндсэн хуулиндаа төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан. Тэгээд ч иргэд өөрсдийн сонгосон төлөөллөөр дамжуулан төрийн хэрэгт шууд оролцож байна. Энэ шууд оролцооны эрх нь гурван зүйлээр дамжиж илэрдэг юм байна.

Нэгдүгээрт төлөөлөлтэй байх эрх. Энэ нь сонгох сонгогдох эрх юм. Дараагийнх нь үйлдэл хийх эрх. Энэ нь өөрийг нь төлөөлөн сонгогдсон төрийн ажилтан зөв шийдвэр гаргаж байгаа эсэхийг хянах, буруу шийдвэр гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан бол эсэргүүцэх хэлбэрийг хэлж байгаа юм. Манайх Үндсэн хуулиндаа тайван жагсаал, цуглаан хийж болно гэж заасан боловч харамсалтай нь манайхан үйлдэл хийх эрхээ эдлэхдээ эсэргүүцлийн өлсгөлөн зарлах, зулын гол болох зэрэг хурц хэлбэрийг сонгож байна. Үйлдэл хийх өөр аргуудад суралцаагүй байна. Гурав дахь нь мэдэх эрх юм. Мэдэх эрх нь дотроо мэдээллийг хайх, хүлээн авах, түгээх гэсэн бүлэг эрх байна. Хүн мэдээлэл байхгүй бол төлөөллөө зөв сонгож чадахгүй, ямар хууль хэрхэн гарч байна, тэр нь өөрийнх нь эрх ашигт нийцэж байна уу гэх зэргийг мэдэж чадахгүй.

Төрийн багууллагуудад байгаа албан тушаалтнууд ямар шийдвэр гаргаж байна гэдгийг мэдэхгүй. Харин мэдээлэл сайтай байх юм бол сонголтоо сайн хийж , ажил амьдралаа зөв хөтөлж чадна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн анхдугаар хуралдааны 59 дүгээр тогтоолд мэдээлэл авах эрх нь хүнй язгуур эрх бөгөөд НҮБ-ын эрхэмлэдэг хүний бусад эрхүүдийн үндсэн хэмжүүр нь юм гэж заасан байгаа. Мэдээллийн эрх гэсэн өргөн хүрээтэй ажлын маань нэгээхэн хэсэг нь хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх явдал юм.

– Хэвлэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааг олон хүн шүүмжилдэг. Одоо бас сонгууль болох гэж байна. Та сэтгүүлчдэд юу хэлэх вэ?

-Удахгүй болох гэж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ албан бусаар эхэлчихсэн. Сонгуулийн үед сэтгүүлчид үнэд ордог нь нууц биш. Би сонгуулийн сурталчилгаанд явж байгаа сэтгүүлчдэд хэлдэг юм. Гоё хувцас өмсөх, хэрэглээгээ нэмэхийн тулд илүү мөнгө олох хэрэгтэй байгаа байх. Хэдийгээр та нар сэтгүүлч ч гэсэн Монгол улсын иргэн гэдгээ битгий март. Иргэн таны ажлын үр дүнгээс хувийн чинь амьдрал хамаарна. Сайхан амьдармаар байгаа бол сонгогчиддоо зөв мэдээлэл өг. Олонд танигдсан сэтгүүлч сонгуулийн пи-ар хийж болохгүй. Түүнийг сонгогчид пи-ар биш сэтгүүлчийн бүтээл гэж ойлгодог. Түүнд автах явдал байдаг. Тиймээс энэ нийтлэл төлбөртэй гэдгийг бичих хэрэгтэй. Харамсалтай нь сонгуулийн пи-арыг сэтгүүлч хүн сэтгүүл зүйн арга барилаар хийгээд төлбөртэй гэдгийг нь мэдэгдүүлэхгүй орхичихоод байдаг. Сонгуулиар ажиллаад мөнгөтэй, байртай, машинтай боллоо гэж баярлаж болно. Монгол улсын иргэн, үртэй хүүхэдтэй хүн энэ улс орон сайхан байвал миний үр хүүхдийн амьдралд хэрэгтэй гэж л бодох хэрэгтэй. Гэтэл та сонгуулиар бохир юм хийсэн бол тэр чинь явсаар бохир орчинд үр хүүхэд, ач, гуч минь амьдрах болно гэж бодох хэрэгтэй. Харамсалтай нь хүн их өчүүхэн амьтан л даа. Өнөөдрөөрөө амьдрах гээд байдаг.

– Таны олон жил ярьж байж бий болгосон ОНРТ /олон нийтийн ТВ/ жинхэнэ утгаараа ажиллаж чадаж байна уу?

– Би телевизд ажиллаж байх үеэсээ эхлээд ОНРТ-тэй болох тухай ярьж эхэлсэн. МТВ-г ОНРТ болгох тогтоол гарсан ч долоон жил болж байж хэрэгжсэн.

Шинэтгэлийн шинжтэй ийм өөрчлөлтүүд хугацаа их шаарддаг, янз бүрийн зүйл нөлөөлдөг. Энэ хугацаанд хоёр ч удаа УИХ-ын сонгууль болсон. Асуудлыг хэлэлцэж байгаа хүмүүсийн өөрсдийх нь улс төрийн зориг, улс төрийн нөхцөл гээд олон зүйлээс шалтгаалдаг юм байна.

Телевиз ОНРТ болсноор өөрчлөлт орж байнаа. Санаанд хүрэхгүй зүйл ч их байна. Ойрын хугацаанд би ОНРТ-ийн ач холбогдол хоёр зүйл дээр харагдлаа гэж бодсон. УИХ-ын сонгуулийн үеэр үзэгчдийн боловсролд нэлээд цагаа зориуллаа. Хэдэн удаагийн халз мэтгэлцээнүүд сонгогчдод нэлээд зүйлийг ойлгуулсан нэвтрүүлэг боллоо. Ялангуяа сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр намын дарга нарыг оролцуулсан мэтгэлцээн намуудын тухай хүмүүст тодорхой ойлголт өгсөн байх. Тэнд оролцож байгаа хүмүүс, тавигдаж байгаа асуултууд, хөтлөгчийн ажил гээд стандартад хүрэхгүй зүйлүүд байсан. Гэхдээ л сонгогчдод хэрэгтэй нэвтрүүлгүүд болж чадсан гэж бодож байна. Нөгөөх нь 7 сарын нэгэнд болсон үйл явдлын тухай онц байдал зарлах, түүнээс өмнө явуулсан мэдээллүүд байна. Зарим нэвтрүүлэгт иргэндээ хандсан өөрчлөлтүүд бий шүү.

-Танай байгууллага саяхан Мэдээлэл авах эрхийн тухай хууль-ийн төсөл боловсруулан УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Үүнийг гишүүд хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Хуулийг дэмжих лобби бүлгийн санал солилцох анхны уулзалт өнгөрсөн сард зохион байгууллаа. Хорь гаруй гишүүнтэй санал солилцсон. Дэмжиж байгаа 10 гаруй хүн бий. Энэ хууль хаврын чуулганы дэгд орсон, гэхдээ хэзээ хэлэлцэхийг мэдэхгүй байна. Жил бүрийн есдүгээр сарын сарын 28-нд дэлхийн олон улсын Мэдэх эрхийн өдөр гэж болдог. Тэр өдөр энэ хуулийг хэлэлцээд эхэлчихвэл сайхан л байна.

-Мэдээлэл авах эрх гэж юуг хэлээд байна?

-Манай Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж заасан байгаа шүү дээ. Тэр амьд явах эрх бол мэдээлэлтэй зайлшгүй холбоотой. Гэмт хэрэг их гарч байна. Бид амиа алдах, бие эрхтнээ гэмтээж болох орчинд амьдарч байна. Ийм нөхцөлд мэдээлэлгүй амьдраад байвал сэтгэл санаа, бие эрхтэнээрээ хохирч болно. Сайн мэдээлэл байхгүй бол хүүхэд сургуулиа хэрхэн оновчтой сонгох вэ гээд бидэнд алхам тутамд мэдээлэл хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдлын тухай хууль байна. Энэ бол яах аргагүй амьд явах эрхтэй холбоотой. Тэгэхээр мэдээллийн эрх чөлөө гэдэг маш чухал, нандин зүйл байдаг юм байна. Бид 2001 оноос энэ тухай ярьж эхэлсэн. Үүнийг мэдээллийн эрх чөлөөтэй хутгаж ойлгодог байсан л даа. Энэ бол иргэн бүхэн мэдээлэлтэй байх тухай ойлголт. Хүний мэдээлэлтэй байх эрх хэзээ үүсэх вэ гэж асуухаар манайхан хариулж мэддэггүй. Гэтэл хүнийг төрөнгүүт мэдээллийг хүлээж авах эрх нээгддэг байна. Харамсалтай нь хүний тэр эрхийг янз бүрийн байдлаар хязгаарлаад эхэлдэг. Бид иргэний эрхийг дээдэлдэг нийгэмд амьдраад 20 жил болох гэж байна. 1992 онд батлагдсан Үндсэн хууль маань өмнөх Үндсэн хуулиас үндсээрээ ялгаатай шүү дээ. Өмнөх нь төрийг дээдэлдэг. Төр гэдэг маань нэг нам байсан. Тэр утгаараа намыг дээдэлдэг нийгэмд амьдарч байлаа. Бүх засаг төрийн салаа мөчрүүд, олон нийтийн байгууллагууд төрд үйлчилдэг. Намын шийдвэрийг даган биелүүлдэг байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бас л намын шийдвэрийг сурталчилдаг. Түүгээр гарч байгаа бүх зүйлийг главлет хянадаг байлаа. Энэ үед хүн хаана нь байсан гэхээр хамгийн доод талд нь байсан. Хүн үгээ хэлж болохгүй, хэлбэл төрийг дэмжсэн үг хэлнэ. Тэгвэл одоо энэ байдал үндсээрээ эргээд хүн та нам байсан тэр байр сууринд очсон. Ингээд бид иргэнд үйлчилдэг нийгэмд орсон. Тэгэхээр иргэн хүчирхэг байж улс орон хүчирхэг болно гэсэн үг. Хүчирхэг иргэн гэж хэнийг хэлдэг юм бэ гэвэл мэдээлэл сайтай иргэн хүчирхэг болно. Гэтэл өнөөдөр Монголд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн хүчтэй болчихоод байна. Хүн өөрт нь байх ёстой эрх чөлөөгөө заримыг нь золиосолж байгаад төр байгуулж, хэн нэг этгээдээр удирдуулаад өөрийн эрх мэдлийг түүнд түр шилжүүлсэн байдаг. Гэтэл манай сэтгүүлчид Төрийн гурван өндөрлөг гэсэн нэг тэнэг үг бий болгожээ. Хэрэв Монголд төр байдаг, түүнд нь өндөрлөг байдаг юм бол тэр нь ард түмэн байх ёстой шүү дээ. Төрийн гурван өндөрлөг гэдэг бидний байгуулж байгаа нийгэмд зохихгүй нэр томъёо. Бид ингэж төрийг шүтсээр олон арван жилийг үджээ. Тэр уламжлалаараа УИХ-ын хэдэн гишүүнийг шүтсээр бас 20 жил боллоо. Энэ хооронд улс орон яаж хөгжив. Сайн сайхан юм зөндөө байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийг тахин шүтсээр байгаад төрд ажиллаж байгаа хүмүүсийг өөрийгөө төр гэж ойлгодог, иргэнд үйлчлэх үүргээ мартахад хүргэсэн байна. Төр гэдэг бол зөвхөн тогтолцоо шүү дээ. Хүн эрх мэдэлтэй байхын хэрээр амархан самуурдаг юм байна. Эрх мэдэл их амттай зүйл байдаг юм байна л даа. Английн их сэтгэгч нэг хүний хэлснээр Эрх мэдэл хүнийг самууруулдаг, онцгой эрх мэдэл онцгой ихээр самууруулдаг байна. Энэ их амттай зүйлийг эдэлж байгаа хүмүүст хяналт тавихгүй бол болдоггүй. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд хяналтаа орхигдлуулжээ. Сохроор итгээд л байж. Гэтэл энэ нь иргэн биднийг стресстэй, яаж амьдрах вэ, мөнгө яаж олох вэ гэж улайран боддог ийм болгочихоод байна. Үүний буруутан нь бид өөрсдөө. Яагаад гэхээр бид төлөөллөө зөв сонгож чадахгүй байна. Сонгууль болохоор сайхан амлалтад хууртдаг. Амлалт нь биелэх биелэхгүйг боддоггүй. Дээрээс нь сонгогчдын боловсролд зориулсан зүйл хийдэггүй. Хоёр намын мөрийн хөтөлбөр байхад аль нь биелэх бодитой, аль биелэх үндэсгүй юм гэдгийг харьцуулсан, судалсан мэдээллээр хангаж чадахгүй байна. Үүнийг өөрчлөхөд иргэнд мэдээлэл хэрэгтэй. Тиймээс манай байгууллагын яриад байгаа мэдээлэл бол мэдлэгийн үндэс, иргэн хүчирхэг байхын үндэс юм.

-Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Хүн мэдээлэл аваад түүнийгээ боловсруулж амьдралдаа хэрэглэснээр мэдлэгтэй болно. Тийм учраас иргэн хэр их мэдээлэлтэй байна тэр хэмжээгээрээ улс орноо хөгжилд хөтөлнө. Тиймээс ажил үүргийхээ хувьд мэдээллийг цуглуулж байдаг, мэргэжлийн ажилтан сэтгүүлчид мэдлэгтэй, мэдээлэлтэй, мэргэшсэн байна гэж яриад байгаа юм. Мэдлэггүй хүн зөвхөн өөрийнхөө ойлгосноор тухайн асуудлын тухай мессеж-ийг олон нийтэд илгээдэг. Тэр нь буруу байж болно шүү дээ. Нөгөө талаар өөрөө хүчирхэг биш учир бусдын нөлөөнд амархан автдаг. Гэхдээ мэдээлэл авах эрхийг зөвхөн хэвлэл, сэтгүүлчдийн үйл ажиллагаатай холбож болохгүй. Нийтээрээ мэдээлэлтэй байхын гол салшгүй нэг хэсэг нь төрд хадгалагдаж байгаа мэдээлэл юм. Энэ мэдээлэл ард түмний өмч юм. Энэ мэдээлэл бидний татварын мөнгөөр бий болж байдаг. Харин цөөн хэдэн хүн тэр мэдээллийг хадгалаад байж байна. Шаардлагатай бол заримыг нь нууцал гэж бид эрх мэдлээ шилжүүлсэн байдаг. Харамсалтай нь өнөөдөр тэр мэдээллийн ихэнх нь нууц болчихжээ. Манай улсын нэгдэн орсон, соёрхон баталсан конвенциудаар мэдээллийг нууцалж болно. Гэхдээ үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрхэм чанар, түүнийг хамгаалах үүднээс нууцалж болно. Нийгмийн эрүүл мэнд, дэг журмыг сахиулах үүднээс зарим мэдээллийг нууцална гэсэн байдаг. Тэгвэл манайд байгаа соёл нь ямар байна гэхээр ер нь мэдээлэл нууц байна. зарим нь нээлттэй байж болно гэж байгаа юм. 2007 онд манайд үйлчилж байсан 360 хуулинд шинжилгээ хийж үзэхэд 129 хууль нь мэдээлэл нээлттэй байх тухай заалттай бусад нь ямар нэгэн байдаар хаалттай байх тухай заасан байна. Тухайлбал Сууц өмчлөгчдийн тухай хууль дээр хяналтын зөвлөлийн гишүүн л санхүүгийн тайлантай танилцаж болно гэжээ. Гэтэл СӨХ чинь бидний байгууллага шүү дээ. Бид өөрсдөө байгуулсан. Бид бас түүнд мөнгө өгч байгаа мөртлөө яахаараа мэдээлэл нь нууц байдаг юм бэ. Сүүлдээ бүр СӨХ бидний дарга мэт болоод байгаа шүү дээ.

Манайд олон хуулиар иргэн мэдээлэл авахыг хязгаарласан байдаг. Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль , Хувь хүний нууцын тухай хууль за тэгээд салбарын бүх хуульд нууцлах зэрэглэл нь давамгай. 2002 оноос хойш бид энэ талаар олон судалгаа хийж байгаа. Төрийн 47 байгууллагад судалгаа хийхэд 23 байгууллагад нь мэдээллээ нууцлах, нууцалсан мэдээллээ хамгаалах тухай журмаа байгууллагын нууц гэсэн байна. Сэтгүүлч би танай нууцлаагүй мэдээллээс авах гэсэн юм. Ямар мэдээлэл чинь нууц биш вэ гэхэд тэр тухай журам нь хүртэл нууц байж байдаг. Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн 59 дүгээр зүйлийг нууцална гэж заасан байгаа юм. Түүний хүрээ нь маш өргөн. Жишээ нь энд хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг нууцална гэсэн байгаа. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал гэдэг нь эцэстээ биднийг хамгаалах гэсэн үг биз дээ. Биднийг хамгаалахын тулд шүү дээ. Дээрх 59 зүйлийн нь ихэнх нь 40-60 жил байнга нууцлах зүйл байна. Энэ мэтээр зарим мэдээллийг олон жил нууцлаад байвал улс орны хөгжил, түүх судлал зэрэг хөгжихгүй. Усны чиглэлээр судалгаа хийдэг хүн говийн усны тухай мэдээлэл өгөөч гэхэд өгөхгүй. Хуулинд нууцална гэж заасан гэнэ. Ингэхээр манай түүх болон бусад шижилгээний бүтээлүүд хөгжихгүй. Иргэн зөв мэдээлэл, мэдлэгтэй болж чадахгүй байгаа юм.

Ж.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button