Зээлдэгчийн болоод зээл хүсэгчийн тухай бүх мэдээллийг цуглуулна

Монголын банкуудын холбоо хамтран байгуулсан гэх энэ компани чухам юу хийх гээд байна, төрийнх юм уу хувийнх уу гээд л олон асуудлыг санхүүгийн салбарынхан төдийгүй зээл авахыг хүссэн иргэд ч сонирхож байсан юм. Зээлийн мэдээлийн төв гэж үнэхээр юу юм бэ, зээл хүсэгч олгогч хоёрыг зуучлах байгууллага уу.

Өчигдөр төрийн ордонд болсон Зээлийн мэдээллийн систем сэдэвт уулзалтаар энэ талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.

Зээлийн давхардлыг шалгах тооллого зээл авсан малчдын хүрээнд хоёр жилийн өмнө явуулахад тэдний 70 хувь нь хоёр банкнаас, 40 хувь нь гурван банкнаас зээл авсан байна гэсэн дүн гарч байжээ. Иргэн болоод аж ахуйн нэгж өөрийн орлогоос хэд дахин илүү зээл авчихдаг нь нэг талаар тухайн зээл олгогчоо хүнд байдалд оруулаад зогсохгүй нөгөө талаас барьцаанд тавьсан эд зүйлсээ хураалгахад хүргэдэг нь ойлгомжтой. Тиймээс л манайд зээлийн мэдээллийн боловсронгуй сүлжээ бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзээд зээлийн мэдээллийн төв гэсэн компани байгуулсан аж.

Дэлхийн олон оронд зээлийн мэдээллийн товчоо гэсэн байгууллага ажилладаг бөгөөд хамгийн чухал зорилт үйл ажиллагаа нь тогтвортой байх гэнэ. Дэлхий дээр амьдарч байгаа хүн амын гуравны хоёр нь санхүүгийн ямарваа нэгэн үйлчилгээ хүртэж чаддаггүй гэсэн хачин баримт байдаг. Гэтэл энэ нь зээлийн мэдээллийн товчоо гээч байхгүй улс оронд хамгийн нийтлэг тохиолддог проблем аж. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хэрэглээний өсөлттэй холбоотойгоор хувийн зээлийн товчоод бий болж буй гэнэ.

Зээл олгогч зээл хүсэгчийн талаар өмнө нь энэ төрлийн үйлчилгээг хэрхэн яаж аваад эргэн төлөлт нь ямар байсан тухай бүхий л мэдээллийг авахыг хүсвэл зээлийн мэдээллийн товчоонд ханддаг байна. Гэхдээ энэ бол хувь хүн болоод албан байгууллагын нууцтай холбоотой мэдээлэл учраас өгч байгаа тал нь зээл хүсэгчээс тодорхой хэмжээний зөвшөөрөл давхар хүсдэг гэх мэтээр хууль эрх зүйн нарийн зохицуулалттай байх шаардлагатай гэнэ.

Тиймээс Зээлийн мэдээллийн төв компани хууль эрх зүйн талаас нь зохицуулалт хэрэгтэй байгааг тодорхой хуулийн төсөл Монголбанкинд санал болгоод байгаа аж. Учир нь, зарим мэдээллийг маркетингийн зориулалтаар ашиглах ч тохиолдол гарч болзошгүй тул хууль эрхзүйн хувьд нарийн зохицуулах шаардлагатай. Зээлдэгч нь өөрийн мэдээллийн талаар ямар нэгэн асуудал гарвал хууль эрхзүйн байгууллагад гомдол гаргах эрхтэй гэх зэргээр зохицуулалт хийдэг аж.

Н.Бат

Дугаар 069/648/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button