Түймрийн улирал эхэллээ

Өчигдрийн байдлаар хоёр аймгийн дөрвөн сумын нутагт гарсан ойн түймрийг цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Булган аймгийн Хутаг өндөр сум Цагаан бургастайн давааны ард Ар цагаан гэдэг газар түймэр гарчээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс 11 алба хаагч, орон нутгаас 54 иргэнтэй хамтран 700 га ой, хээр хосолсон талбай шатаж байсныг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Үүнээс гадна тус аймгийн Хангал сум, Хялгант тосгоны Дүгрээн нарсны хар хошуу гэдэг газар өнгөрөгч бямба гаригт ойн түймэр гарч, таван га талбайг хамарчээ. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 50 дугаар ангийн алба хаагчид, тосгоны мэргэжлийн ангиудиас ажилтнуудтай хамтран цурманд оруулаад байгаа аж.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Яргисын-Эх гэдэг газар, мөн Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сумын зааг Ушгирын нуруу, Нөрөөт гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд оруулан манаж байгаа гэнэ. Эдгээр газарт гарсан түймэрт 7-10 орчим га талбай өртсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгийн 15 дугаар баг Цементийн чулуун карьерын задгайд хээрийн түймэр гарч, дөрвөн га талбай шатсан байна. Үүнийг аймгийн Онцгой байдлын газар, албан хаагч, орон нутгийн иргэдтэй хамтран унтраажээ. Сэлэнгэ аймгийн Сант сумаас найман километрийн зайтай Орхон голын баруун талд Шар хоолой гэдэг газар хээрийн түймэр гарсныг мөн бүрэн унтраажээ. Төв аймгийн Заамар сум, Цээл сумдын зааг Хоньчийн нуруунд хээрийн түймэр гарч, 600 га бэлчээр шатсан байна. Энэ түймрийг тавьсан байж болзошгүй гэж Франц улсын иргэн Л.Мурам гэгч 40 настай эмэгтэйг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа аж.

Б.Алтан

Дугаар 069/648/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button