Залуучуудын авч явах ардчилсан төр айсуй

хэвлэлүүдийн бичээд байгаагаас үзвэл энэ удаа Монголын ард түмэн та бид ямар сонголт хийхээс улс орны минь цаашдын хувь заяа шалтгаалах нь. Өөрөөр хэлбэл, ард¬чилсан хөгжлийн замыг сонгоод даруй 20 жил болж байгаа энэ улс орон ардчилсан Ерөнхийлөгчтэй байх уу, үгүй юу гэдгийг сонгох нь.

Энэ сонгуулиар та бидний сонгох, төрийнхөө тэргүүнд залах Ерөнхийлөгч бол ирэх дөрвөн жилийн, түүнээс цаашхи үеийн Монгол Улсын чиг хандлагыг тодорхойлох, дэлхий дахинаа Чингисийн удмын энэ ард түмнийг төлөөлөх тэр хүн байна. Энэ л хүний төлөөлөх тэр Монгол Улсын, монгол орны эзэд нь залуу үеийнхэн, өнөөгийн оюутнууд, өчигдрийн оюутны ширээнээс ажлын талбарт очсон залуучууд байх болно. Тэртээ 1990 оны эхээр ардчилсан хувьсгал ялж байхад дөнгөж төрж байсан, бага, дунд сургуульд суралцаж байсан, яг чухамдаа юу болоод хэн нь хэний эсрэг цуглаад үг хэлээд байгааг нь мэдэхгүй ч сонирхоод, гайхаад харж байсан ч өнөөдөр ардчиллын үр шимийг хүртээд явж байгаа залуучууд ирээдүйн улс орны жолоог атгах халааг авч байгаа.

Харин манай залуучууд энэ үүрэг хариуцлагаа хэр ойлгож төр барилцаж, төрийн жолоо атгах эрхээ хэр эдэлж, үүргээ биелүүлдэг билээ.

1991 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 82.94 хувь нь саналаа өгсөн бол хөдөө орон нутагт энэ тоо 81.56, нийслэл хотод 81.9 хувьтай байж. Нэрсийн жагсаалтад 1.2 сая орчим хүн бичигдсэн гэж үзвэл бараг 300 мянган хүн сонгуульд оролцож саналаа өгсөнгүй. Гэтэл 1995 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ үзүүлэлт улсын хэмжээнд бүр 70.48 хувь болж буурсан байх юм. Хөдөө орон нутагт 70.98 бол нийслэл хотод 69.56 хувь болсон байна. Гэтэл сонгогчдын тоо энэ сонгуулийн үеэр нэг сая 236 мянга байсныг тооцвол нийтдээ 356 мянган сонгогч саналаа өгөөгүй байх нь.

Гэтэл өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиар сонгогчдын ирц нийт сонгогчдын ердөө 62 гаруйхан хувь нь саналаа өгсөн тооцоо бий. Хэн ингээд төрийнхөө сонгуульд саналаа өгөхгүй байна аа. Мэдээж, янз бүрийн насны, хот хөдөө гээд янз бүрийн л газрын хүмүүс байгаа. Яг сонгуулийн өдөр аргагүй хөдөө орон нутагт, улс оронд томилолтоор яваад эзгүй байх аргагүй шалтгаан байдаг. Гэхдээ ямар 300 гаруй мянган хүн ийм шалтгаанаар эзгүй байсан гэхэд үнэнээс арай л зөрүүтэй болно.

Яг үнэн хэрэгтээ сонгуульд оролцдоггүй, саналаа өгдөггүй хүмүүсийн ихэнх нь залуучууд байдаг. Настайчууд, хөгшчүүл болохоор хэзээний л төрөө дээдэлж ирсэн зангаараа одон медаль, гавьяа шагналаа зүүгээд ирж, саналаа өгдөг. Харин манай залуучууд наймаа арилжааны ажлаа хөөцөлдөөд, саналаа өгч цагаа алдаж байснаас арилжаа наймаагаа хийж байсан нь дээр гэж үздэг. Нэг хэсэг нь ялангуяа өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиас хойш тэртэй тэргүй саналаа өглөө гээд МАХН луйвардаад ялчихдаг юм чинь сонгуульд саналаа өгөөд ч яах юм билээ гээд саналаа өгдөггүй.

Тэгэхээр ийм байдлыг л халах цаг болж. Энэ улс орныхоо хойч ирээдүйн төлөө, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө үүнийг л нэгэн үзүүрт сэтгэлээр халъя.

Намбарын Энхбаяр МАХН-ын дарга байхдаа 2004 оны сонгуульд сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо, тойрог хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүстээ 10 хувийн луйвар хийх даалгавар өгч байсан юм гэнэ билээ. Тэгэхээр тэр 10 хувийн луйврыг нь хийлгэхгүйн төлөө, хийлээ ч бүх санал нь өрсөлдөгчөөсөө дуттал нь л бүх нийтээрээ энэ авлигын загалмайлсан эцэг нэр хүртсэн тэр хүний эсрэг, Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгье л дөө.

Амьдрахын эрхээр гадаад орнуудад ажиллаж, сурч яваа залуучууд маань хэдийгээр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж сонгуульд саналаа өгч чадахгүй байгаа ч гэсэн энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар л Манай Монгол энэ удаа нэг ардчилсан Ерөнхийлөгч сонгох цаг болсон доо гэж бичиж эхэлсэн. Харин одоо бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэр тодорсон даруйд л өөр өөрийн байгаа улс орон, хотууддаа танил нөхдөөрөө нийлээд Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө гэж нэгдэж үзэл бодлоо илэрхийлцгээж эх орондоо байгаа эцэг эх, найз нөхөдтэйгээ холбоо барьж байна.

Өчнөөн мянган бээрийн алсад амьдран суугаа нутаг нэгтнүүд маань улс орныхоо төлөө, та бидний төлөө ингэж санаа зовж, үгээ хэлж байхад энэ улс орны өнөөдрийг, маргаашийг авч явах залуу хүн бүр улс гэрийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө, өнөөдөр юмны учир мэдэхгүй гүйж байгаа ирээдүй хойчийнхоо төлөө хүн бүр Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгье.

Та бүхний төлөө, та нарын өөрсдөө авч явах тэр Ардчилсан төр уг нь ойрхон айсуй байна.

Ц.Хас

Дугаар 069/6648/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button