Бээжин хуа луу, Чаплин зэрэг рестораны хоолноос нян илэрчээ

Осолдохгүй л идсэний дараа гэдэс эвгүйрхвэл юу идсэн билээ гэж боддог. Хоолны хордлого авсан ч тэгсгээд л өнгөрдөг. Гэтэл бидний энэ хэнэггүй зангийн балгаар хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл хоосон яриа төдий болжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хэдхэн удаагийн шалгалт, хүнсний бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүн үүнийг харуулж байна. Тодруулбал, саяхан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч Р-ын гурван хүүхдээс хордлого илэрчээ. Улсын байцаагчид тандалт судалгаа хийх явцад Гурван мөнгөн мичид дэлгүүрээс худалдаж авсан Хоргын хүү компанид үйлдвэрлэсэн элэгний нухашнаас дээж авч шинжилгээнд өгсөн аж. Гэтэл элэгний нухшинд бичил биетний тоо эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, E.Coli илэрсэн байна. Иймээс Хоргын хүү компанийн үйлдвэрт шалгалт хийж, захирал Н.Батцэцэгт торгуулийн арга хэмжээ авчээ.

Мөн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Өвөр ташлай компанийн баарнаас авсан байцааны салат, Хаан бууз зоогийн газрын цуйвангаас колиформ, Чаплин рестораны төмсний салат, Чин ирээдүй компанийн баарны хоолонд ашиглаж байсан хэрчсэн гурил, салат, Импресс рестораны ногооны холимиг, хэлний зууш, Бээжин хуа луу зоогийн газрын сонгинотой хуурга, соустай хавирга зэрэг бүтээгдэхүүнээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн байна. Иймээс дээрх үйлчилгээний газруудад хугацаатай албан шаардлага өгч, эздэд нь хариуцлага тооцжээ. Үүний зэрэгцээ Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс Барс худалдааны төвийн 39 цэгт лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийсэн байна. Эдгээр цэгээс дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид хүнсний хими, нян, хүнд металлын шинжилгээ хийлгэжээ. Гэтэл 7.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй гарсан байна. Тодруулбал, Дүрт баялаг компанийн нарийн хиам, царцмагийн нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй, иргэн Одгэрэлийн худалдаалж буй лийрнээс хөгц тус тус илэрчээ. Шинжилгээнд хамруулсан бүтээгдэхүүний 48.7 хувь нь жимс, хүнсний ногоо, хиам махан бүтээгдэхүүн 17.9, талх, нарийн боов 12.8, чихэр жигнэмэг зэрэг импортын хүнс 15.3, сүүн сүүн бүтээгдэхүүн 7.6 хувийг эзэлж буй.

Нөгөөтэйгүүр хууль бусаар, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй орчинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил ихэсчээ. Хамгийн сүүлийн баримт нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Рашаантын 19-25 тоотод хятад иргэн дүүпүү үйлдвэрлэж байгааг илрүүлсэн. Хятадын иргэн Гон Зен Ран иргэн Н.Солонгын хашааг түрээслэн дүүпүү үйлдвэрлэж байж. Гэхдээ ямар ч зөвшөөрөлгүй, ноцтой нь зориулалтын бус бохир ваннад дуяа ногоог сойсон, үйлдвэрлэл явуулж байгаа орчин нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, бохир усаа хашаандаа үнсээр тойруулан асгасан нь гэдэсний болон амьсгалын замын халдварт өвчин дэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ. Дүүпүү үйлдвэрлэхэд хэрэглэж буй вандуй зэрэг түүхий эдийг хилээр оруулж ирэхдээ мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, дүгнэлт аваагүй, импортын мэдэгдэлгүй, зориулалтын сав баглаагүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн горимгүй гэхчилэн зөрчил их. Юутай ч мэргэжлийн хяналт, цагдаагийнхан тэндээс 575 кг буюу 23 уут вандуй, 180 кг дуяа ногоо хураан авч, дүүпүүний машиныг лацадсан байна. Мөн түүхий эдээс дээж авч шинжилгээнд хамруулан, хятад иргэн Гон Зен Ранд захиргааны арга хэмжээ авчээ.

Тэрээр чанарын баталгаагүй, хууль бусаар үйлдвэрлэсэн дүүпүүг нийтийн хоолны газруудад нийлүүлдэг байж. Өнгөрсөн онд мөн л хятад иргэд химийн бодис ашиглан малын гүзээ зумлаж, зоогийн газруудад нийлүүлдэг байсан зөрчлийг хууль хяналтынхан илрүүлсэн билээ. Дээрх бүх баримт бидний идэж ууж байгаа бүтээгдэхүүнүүдийн дийлэнх чанарын шаардлага хангахгүй, хүнсний аюулгүй байдлын асуудалд хаана хаанаа анхаарах цаг болсны нотолгоо. Өнгөрсөн хугацаанд хүнсний аюулгүй байдлын талаар зөндөө ярьж бичсэн. Гэвч сүүлийн үед байсхийгээд л хоолны хордлогод гэр бүлээрээ, хамт олноороо өртөх болсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын хэдхэн удаагийн шалгалтын дүнгээр л ийм ноцтой зөрчлүүд илэрлээ. Хүнсний аюулгүй байдал гэж хоосон ярих бус даацтай арга хэмжээ авах цаг болсон юм биш үү.

Д.Энэрэл

Дугаар 066

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button