Сац суварга хүний бие махбодийн бэлгэдэл үү

Гэхдээ олон нууцтай пирамидын хамгийн энгийн тайлбар буюу хүний биеийг төлөөлдөг байж болох юм гэх таамгийг саяхныг хүртэл дэвшүүлээгүй нь хачирхалтай. Эзотерийн уламжлал ёсоор хүн дараахь найман цогц бүрдлээс бүтдэг.

* Дөрвөн махбодь буюу ус, агаар, шороо, гал

* Эрхэсийн 12 орд

* Эдгээрийг багтаасан 13 далд тэмдэг

* Талст болор

* Чакра буюу биеийн эрчим хүчний долоон цэг

* Гурав дахь нүд

* Кундалини буюу бие махбодь доторхи долоон чакраг холбогч могой

* Андрогени буюу нэг биед хоёр хүйстэн орших шинж.

Сац суварга эдгээрийг илтгэдэг гэх таамаг сүүлийн жилүүдэд ихэд дэлгэрээд байна. Чухам хаана нь эдгээр шинж агуулагддагийг олон улсын эрдэмтэд ингэж тайлбарлажээ.

Махбодь илтгэгч суварга

Сац суваргын тал бүр нэг махбодийг илтгэнэ. Тэдгээр нь хүний оршихуйн үндэс болсон хөрс шороо, амьдралын эх агаар, биеийн 95 хувийг эзэлдэг ус, дотоод эрчим хүч буюу гал юм.

Зурхайн суварга

Ихэнх зурхайд махбодь бүр гурван ордтой. Тэгэхээр дээрх дөрвөн тал бүрт эрхэсийн гурван орд бий. Тэдгээр нь шороон шинжтэй үхэр, охин, матар, хийн шинжтэй хумх, ихэр, арслан, усан шинжтэй хилэнц, мэлхий, загас, гал шинжтэй үхэр, арслан, нум юм. Сац суварга дээрх эрхэсийн 12 ордны дараахь 13 дахь тэмдэг нь загалмайтны шашинтнуудын дээдэлдэг хаалган чулуу буюу Есүс Христосын бунхныг хаасан чулууг илтгэгч гэж зарим судлаач таамагладаг. Үүнд эргэлздэг хүмүүст эрдэмтэд америк доллар дээрх сац суваргыг ажиглахыг санал болгодог гэнэ.

Талст суварга

Египетийн сац суваргын ерөнхий хэлбэр дүрс октаэдр талсттай ижилхэн буюу орой, суурь хоорондынх нь налуу 51 хэм. Сац суваргыг үнэхээр талст болрын шинжтэй гэж үзвэл пирамид хүний биеийг илтгэсэн гэх таамаг илүү үнэний ортой болно. Учир нь хүний бие цогцос хөрсөнд шингэж болор үүсгэгчдийн нэг болдог байна.

Чакра бүхий суварга

Талст дээр ойсон гэрэл хугарч энгийн нүдэнд харагдахуйц өнгө ялгаруулдаг. Египетийн сац суваргад ийм шинж байхгүй ч пирамидыг талст гэж үзвэл гэрэл хугалж, ялгаруулдаг нь гарцаагүй. Энгийнээр тайлбарлавал нарны гэрэл болрыг үүсгэгчдийн нэг хүний биед тусахад долоон чакра буюу хорол үүснэ.

Бүгдийг харагч суварга

Сац суварга хүний бие махбодийг илтгэгч байж болох юм гэх таамгийн хамгийн сонгодог биелэл мөн л америк доллар дээр байдаг нь орой дээрээ нүдтэй пирамид. Сац суваргын орой олон зууны турш ариун гэгдсээр ирсэн, их сац суваргын оройг бүхнийг харах шидтэй гэх хэлц байдаг нь ч үүнтэй холбоотой байж мэдэх.

Хэвлээр явагчтай суварга

Кундалини буюу эрчим хүчний долоон цэгийн холбогч могой их сац суваргатай холбоогүй мэт боловч Мексикийн Юкатан дахь Чичен Ицагийн сүмийн нууц судлаачдыг эрхгүй Египетийн зүг хөтөлжээ. Тус сүмийн суваргын 364 шат жилд хоёр удаа нарны нөлөөгөөр сүүдрээр холбогдон кундалинийг илтгэдэг байна. Үүнийг ажигласан. судлаачид гайхмаар нээлт хийсэн нь Тут хааны баг дээрх кобра могойг хааны духнаас цухуйж биеийнх нь төв хэсгээр гулсах мэт дүрсэлсэн байдаг гэнэ. Доод Египетийн бурхан гэгддэг Ваджет жигүүртэй могой байдаг нь мөн үүнтэй холбоотой болов уу. Хүйтэн цуст хэвлээр явагчийг дээдлэх нь эртний соёл иргэншилд нэлээд түгээмэл байсан нь ч кундалинитай холбоотой байх талтай гэж эрдэмтэд таамагладаг байна.

Хос хүйстэй суварга

Египетийн сац суваргыг хүний бие махбодьтой холбох гэсэн олон оролдлогын хамгийн их маргаан, мэтгэлцээн үүсгэдэг нь хос хүйстэй холбоотой таамаг юм. Шашин болон далд ертөнцийг судалдаг олон хүн анхны хүйс буюу нэгэн бүхэл шинж хоёр болон салаалсан гэж үздэг. Эртний их сэтгэгчид ч энэ тухай өгүүлсэн нь бий. Олон шашинд хамаарах эртний судар шастирт бурхан эхлээд нэг хүйс бүтээсэн тухай дурджээ. Хэдийгээр бие биеийнхээ дутууг нөхөхүйц өөр шинж, чанартай ч хүнийг бүтээгч болон хүн өөрөө нэг юм гэдгийг сац суварга илтгэдэг гэж эл таамагт итгэгчид тайлбарладаг байна. Ихэнх сац суваргад хааны болон хатны тасалгаа гэж байдаг нь хоёр хүйс нэг биед гэсэн санаа гэж тэд үздэг аж. Сац суварга үнэхээр хүний бие махбодийн бэлгэдэл бол эртний хүмүус хойч үеийнхэндээ төгс байхыг сануулсан уу гэх асуулт урган гарна. Эдгээрийг нарийвчлан судалж, ухаарах нь хүн төрөлхтнийг аварна гэх зурвасыг эртний хүмүүс ирээдүйн хүмүүст хүргэхийг зорьсон байж мэднэ гэж дээрх таамагт итгэдэг судлаачид үздэг. Тэдний тайлбарласнаар пирамид хэлбэртэй юу ч бүтээж болох ч сац суваргыг анх сэдэгч цагийн салхинд бага элэгдэх, сүйтгэж, хулгайлах боломжгүй эд бүтээхийг зорьсон нь мөнхийн гэгддэг их сац суварга болжээ.

Г.Дулам

Дугаар 066

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button