Герман улсын Бонн хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцээр явагдаж байна

Энэ өдрүүдэд Герман улсын Бонн хотноо эдгээр гэрээ хэлэлцээрийн эхийг боловсруулах ажлын хэсгүүдийн ээлжит хуралдаан болж байна.

Эхний баримт бичгээр 2012 онд үйлчлэх хугацаа нь дуусах Киотогийн Протоколын дараагийн шатны баримт бичиг болох бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд нийт улс орнууд, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг шинэчлэн тогтоож өгөх бол хоёр дахь баримт бичгээр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд дэлхийн улс орнууд удаан хугацаагаар хамтран ажиллах үндсэн зарчим, механизмыг тогтоож өгөх юм байна. Энэ 2 дахь баримт бичигт байгаль орчинд ээлтэй технологи боловсруулж нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох арга хэмжээ авах, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх механизмыг тодорхойлж өгөх ажээ.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай байгаа үйлдвэрлэлийн томоохон өөрчлөлт шинэчлэл хийх, уур амьсгал, байгальд халгүй техник, технологи боловсруулах хөгжиж байгаа орнуудад дамжуулах, нэвтрүүлэх, өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын хамтран ажиллах зарчмуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгөнөөс гадна, зохион байгулалтын тодорхой бүтцийг бий болгох зэрэг асуудлыг нарийвчлан хэлэлцэж байгаа ажээ.

Хэлэлцээрийн хүрээнд гол үүрэг хариуцлагыг үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй орнууд хүлээнэ. Нөгөө талаар хөгжиж байгаа орнууд нийгэм, эдийн засгийн хөгжлөө хангахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа боловч, хурдацтай хөгжиж байгаа зарим томоохон хөгжиж орнууд мөн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж олон орон үзэж байгаа аж. Өндөр хөгжилтэй орнууд эхний ээлжинд нэн буурай хөгжилтэй орнууд, арлын жижиг орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөг багасгах, түүнд дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь санхүү, техник, технологийн дэмжлэг үзүүлэх тухай асуудал яригдаж байна.

Олон улсын гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсгүүд энэ жил хэд хэдэн удаа хуралдаж 2009 оны 12 дугаар сар гэхэд баримт бичгийн эхийг боловсруулж бэлэн болгохоор ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгийн хуралдаанд БОАЖЯ-ны газрын дарга Д.Дагвадорж оролцож байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button