Оюу толгойн хувьцааг Монголын олигархиуд сонирхож эхэллээ

Засгийн газрын Айвенхоу Майнз-тай хийх гэрээг дутуу дулимаг, түүхий байна хэмээн УИХ буцаасан тэр цагаас хойш Айвенхоу майнз-ынхан Засгийн газрыг төдийгүй УИХ-г өөрийн талдаа оруулахын тулд янз бүрийн арга сүвэгчлэн шавдуулж байгаа. Эцэстээ бүр УИХ-д хүртэл шахалт үзүүлж байгаа төдийгүй гишүүдийг өөрсдийн арга мэхэнд оруулж эхэлсэн гэнэ. Хэдэн үеэрээ идэх их үүцээ хэдхэн ногоонд хууртан хямдхан арилжчихгүй байх хэмээн ард түмэн Эрдэнийн хувь, Эх орны хишиг-тээ чих тавин суугаа энэ үед Айвенхоу майнз-ынхан эрх мэдэлтнүүдэд өөрийн хувьцаанаас санал болгосон сурагтай. Үнэндээ бол Оюу толгой дахь тэр их алт, зэс рүү Айвенхоу майнз-ынхан шүлсээ гоожуулан дайрч, юу ч хийхээс буцахгүй байна. Их баялаг руу шунасан тэд өөрсдийн ашиг сонирхлоо гэрээнд хэвээр хадгалан үлдэх, өөрийн эрх ашгаа хүчээр тулган хүлээлгэхийн тулд хувьцаанаас багахан хэсгийг авлига болгон санал болгож яваа сурагтай.

Үнэндээ хувьцаагаа авлига болгон барихаар зэхэж байгаа гэнэ. Юутай ч Оюу толгойн хувьцааг эрх мэдэлтнүүд, олигархиуд ихэд сонирхож одоогийн хамгийн эрэлттэй хувьцаа болгоод байгаа бололтой. Канадын хөрөнгийн бирж дээр Айвенхоу майнз-ын хувьцаа өнөөдөр эрэлттэй байгаа. Засгийн газартай хийх Тогтвортой байдлын гэрээний сургаар хувьцааны ханш ч сүүлийн саруудад чамгүй өссөн. Яг одоо нэгж хувьцаа 4-5 доллараар арилжигдаж байна. Хувьцааны үнэ цаашид ч өсөх юм бол хөрөнгө оруулалт хийх мөнгөө тэд хялбархан босгох боломжтой болно. Хямралын энэ үед хувьцааны ханш өссөн нь Айвенхоу майнз-д харин ч илүү ашигтай тусч байна. Айвенхоу майнз одоо л тэнгэрээс од шүүрэх цаг нь ирчихээд байна. Харин монголчуудын хувьд энэ ашиг хэнд, хэрхэн тусах нь тодорхойгүй байна.

МАШ НУУЦ

Дугаар 09 /484/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button