Жон Голсуорси /1867-1933/

Чинээлэг эцэг, эхийн ганц хүү Голсуорси өндөр боловсрол олж авчээ. Тэрбээр Харроу дахь язгууртны хүүхдийн сургууль болон Оксфордын их сургуулийн хуулийн ангийг тус тус дүүргэн эцгийн адил хуульч болсон аж. Гэвч өмгөөлөгчийн ажлын оронд Голсуорси уран зохиолыг сонгов. Их сургуулиа төгсөөд тэрбээр хэдэн жил аялж, ном их уншиж, өөрөө ч бичихийг оролдсон байна. 1897 онд Жон Синжон гэдэг нууц нэрээр түүний анхны ном Дөрвөн салхи өгүүллэгийн түүвэр хэвлэгджээ. 1904 онд гарсан томоохон бүтээл Фарисейүдийн арал романаа Голсуорси өөрийн нэрээр гаргасан аж. Зохиолдоо тэрбээр Викторианы үеийн Английн дээд эрхмүүдийн бялдууч зан, хуурмаг байдлыг эрс шүүмжилсэн байна. Энэ номд өөрийгөө Толстой, Чехов болон Францын зохиолчдын шавь хэмээдэг байсан реалист зохиолч Голсуорсигийн уран бүтээлийн маяг тод илэрсэн гэж болно.

Эцэг нь 1904 онд нас барсанаар Голсуорси эд мөнгөний хувьд тусгаар болж уран зохиолд анхаарлаа төвлөрүүлэв. 1906 онд тэрбээр Өмчтөн романаа бичсэн нь алдарт Форсайтуудын домог гурамсан зохиолын эхний хэсэг болжээ. Гэлээ ч Голсуорси Дэлхийн нэгдүгээр дайны дараа л нэрд гарсан аж. Тэрбээр Өмчтөн-ий Үргэлжлэл болгож Хавчлаган дунд (1920), Хөлслүүлнэ (1921) романуудаа бичив. 1924-1928 оны хооронд тэрбээр эл гурамсан Романыхаа үргэлжлэл болгон Орчин үеийн хошин жүжиг гурамсан зохиолоотуурвисан байна. Уг зохиол Цагаан бич (1924), Мөнгөн халбага (1926), Хунгийн дуу (1928) гурван романаас бүтдэг. Эдгээрт Голсуорси дайны дараах англичууд, тэдний шинэ ёс суртахууны чигээ олох гэсэн хүнд хэцүү эрэл хайгуулын тухай өгүүлжээ. Тэр үеийн нэрт зохиолч Жон Голсуорсигийн уран бүтээлийг зохих ёсоор нь үнэлж 1929 онд Британийн хаант улсын Гавъяаны одон, 1932 онд нас барахаас нь хоёр сарын өмнө Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналааршагнасан байна. Английн утга зохиолын түүхэнд Голсуорси Викторианы үеийн Английн сүүлчийн томоохон роман туурвигч гэдгээр бичигджээ.

Онч мэргэн үгс

-Залуу хүнд өрөвдөх сэтгэл удаан тогтдоггүй.

-Соёл иргэншлээс би хагацахаас үл айнам. Хэлэх гэсэн зүйлээ хэлсэн тэр цаг мөчөөс би хамгаас их айж байна. Гэвч араас минь үхэл гэтэж, Явах цаг боллоо эрхэм ээ! гэж хэлэхийг бас хүлээх хэрэгтэй болно.

-Үл тайлагдах мөн чанаргүйгээр амьдралын тоглоом утга учраа алддаг.

-Эелдэг зан чанар илүүднэ гэж байдаггүй.

-Хэрэв үндэстэн хооронд энхтайван үл тогтвол тэднийг нэгэн адил хувь заяа угтана гэдгийг ямар ч хачиргүйгээр хэлж болно.Чингэвэл дайнд оролцож буй улс бүр мөнхийн зовлонд автана.

-Саад бэрхшээлээс эмээдэг хайр сэтгэл дурлал биш.

-Бусдыг хүндэлнэ гэдэг өөрийгөө хүндэлж буйн хэрэг.

-Хүнд хэцүү өдрүүдэд ганцаардах нь бузар зүйл биш. Хамгаас бузар явдал бол гараа хумхин суух ажээ.

Нобелийн шагналтнуудын айлдсан онч мэргэн үгс номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button