Сонгуулийн бэлтгэл эхнээсээ л хууль зөрчив

Ингээд Нийслэлийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүд энэ сарын 4-ний дотор салбар хороод байгуулах ёстой. Гэвч хуулийн хугацаанд салбар хороодоо байгуулж амжсангүй. Энэ талаар холбогдох хүмүүсээс нь тодруулсан юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хорооны нарийн бичгийн дарга Т.Нямцэцэг

-Нийслэлийн нутаг дэвсгэрийн хороо энэ сарын 4-ний дотор салбар хороод байгуулах ёстой. Ямар учраас хуулийн хугацаанд хийж амжаагүй юм бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны бүрэлдэхүүнд хоёр удаа өөрчлөлт орсон. МНН, ИЗН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоо мэдэгдсэн. Энэ дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрийн хорооны бүрэлдэхүүнд байсан тус намын төлөөллийг хассан. Ингээд шинээр нутаг дэвсгэ-рийн хороо байгуулахдаа хоёр намын төлөөллийн оронд нам бус төлөөллийг оруулсан байгаа юм. Үүнийг Нийслэлийн нутаг дэвсгэрийн хорооны АН-ын гишүүд эсэргүүцэж байгаа. Тиймээс энэ дагуу СЕХ-д өнөөдөр /өчигдөр/ хандлаа. Бидний зүгээс МНН, ИЗН-ын төлөөллийн оронд МАХН, АН-ын нэг нэг төлөөллийг оруулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хорооны дарга Ц.Болдсайхан

-Нутаг дэвсгэрийн салбар хороог хуулийн хугацаанд байгуулж чадсангүй. Мөн маргаашийн дотор хэсгийн хороодыг байгуулах ёстой байдаг. Яг юунаас болоод саатав?

-Өнөөдөр /өчигдөр/ Нийслэлийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүд хуралдах ёстой байсан. Гэвч АН-ын гишүүд хуралдаа ирсэнгүй. Одоогоор найман хүн ирчихсэн байна. Хуралд нийт гишүүдийн гуравны хоёр нь ирсэн тохиолдолд хүчинтэй болдог. Тиймээс хурлын ирц хүрсэнгүй. АН-ын гишүүд нутаг дэвсгэрийн хорооны бүрэлдэхүүнд нам бусчуудыг олноор орууллаа гэсэн гомдол гаргаад байгаа юм шиг байна лээ. Уг нь, тийм асуудал байхгүй. АН-4, МАХН-4, намаасаа түдгэлзсэн гишүүн АН, МАХН-аас тус бүр нэг, нам бус-3 гишүүн байгаа. Түүнээс биш аль нам нь давамгайлаад байгаа зүйл огтхон ч байхгүй.

-МНН, ИЗН төлөөллийн оронд нам бус төлөөллийг оруулсныг АН-ын гишүүд эсэргүүцээд байгаа юм биш үү?

-Тэрний тухайд нэг их асуудал болоод байх зүйл байхгүй шүү дээ. Нам бус төлөөллөөр Тамгын газрын Төрийн сангийн ажилтан, нөгөө нь НИТХ-ын төлөөлөгч гишүүн орсон. Гэтэл хүмүүс намайг өөрийн цэргээ оруулаад ирлээ гэж хардаад байх шиг. Яахав энэ хүмүүс надаас цалин авдаг нь үнэн. Яг үнэндээ бол намын төлөөлөл гээд байгаа тэр хүмүүс чинь сонгуулийн дараа бүгд л хаяад явчихдаг байхгүй юу. Тэгээд бичиг цаас, данс тооцооны ажлыг хэн хийдэг вэ гэхээр нөгөө л нам бус төлөөллөөр орсон манай ажилтнууд хийдэг юм шүү дээ. Хүмүүс нам гэж ярихаа болих хэрэгтэй. Бүх юмыг улстөржүүлээд л байх юм. Ингэлээ гээд яах юм бэ эцсийн дүндээ төрийн ажил л саатаад байна. Уг нь, одоо салбар хороо байгуулах тогтоол нь гарчихсан байгаа. Үүнийг шийдэхэд сайндаа л 30 минутын ажил болно шүү дээ. Гэвч нам нам гээд хуралдаа ч ирж суухгүй л юм байна шүү дээ. Ер нь ч тэгээд СЕХ-ноос нутаг дэвсгэрийн хорооны бүрэлдэхүүнд намаасаа түдгэлзсэн ч гэх шиг тийм юм оруулсан байх юм. Би намаасаа гараа л биз гэтэл СЕХ буцаад намд нь оруулаад байгаа юм уу хаашаа юм. Ингэж болохгүй л байхгүй юу. Хүн намаасаа гараад дотроо аль намаа дагах нь тэр хүний өөрийнх нь хэрэг биз дээ.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн

-НИЙСЛЭЛИЙН нутаг дэвсгэрийн хорооны гишүүд хуулийн хуга-цаанд салбар хороодоо байгуулж чадаагүй талаар танайд хандсан уу?

-Нийслэлийн АН-аас манайд өнөөдөр /өчигдөр/ албан бичиг ирсэн. Энэ бичигт ИЗН, МНН төлөөллийн оронд АН, МАХН-ын төлөөллийг оруулж өгнө үү гэсэн байна лээ. Энэ асуудлыг СЕХ-ны хурлаар авч хэлэлцэх болно. Хөдөө орон нутгаас ийм төрлийн гомдол хэд хэд ирсэн. Мөн 10 гаруй аймгаас Нутаг дэвсгэрийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж өгөх талаар хандсан. Энэ бүгдийг нийлүүлээд СЕХ хуралдана. Хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.

П.Ариун

Дугаар 070/649/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button