Замын ажлын гүйцэтгэлээс 20 тэрбум сох дутжээ

Нийслэлийн төв замуудад бол энэ нь энгийн үзэгдэл. Зам дагаж хөгжил гэдэг. Харин Улаанбаатарт зам дагаж там гэж хэлэхэд хилсдэхээргүй болжээ. Зөвхөн энгийн жишээ татахад, Спортын төв ордны өмнөх төв замын томоос том хагархай гурван долоо хоногийн турш нийслэлийн Авто замынхны нүдэнд үл өртөж, авто хөлөгтнүүдийн уурыг барж байна. Зөвхөн ингээд зогсохгүй заримд нь явган зорчигчийн амиар наадах шалтаг болж байгааг үгүйсгэх аргагүй билээ. 32-ын тойргийн зам, Зуун айл тэр чигтээ галзуу хулганы бартаат тойргоор жолоочийг хөтөлж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай олон удаа хөндсөн ч хэрүүлийн алим болохоос өөр ид шидгүй өнгөрсөн. Хариуцлагагүй төр, том толгойтой компаниудын гайгаар гэмгүй иргэд хэдий болтол амь насаа замын нөхөөс болгох вэ.

Зам барилгын 250 орчим компани манай улсад бий. Тэдний ердөө 30 нь ажлаа хийж, бусад нь хэдийнэ тэтгэвэртээ гарчихжээ. Учир нь, хөрөнгө санхүүгийн гачигдалд нэрвэгдсэн хэмээн захирлууд нь мэдэгдэж байна. Тэд улсаас 20 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор шаардсан ч нааштай хариу сонсоогүй аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэдэнд татвар төлөгчдийн хуримтлуулсан төсвийн мөнгөнөөс 11 тэрбум төгрөг олгох боломжтой. Хаврын чуулганаар замын төсвийг хэлэлцэж нэг мөр болгохоор гишүүд ч санал нэгдээд байгаа аж. Түүнээс гадна өнгөрсөн оны төсвийн зарцуулалтад дүгнэлт хийж хэн хэдэн төгрөгийг юунд зарцуулж, үр дүн нь хэрхэн гарсан тухай ч энэ үеэр олонд ил болно. Өнгөрсөн онд нийслэлийн захиргаанаас зам арчлалтад урьд хожид гаргаж байгаагүй их хөрөнгө зарцуулж буйгаа сүртэй мэдэгдлээр олон нийтэд танилцуулж байсныг эргэн саная.

Мэдээж, хуруу хумсаа хугалан байж олсон бидний татварын мөнгөөс л тэд энэ ажилдаа хэрэглэсэн. Төсөв хэлэлцэх үеэр замын ажилд зарсан бүхний үр дүнгхэлэлцэх ёстой. Авто зам, тээврийн салбарт өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр 45.5 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 58.3 тэрбум төгрөг заржээ. Өөрөөр хэлбэл, нийт 103.8 тэрбумыг энэ ажилд төрөөс өгчээ. Харин төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр авто зам, гүүрийн ажлын гүйцэтгэл 83.4 тэрбум төгрөг болж байгаа нь төлөвлөгөөнөөс 20.4 тэрбум буюу 19.6 хувиар буурч биелсэн үр дүн гарч байна. Ийнхүү төрөөс мөнгө авчихаад хагас дутуу ажил хийснээ замын компаниудын эзэд түүхий эдийн үнийн өсөлт, ажилчдын цалингийн тариф өссөн, тендер хугацаандаа зарлагдаж чадаагүй, туршлагагүй нэгнийг нь тендерт ялуулдаг зэрэг нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байна.

Төрөөс тэдэнд энэ мөнгийг өгөхдөө нарийн судалгаа тооцоо хийсэн байж таараа. Тэгээд ч компанийн эзэд энэ мөнгийг хүлээж авахдаа уургын морь шиг ажлаа хийхдээ ургаа хад шиг аашилж байна. Харин Саятан хотын нэг үзүүлэлт, шалгуур нь сайн чанарын хурдны зам. Хурдны зам барих бололцоогүй гэвэл хагарч бутарсан, эвдэрхий замаа засчих. Тун энгийн хэрнээ ээдрээтэй энэ асуудлыг өнөө хэр шийдэх толгой гараагүй л байна. Нийслэл авто замын газар талаар цацсан будаа шиг хөл толгой нь олдохгүй. Ямартаа ч замыг буух эзэн буцах хаягтай болгожээ. Энэ жил авто замын сан-д техникийн үзлэгээс дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ярьж байна. Өмнөх жилүүдэд ч энэ хуримтлалын мөнгөөр зам засварын ажлыг хийсэн гэдэг. Жолооч нарын халаасыг сэгсэрч олсон хэдэн төгрөгөөр чухам аль замыг шинэчилсэн нь сонин.

И.Чинтогтох

Дугаар 79/3151/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button