Д.Зүмбэрэллхам Хоёроос доош голч дүнтэй төгссөн хүнийг шалгалтад оруулахгүй

-Энэ жил төрийн албан хаагчаас авах шалгалтын журамд өөрчлөлт орсон гэсэн. Яг ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Төрийн албанд анх орох иргэдээс авах мэргэжлийн шалгалтын журмыг баталлаа. Энэ журамд хэд хэдэн шинэлэг заалт орсон байгаа. Шалгалтыг ямар зориулалтаар авах вэ гэдгийг шинэчилсэн. Өмнө нь, шалгалтыг эдийн засаг, хууль эрх зүй гэх зэргээр салбарлаж авдаг байсан. Энэ жил салбар салбараар нь авахгүй. Ер нь, бүгд л төрийн албанд орж байгаа болохоор төрийн албанд ороход юу мэдэх ёстой тийм л нийтлэг зүйлээр авах юм. Мөн тестийн шалгалтад тэнцсэн хүмүүст дипломынх нь голч үнэлгээ магистр, докторын зэрэг тухайн хүний мэдлэгээ дээшлүүлсэн үзүүлэлтээр 1-10 оноо нэмэхээр болсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр их дээд сургуулийн голч оноо дээд тал нь дөрөв байдаг. Ингээд оноогоо бүгдийг авсан хүнд дөрвөн оноо нэмж өгөх юм. Магистр хамгаалсан бол нэг оноо нэмж авна. Гадаадад магистр хамгаалсан бол мөн нэг оноо авах жишээтэйгээр дээд тал нь 10 оноо авах боломжтой. Мөн хоёроос доош голч дүнтэй төгссөн хүнийг төрийн албаны шалгалтад оруулахгүй.

-Өмнө нь, төрийн албаны шалгалтад ийм заалт байсан уу?

-Өмнө нь, ийм шалгуур тавьж байгаагүй. Хоёроос доош голч оноотой хүн чинь дөнгөж D үнэлгээ авч төгссөн гэсэн үг шүү дээ. Гэхдээ голч дүн хоёроос доош дүнтэй төгссөн хүмүүс үйлчилгээний албанд орж болно шүү дээ.

-Төрийн албаны шалгалтын тестийн тухайд?

-Болж өгвөл цаасгүйгээр авах бодлого барьж ажилласан. Гэвч одоо шалгалт өгч байгаа бүх хүнийг компьютерийн ард суулгаад оноог нь шууд гаргаад ирдэг тийм программ манайд байдаггүй юм байна лээ. Тиймээс тестийг компьютерийн сэлгээ хийж олон варенттай болгоно. Ингэсэн тохиолдолд бие биеэсээ хуулах боломжгүй. Энэ аргаар шалгалт авсан тохиолдолд тест задарсан гэх яриа гарахгүй.

-Тестийн санг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

-Ирэх долоо хоногт тестийн сан бүрдэнэ. 1000 гаруй тестийг мэргэжлийн сургуулийн багшаар хийлгэж байгаа. Шалгалтад орж байгаа хүмүүст хандаж хэлэхэд тестийн материалыг хэн нэгэн хүнд захиж найдаад, танил талаа ашиглах гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь ямар ч амжилт үзүүлэхгүй. Тиймээс шалгалт өгч байгаа хүмүүс өөртөө л найдах хэрэгтэй.

-Тэгэхээр та өмнөх жилүүдэд тестийн шалгалтад маргаан гардаг байсан гэж хэлэх гээд байна уу?

-Өмнө нь, тест задарсан, танил талаараа тэнцүүлдэг гэх яриа сонин хэвлэлээр гардаг л байсан. Ийм байдал үнэхээр гарсан эсэхийг би мэдэхгүй. Тиймээс ийм хардлага сэрдлэг төрүүлэхгүй байх үүднээс бүх зүйлийг зохион байгуулсан.

-Шалгалт авах өдөр хойшилсон байна. Яагаад хойшилчихсон юм бэ?

-Шалгалт авах өдрийг энэ сарын 25-26-нд авахаар товлож байсан. Шалгалтын материалыг компьютерт хийж байгаа хүмүүс хугацаа хэрэгтэй байна гэсэн санал тавьсан. Тиймээс шалгалтыг ирэх сарын 2-3-нд авахаар төлөвлөөд байна.

-Шалгалтын бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Онлайнаар бүртгэж байгаа. Бүртгэл эхлээд хоёр хонож байна. www.CSC.goү.mn хаягаар орж бүртгүүлэх боломжтой. Өмнө нь, шалгалт болох өдрөөс хэд хоногийн өмнө бүртгэдэг байсан. Харин энэ жилээс илүү урт хугацаагаар бүртгэхээр болж байгаа юм.

П.Ариун

Дугаар 070/649/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button