Тендер завшиж, төмрийн хогоор онгоц эвлүүлдэг хүн иргэний нисэхийг удирдаж чадах уу?

Үүрэггүй үүрэг гүйцэтгэгчтэй ажиллаж ирсэн ИНЕГ-т удирдлага томилох тухай эртнээс дуулдсан. Энэ газрын дарга болж, мөнгөний авдар сандайлах хүсэлтнүүдийн хобби, лобби нэг бус төрийн өндөр албан тушаалтны толгойг эргүүлж, саарал ордноор хөл хөдөлгөөн өрнөөд авсны эцэст Г.Даваа гэх эрхмийн нэр сонсогдох болов.

Байнга удирдлагын асуудал яригддаг болохоор ИНЕГ удирдлагадаа халгаатай газар уу гэх асуулт тавигдах байх. ИНЕГ Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нэгэн адил улсыг тэжээдэг саалийн үнээ учраас үе үеийн саальчид нь төрийн бус өөрийн сав суулгыг дүүргэхэд улайрч, улмаар цагдаа, шүүхийн хаалга татчихдаг гэмтэй. Өөрөөр хэлбэл, төрийн хөрөнгө, мөнгө болоод онгоц, хүн хоёрт халтай төдийгүй энэ чиглэлд гаршиж, туршлагажсан хүмүүс энэ газрыг толгойлж ирсэн. Одоогоор нэр тодроод буй Г.Даваа ч ИНЕГ-ыг удирдах чиглэлд бус уруудуулах эрдэмд туршлагажсан нэгэн. ИНЕГ-ын даргын суудалд иймэрхүү хүмүүс нэрээ дэвшүүлж, Төрийн албаны сонгон шалгаруулалтад 15 эрхэм уралджээ. Тухайлбал, сонгон шалгаруулалтад Г.Даваатай өрсөлдсөн Х.Александрийг МИАТ-ийн захирлаар ажиллаж байхад буюу 1997 онд Дундговь аймагт онгоц осолдож, найман хүн амиа алдсан. 1998 онд Хөвсгөл аймгийн Байшинт ууланд онгоц унаж, 23 хүн амь эрсэдсэн. Онгоц жолоодоогүй ч удирдагаар хангах үүрэг хүлээсний хувьд Х.Александр үүргээ биелүүлээгүй гэж болно. Гэтэл тушаал дэвшин Москвад төлөөлөгчөөр томилогдон найман жил ажиллажээ.

Япон улсад МИАТ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирсэн Х.Наранхүүг МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 1995 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Дүүрэн ууланд АН-24 онгоц осолдож, 50 хүний амь эрсдсэн. МИАТ-ийн захирлаар томилогдсоны нь дараахан 2000 онд Увс аймгийн малчин суманд МИ-8 нисдэг тэрэг осолдож, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсан болон гадаад, дотоодын таван хүн амиа алдсан. Онгоц осолдсон нь юунаас болов гэлцдгээс бус осол яагаад гарав? Шалтгаан нь юу байв? Аюулгүй байдлыг хангаж чадсан уу? Техник, тоног төхөөрөмжийн иж бүрдэл бүрэн байсан уу? гэх олон асуултад хангалттай хариу, баримт материалыг тэр бүр бүрдүүлсэн нь үгүй. Тендер, төрийн худалдан авалтын мөнгөөр туйлдаг ИНЕГ онгоцны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдаж авах нэрээр мөнгө зувчуулж, чанаргүй, хоцрогдсон тоног төхөөрөмж оруулж ирдэг. Гологдлоор засаж сэлбэсэн эвлүүлэг нислэгийн алдаа гаргах, осол аваар хийх нь аргагүй. Энэ байдал ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн үед ч уламжлагдаж, сандал, ширээ булаацалдсан хурган дарга нар булхайгаа дуудалцахдаа хулгайгаа ярьцгаасан удаатай.

Энэ бүхнийг дурдахын учир өдгөө ИНЕГ-ын даргад горилогч, цаашид ихээхэн магадлалтай байгаа Г.Даваагийн хийж сурсан, туршлага хуримтуулсан ажил ийм. Тэрээр ИНЕГ-ын дарга асан Дагвын үед тус газарт Бодлого, зохицуулалт, гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байв. Дагвын баруун гap гэгддэг Г.Даваа тендерийн мөнгөөр хэдэн тэрбумаар үнэлэгдэх хэрэггүй төмөр цуглуулж, ИНЕГ-ын агуулахыг дүүргэж орхисон нь өдгөө зэвэрч муудсан. Тэр бүү хэл, онгоцны алсын зайн илрүүлэгч локатр нэртэй монголд ашиглах боломжгүй төхөөрөмж хүртэл түүний цуглуулгад бий. ИНЕГ-ыг тус салбарт багаар бодоход 15 жил тогтвортой ажилласан, таваас доошгүй жил удирдах алба хашсан, нисэхийн техник, технологи, удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой эрхэм байх учиртай. Гэтэл төрийн мөнгийг зувчуулан төмрийн хог цуглуулж онгоц эвлүүлэгчийг ИНЕГ-ын толгойд суулгавал, онгоц осолдохгүй, хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа алга, төсөв шамшигдахгүй, тендер будлихгүй ч гэх арга алга.

О.Нэргүй

Дугаар 79/3151/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button