Монголын барилгачдын Ү их хуралд оролцогчдод

үе үеийн барилгачдын төлөөлөгч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж Их хурлын ажиллагаанд амжилт хүсье.

Хориод жилийн өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих хүнд үеийн бэрхшээл хамгийн түрүүнд барилгын салбарт туссан ч барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбар богино хугацаанд сэргэж, зах зээлийн шинэ харилцаанд дасан зохицож чадсан нь яах аргагүй Та бүхний гавъяа гэдэгтэй хэн ч маргахгүй байх аа.

Өдгөө манай барилгын салбарт шинжлэх ухааны ололт, нарийн технологи нэвтэрч, техникийн боломж нь сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нь дээшилж, боловсон хүчний мэргэжил, ур чадвар нь өсч, энэ салбар ямар хурдацтай хөгжиж байгааг өдрөөс өдөрт сүндэрлэж байгаа барилгууд харуулж байна.

Дэлхий нийтээр нүүрлэсэн санхүү, эдийн засгийн хямралын өнөө үед Та бидний өмнө дахин том сорилт тулгарлаа. Энэхүү сорилт бэрхшээлийг сөрөн зогсч хохирол багатайгаар гэтлэн давах туршлага, боломж байгаа гэдэгт Засгийн газар итгэж байна.

Хүн амыг орон сууцжуулах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, ажиллах хүчээр хангах талаар бид Та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллаж, энэ хүндрэл бэрхшээлийг даван туулах эрмэлзлэл төгс байгаагаа илэрхийлье.

Ард түмнийхээ сайн сайхан амьдрал, улс орныхоо хөгжил, цэцэглэлийн төлөө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийн тулд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан бэлтгэх, өндөр хөгжилтэй орнуудын техник, технологийг нэвтрүүлж ашиглах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, ажлын эрч далайц, чанарыг дээшлүүлэх зорилт Та бүхний өмнө тулгарч байна.

Монголын үе үеийн ахмад барилгачдынхаа баялаг туршлагыг бүтээлчээр өвлөн авч, залуу үеэ сурган дадлагажуулж, барилгын салбарыг хөгжүүлэхийн төлөө бүтээлчээр хандан өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button