Говьсүмбэр аймгийн Засаг даргыг эрүүгийн хэргээр шалгаж байна

Учир нь, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Уг нь, хэдэн сарын өмнө Ж.Баянмөнх даргатай холбоотой авлига авсан байж мэдэх баримтуудыг нутгийн иргэд АТГ-т гаргаж өгсөн ч, тус газрынхан тоолгүй орхисон байна. АТГ-ын мэргэжилтнүүд Говьсүмбэр аймагт очиж байдалтай танилцаад эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн билээ.

Харин нутгийн иргэд энэ талаараа Улсын ерөнхий прокурорт хандсаны дагуу Ж.Баянмөнх албан тушаалаа урвуулан ашигласан байх үндэслэлтэй байгаа тул энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг АТГ-т үүрэг болгожээ.

Ийнхүү АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ хэргийг шалгаж эхэлсэн байна. Түүнд холбоотой хавтаст хэрэгт эхнэр А.Оюуны Нарлаг Чойр компанид олгосон газрын эрхийн бичгүүд хууль бус байсан, уурын зуухны засвар, ашиглалтын тендер будилуулсан зэрэг баримт байгаа ажээ. Ж.Баянмөнх тус аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлснээсээ хойш Өвөрмонголын иргэн Т.Түмэнбаярын АНДИ компанид Шивээ-Овоо, Баянтал сумын уурын зуухны засварын ажлыг тендергүйгээр өгч улсын төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байна. Мөн тус компанийн хариуцсан уурын зуух доголдоод, орон сууцны дулааны шугам хагарч, хөлдсөн тохиолдол ч гарч байжээ. Энэ бүхэнд нутгийн иргэд Засаг даргаа буруутай гэж үздэг байна.

Түүний энэ мэт хууль бус үйлдлүүд илчлэгдэж, нутгийн зарим иргэн АТГ, УПЕГ-т өргөдөл өгснийг мэдсэн Засаг дарга газар эзэмшүүлэх тухай зарим захирамжаа хүчингүй болгосон байна.

Аймгийнхаа төвийн, үйлдвэр үйлчилгээ явуулах хамгийн боломжийн газрыг авахаар хандсан иргэдийнхээ хүсэлтийг шийдвэрлэлгүй явсаар хугацаа алдуулж, харин эхнэртээ олгосон нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэл болсон бололтой.

Тэрээр эхнэрийнхээ компанид газар олгох шийдвэр гаргахдаа бас хэд хэдэн компанид газар эзэмшүүлэх захирамж гаргасан байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард Чингисийн хар алт компанид найман га газар олгожээ. Харин Нарлаг Чойр компанид зургаан га газар олгосны таван га-г нь Глобал транс ХХК-д худалджээ. Эдгээр шийдвэр бүхэлдээ хууль бус уу гэдгийг ч АТГ -ынхан шалгах нь ээ. Учир нь, Засаг дарга Ж.Баянмөнх газрыг дуудлага худалдаанд оруулалгүй, шууд л эзэмшүүлэх захирамж гаргасан юм байна.

Ж.Түвшин

Дугаар 070/649/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button