Цагдаа нар морьтой эргүүл хийнэ

Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ОНХА-ны байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхбаатараас энэ талаар тодруулсан юм.
-Танай дүүргийн цагдаагийн хэлтсээс явуулын пост ажиллуулж эхэлсэн гэл үү?
-Тиaм. Энэ явуулын пост 13 дугаар хорооллын Нэгдэлчин зочид буудлын хойно байрлаж байгаа. Ингэснээрээ Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр шөнө, оройн цагаар зогсдог биеэ үнэлэгчдийг хянах, тэдний үйлдлийг таслан зогсоох зорилготой юм.
-Энэ постод хэчнээн цагдаа ажиллаж байна. Цаашид нэмж байгуулах уу?
-Пост маань явуулын гэдэг утгаараа хаана шаардлагатай байна, тэнд нь хүрч ажиллах ёстой юм. Бие бүрэлдэхүүний хувьд зургаан цагдаа 24 цагаар ажиллаж, 48 цаг амарна. Дээрээс нь нэг офицер давхар ажиллаж байна. Шөнийн цагаар тэр хавиар хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Биеэ үнэлэгчдийг зуучилдаг хүнийг илрүүлэх, тэднийг тээвэрлэдэг таксиг хүртэл саатуулж байгаа. Цаашид биеэ үнэлэгчдийн сүлжээг олж тогтооход энэ пост чухал ач холбогдолтой.
-Морин эргүүл хаана, яаж ажиллаж байгаа юм бэ?
-Үүнийг манай цагдаагийн хэлтсийн харьяа Амгалан дахь цагдаагийн тасгийнхан өөрсдөө дөрвөн морь худалдан авч морин эргүүл ажиллуулж эхэлсэн. Энэ нь нутаг дэвсгэрийн хувьд том хүн ам олноор суурьшсан Амгалан, Батоник, Улиастай, Хонхор, Гачуурт зэрэг газраар өдрийн цагаар явна. Мөн Туул голын эрэгт амарч байгаа хүмүүст ч хяналт тавьж ажиллана.
Г.БААТАР_
Дугаар 112/691/