Хэрэг хийгээгүй залуус ял-аас чөлөөлөгдлөө

хоригдож байсан хоёр эмэгтэй хүүхдэдээ очиж, 11 хүүхэд шоронд биш гэртээ хүмүүжихээр болсон юм. Тэдэнд долдугаар сарын 1-нд эмх замбараагүй байдлын үеэр танхайрсан гэж ял сонсгосон юм. Уучлалд Г.Энхцэцэг, Б.Бадамханд нарын хоёр эмэгтэй багтжээ. Б.Мөнгөнхуяг, Э.Чандманьбаатар, Х.Бат-Эрдэнэ, С.Баянмөнх, Д.Болдбаатар, Р.Балданбат, Э.Заяат, Ц.Евгенев, С.Мөнгөн, Х.Цэрэн-Очир, А.Шинэбаяр нарын 11 хүүхэд орсон байв. Тэдний зарим нь тэнсэн харгалзах ял авсан бол нөгөө хэсэг нь баривчлах ял, бүр 2-4 жилийн хорих ялтай нь ч байсан юм. Зарим хүүхэд анхан шатны шүүхээс ял сонссон ч Дээд шүүхээс үүнийг нь хойшлуулсан байжээ.

Харин тэдний үйлдсэн гээд байгаа хэрэг нь ердөө л тэнд болж байгаа үйл явдлыг сонирхох гэж очоод газарт хаягдсан зарим нэг эд зүйл авсан, хүмүүстэй нийлж уриа хашгирсан, нэг нь бүүр МАХН-ын хүндэт тэмдэг гэдэг гурван тэмдэг авсан байсан юм. Огт өөр газарт явж байгаад цагдаа нарт баригдсан гэх хүн ч байгаа билээ. Харин тэднийг цагдаа, мөрдөн байцаагчид хүч хэрэглэж байж хэрэг хүлээлгэсэн гэдгийг өмгөөлөгч нь ч, хүний эрхийн ажилтнууд ч удаа дараа мэдэгдсээр байсан юм.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр уучлал үзүүлсэн зарлигаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр өөрийн биеэр ирж танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал Монголд дахин битгий давтагдаасай. Хийж бүтээх ид насандаа дөрвөн залуу бусдын гарт хөнөөгдөж, бидний ирээдүй болсон гэнэн томоогүй хүүхэд, залуучууд гэнэдэж гэмт хэрэгтэн боллоо. Түүнчлэн цагдаагийн олон албан хаагч эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс би долдугаар сарын 1-ний үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүүхэд, эмэгтэйчүүддээ уучлал үзүүлэх шийдвэр гаргасан юм гэв.

Хүүхдүүд өнгөрсөн хугацаанд буруу зүйл хийснээ ойлгож ухаарсан байх. Тиймээс тэдэнд Монгол Улсын ухамсартай, хариуцлагатай иргэн байх нөхцөлийг нь бүрдүүлж өглөө хэмээн эцэг эхчүүд нь ярьж байв.

С.Баянмөнх /17 настай/

-Би нэг жилийн тэнсэнтэй суллагдсан байсан юм. Заасан хугацаанд нь очиж цагдаа, шүүхийнхэнд бүртгүүлдэг. Энэ хэрэгт холбогдсондоо гэмшдэг. Анхан шатны шүүхээс гурван жил хорих ял сонсч, дөрвөн cap орчим Ганц худагт хоригдсон. Дээд шатны шүүхээр надад оноосон ялыг тэнсэн болгоод сулласан юм. Долдугаар сарын 1 -нд болсон үйл явдлыг сонирхохоор ганцаараа тэнд очсон. Тэгж явж байгаад л цагдаа нарт баривчлагдсан юм. Хэрэг хийгээгүй байхад цагдаа нар зодож хэрэг хүлээлгэсэн. Хан-Уул дүүргийн байцаагч байсан юм. Нэрийг нь одоо санахгүй байна. Энэ явдал миний амьдралд том сургамж болсон. Одоо дахиж хэзээ ч хэрэгт холбогдохгүй. Коллежид орох гэж хөөцөлдөж байгаа. Бүтэх байх аа.

Ц.Евгений/17 настай/

-Долдугаар сарын 1-ний үйл явдал бол бидэнд том сургамж болсон. Зургаан cap гаруй шоронд суусан. Хоригдож байх хугацаандаа буруу зүйл хийсэндээ их гэмшсэн.

Өршөөлийн дуулиан буюу Н.Энхбаярын найруулсан драм

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, өршөөл үзүүлэх нь гэдэг мессэж өнгөрсөн долоо хоногийн сүүлч, амралтын өдрүүдийн сенсаац байлаа. Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг, хар тамхины хэрэгтэй Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг өршөөх нь тодорхой боллоо гэх мэдээлэл Ерөнхийлөгчийн тун ойрын эх сурвалжаас хэвлэлийнхэнд хүрсэн юм.

Харамсалтай нь, долдугаар сарын 1-ний хэргээр ял сонссон хүмүүсийг суллах яриа сүүлийн 2-3 хоногт бүдгэрч, зөвхөн хүүхдүүдийг суллаж магадгүй гэх таамаг болж хувирлаа. Ерөнхийлөгч 13 хүнийг өршөөх бус, уучлах баримт бичигт гарын үсэг зурав. Бүр уг шийдвэрээ бариад ШШГЕГ-т Ерөнхий¬лөгч өөрийн биеэр гүйж очив.

Хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусч байгаа Ерөнхийлөгч үймээнд оролцсон хүүхдүүдийг уучлахаар болсонд хэд хэдэн учир шалтгаан байх шиг. Өнгөрсөн сонгуульд ялагдсан нь, сонгуулийн кампанит ажил нь тэр чигтээ өрсөлдөгчөө доош хийж, гутаан доромжлоход чиглэсэн нь Н.Энхбаярын нэр хүндийг нэг мөсөн унахад хүргэсэн. Улс төрийн хүрээнээс арчигдаж, мартагдах, амрахдаа тулаад байгаа Н.Энхбаярын хувьд сүүлийн арав гаруй жил олны анхаарлын төвд байсан сайхан цаг нь үгүйлэгдэж таарна. Бүх хүн түүнд тал засч, санасан болгоноо биелүүлэхэд саад бэрхшээл гардаггүй өдрүүд дуусахаас айсан Ерөнхийлөгч энэ уучлал, өршөөлөөр нэр төрөө бага ч болов сэргээх гэсэн зорилго байж болох.

Уг нь, тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ зарлигийг гаргаж болох байсан ч тэгээгүйд бас нэг учир байж таарна. Мэдээж, тэрээр ялна гэдэгтээ итгэлтэй байсан, хэрэв ялчихсан бол үймээнд оролцогсдыг өршөөхгүй байж л дээ. Даанч, санаснаар нь болоогүй болохоор Сайн Ерөнхийлөгч байсан юм гэж ард түмнээр магтуулах гэсэндээ энэ шийдвэрийг гаргав.

Хэрэв тэр үнэхээр сайн хүн юм бол, уучилж өршөөхдөө гар татдаггүй нэгэн юм бол үймээнд оролцсон хэмээн яллагдаад байгаа 260-аад хүнийг бүгдийг нь яагаад сулласангүй вэ. Долдугаар сарын 1-ний хэргээр яллагдагсдыг суллана гэсэн сүртэй мессэж тараагаад 10 гаруй хүүхдийг сулласнаар нүд хуурч дуусгадаг нь Н.Энхбаярын найруулсан жүжиг. Тэртэй, тэргүй шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн өдрөө л тэднийг бүгдийг нь өршөөх магадлалтай.

-Учир нь, Ц.Элбэгдорж, ард түмэнтэйгээ амь нэг байж, залуучуудаа шоронд биш, сургуульд явуулдаг Ерөнхийлөгч байх болно гэж амласан. Тэгэхээр Н.Энхбаяр түүнээс өрсч энэ шийдвэрийг гаргасан, гэхдээ дийлэнхийг нь торны цаана үлдээгээд суудлаасаа буух гэж байгаа нь бас шалтгаантай. Ц.Элбэгдорж үлдэгсдийг суллана. Тэнд 260-аад хүн байгаа, одоо болтол хэрэг нь шийдэгдээгүй 20-иод хүн лав бий. Тэднийг шинэ Ерөнхийлөгч өршөөмөгц Ц.Элбэгдорж өөрийнхөө хийсэн хэргийг цайруулж, долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон буруутай нөхдийг сулаллаа. Тэр үймээн самууныг Ц.Элбэг¬дорж зохион байгуулж, МАХН-ын байрыг шатаагсдыг турхирсан гэдэг мессэжийг дахиад нийгэмд тараах нь. Энэ бол Н.Энхбаярын л бодож олсон, унаж буй нэр хүндээ бага ч болов сэргээж, шинэ Ерөнхийлөгчийн талаар таагүй сенсаац дэгдээх гэсэн төлөвлөгөө.

Хэрэв, Ц.Элбэгдорж үлдсэн 260-аад хүнийг суллаж, Н.Энхбаяр бэлтгэсэн мессэжээ тараасан ч ард түмэн уг үйл явдлыг өөрсдийн ухамсраараа л хүлээж авна. Одоогийн Ерөнхийлөгчийн санаж сэдэж байгаачлан Элбэгдорж өдөөн турхирагч байжээ гэж үзэхгүй л дээ. Харин ч Н.Энхбаяр онц байдал зарласнаас болж буруугүй атлаа буруутан болсон олон хүнийг өршөөсөнд талархах болно.

Н.Энхбаярын хүний эрх чөлөөгөөр өөрийнхөө PR-ийг хийсэн энэ байдал нь түмний дургүйг хүргэж мэдэх л юм даа.

Б.Алтан

Дугаар 113/692/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button