Монголын залуусыг тэтгэлэгтэйгээр сургах асуудлыг АНУ-ын сенат авч хэлэлцэнэ

Гари Локтай албан уулзалт хийж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна. С.Батболд сайд АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ил тод байдлын хэлэлцээрийг байгуулах чиглэлээр америкийн талтай ажиллаж байгаа тухайгаа ярисан байна.
Эдгээр баримт бичгүүдийг байгуулснаар манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт нэмэгдэх таатай орчин, боломж бүрдэх юм байна. Айлчлалын хүрээнд Монгол, Америкийн 4 дэх удаагийн бизнес форумыг эрчим хүчний сэдвээр зохион байгуулж буй бөгөөд энэхүү арга хэмжээ нь хоёр талын энэ салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болохоор чухал гэнэ.
Мөн С.Батболд АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны гишүүн Ричард Лугартай уулзсан байна. Тэрээр АНУ-д Монголын оюутнуудыг сургах бололцооны талаар монголын олон нийтэд хандаж нээлттэй захидал бичсэн сенатч Лугарт талархал илэрхийлж, цаашид Монголын оюутнуудыг АНУ-д тэтгэлэгтэйгээр сургахад туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
Р.Лугар Монголын өөрчлөлт шинэчлэлийн замнал нь бүс нутагтаа үлгэр дууриал болж буйг онцлон тэмдэглэхийн хамт саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль үүний нэг илрэл болсныг дурджээ. Ричард Лугар оюутны тэтгэлэгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, дэмжлэг үзүүлэхээ нотолж, Гадаад харилцааны сайдын Вашингтонд хийж буй айлчлалын үеэр Сенатын Гадаад харилцааны хорооны хоёр намын удирдлага болох АНУ-ын Сенатч Ж.Керри, БНН-ын Сенатч Р.Лугар нар хамтран Монголыг дэмжсэн тогтоолын төслийг боловсруулж Сенатын чуулганд өргөн барьж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Мөн өдөр Гадаад харилцааны сайд С.Батболд Дэлхийн банкны Зүүн Азийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жеймс Адамстай уулзжээ. Уулзалтын үеэр Ж.Адамс төсөв, санхүүгийн бэрхшээлтэй байгаа бусад орнуудтай харьцуулахад МУ-ын Засгийн газар эрчимтэй, шуурхай ажиллаж, ОУВС-тай тогтмол зөвшилцөж буйг сайшаан тэмдэглэсэн байна.
Гадаад харилцааны сайд С.Батболд МУ-ын төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан ОУВС-аас олгож буй санхүүжилтээс гадна Дэлхийн банкнаас олгохоор тохиролцож буй 40 сая ам долларыг шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Албан ёсны эдгээр уулзалтуудад АНУ-д суугаа элчин сайд Х.Бэхбат, УИХ-ын гишүүн, Монгол, Америкийн парламентын бүлгэмийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Г.Занданшатар нар болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Olloo.mn