Я.Батсуурь Малчдыг татвараас хавтгайруулан чөлөөлөх явдал буруу
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр малчидтай холбоотой хоёр ч хуулийн төсөл хэлэлцэж, нэгийг нь баталлаа. Экспортын ноолуурын татварыг тэглэсэн явдал хир нүдээ олсон алхам болов?
Өнөөдөр малчдын амьдрал маш хүнд байна. Төв суурин газар амьдарч байгаа иргэд дэд бүтцээр хангагдсан амьдрах тохьтой орчинд амьдардаг. Гэтэл малчин хүний амьдралыг өнөөгийн Дэлхий ертөнцийн хөгжлийн түвшинтэй харицуулахад үнэхээр хүнд байна. Хэдий олон тооны малтай боловч энэ амьдралын хэв маяг нь хэвээр л байдаг. Тэд маш хямдханаар амьдраад сурчихсан учир тэр болгон төрөөс ямар нэг халамж үйлчилгээ нэхээд байдаггүй малынхаа ашиг шимээр л өөрсдийгөө болгоод явдаг хүмүүс.
Яг орлогынх нь түвшингээр харицуулахад эдлэж хэрэглэж байгаа зүйлсээр нь ч гэдэг юм уу харьцуулахад малчид амьжиргааны доод түвшингээр амьдарч байгаа нь нүднээ ил байна шүү дээ.
Энэ утгаараа өнөөдөр УИХ-ын чуулган дээр малчдын талаар хоёр ч хуулийн төсөл баталлаа. Нэг нь ноолуурын экспортын татварыг тэглэх тухай хууль батлагдлаа, нөгөө нь хүн амын орлогын албан татвараас малчдыг чөлөөлөх тухай хуулийн анхны хэлэлцүүлэг дэмжигдлээ.
Миний хувьд энэхүү хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талаас зарим гишүүдийн шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авах нь зүйн хэрэг.
Хүн амын орлогын албан татвараас малчдыг чөлөөлөх нь малчдад ашигтай, хэрэгтэй боловч улс орны эдийн засаг хийгээд бусад зүйлд сөргөөр нөлөөлж болох талтай. Манайхан чинь иргэдээ бүртгэж авч чаддаггүй шүү дээ. Yүнээс болоод сонгуулийн үеэр нас барсан хүнээр санал өгүүлдэг, нэг хүн хэд дахин санал өгдөг зэрэг хууль бус үйлдлүүд гараад байдаг. Олон улсын жишгийг хараад байхад иргэдээ бүртгэхдээ регистрийн дугаараар бүртгэдэггүй юм байна. Яаж бүртгэх вэ гэхээр хүн болгон татвар төлөгчийн дугаартай, нөгөө хэсэг нь нийгмийн халамжийн дугаартай. Тэхээр нийгэмд хүн эсвэл татвар төлдөг, эсвэл халамж авдаг юм байна. Халамж, татвараас ангид хүн гэж байдаггүй нь эндээс харагдаж байгаа биз. Бид малчдынхаа татварыг бүр мөсөн чөлөөлчихлөө. Манайд 600 гаруй малчин иргэн, 171 малчин мянган өрх байна. Энэ олон мянган иргэдээ бүртгэх татварын бааз суургүй л болчиж байгаа юм л даа. Тиймээс миний бодлоор татвараас бүр мөсөн хавтгайруулж чөлөөлөхийн оронд цөөн малтай амьжиргааны түвшин доогуур 500 толгойгоос доош гэдэг ч юм уу малтай иргэдээ чөлөөлөөд, малчдын 10 гаруй хувь нь болсон 1000-аас дээш толгой малтай иргэдээс зохих хэмжээний татвар авч байх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь иргэдээ бүртгэх татварын бааз суурийг үгүй хийчхэж байгаа нь бас буруу алхам боллоо гэж зарим гишүүдийн шүүмжийг хүлээж авах хэрэгтэй юм лдаа.
Экспортын ноолуурыг татвараас чөлөөлсөн хууль гарсан нь бодит амьдралтай хир нийцэх бол?
Өнөөдрийн хуралдаан дээр малчдын талаар яригдсан бас нэг асуудал бол Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгээр дэмжигдэж батлагдлаа. Энэ нь экспортын ноолуурын татварыг тэглэсэн явдал. Зарим гишүүд энэхүү хуулийг цаг хугацааны хувьд хоцорсон эсвэл түргэдсэн гэсэн шүүмжлэлийг өгч байгаа нь үнэн л дээ.
Yүнийг оны эхнээс баталчих ёстой байсан юм. Энэ нь манай Засгийн газар, УИХ-ын урагшгүй, удаан үйл ажиллагаанаас болсон хэрэг. Өнөөдөр малчдын гар дээр ноолуур байхгүй. Ченжүүдийн гар дээр аль хэдийн оччихсон байгаа юм. Тэгэхээр хугацаа алдсанаас болоод ченжүүдийг дэмсэн хууль баталж байна гэж зарим гишүүдийн шүүмжилдэг нь зөв. Би түрүүн хэлсэн. Хэрэв энэ хуулийг оны өмнө баталчихсан бол ноолуур гарахаас өмнө гэсэн үг малчдад наалдах үр дүн нь их байсан байх. Харин өнөөдөр малчид ноолуураа ченжүүдэд тушаачихсан хойно малчдын хувьд ашиг олохгүй болчиж байгаа юм. Гар дээрээ жоохон ноолуур хадгалаж байгаа хэсэг малчид л бага хэмжээний ашиг олох байх. Тэрнээс ченжүүд хураачихсан ноолуураа татваргүйгээр гаргаж болохоор болонгуут гаргачихна энэ нь ченжүүдэд л ашигтай.
Нөгөөтэйгүүр бас зарим гишүүдийн үндэсний үйлдвэрлэлээсээ эсрэг хууль батлагдчихлаа гэдгийг бодитойгоор хүлээж авах хэрэгтэй. Ноолуурын экспортын татварыг тэглэснээр 4000 гаруй хүн ажлын байргүй үлдэнэ гэж Л.Гантөмөр гишүүний хэлж байгаа нь оргүй зүйл биш л дээ. Yнэхээр үндэсний үйлдвэрлэгчиддээ ноолуураа өгөхөөс өмнө өндөр үнээр гадныханд өгөх сонирхол малчдад төрнө гэсэн үг.
Тэхээр энэ удаагийн экспортын ноолуурын татварыг тэглэсэн явдал хэсэг хүрээнийхний ашиг сонирхолд нийцүүлэн баталсан хууль болж таарах нь. Тиймүү?
Хууль гэдэг бол олон талын ашиг сонирхолын нэгдэл дээр босох ёстой. Өнөөдөр манайд амьдрал дээр нийцэхгүй, ашиг сонирхолын бүлэглэлүүдийн эрхийг хамгаалсан хуулиуд гараад байна. Тухайлбал ноолуурын тухай хууль гаргахын тулд малчдынхаа, ноолуур үйлдвэрлэгчдийнхээ, ченжүүдийнхээ, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонох ёстой. Энэ бүгдийн санал хүсэлт дүгнэлтийг сонсож байж, алтан дунджийг барьсан хэн хэнийх нь эрх ашгийг гишгэхгүйгээр тийм л хууль баталбал амьдрал дээр нийцэж, урт удаан настай хууль болно. Гэтэл манайхан тэгдэггүй ‘’өө би малчин сонгогчтой’’ гээд л сонгогчдынхоо эрх ашгийг дэмжсэн хууль гаргачихдаг гэтэл үүний цаана улс орны эдийн засгийн эрх ашиг, тэр олон бүлэглэлүүдийн эрх ашиг гэж байна. Энэ болгон бүтнээрээ тусгагддаггүй. Yүнээс болоод хууль удаан насалдаггүй, амьдралд хэрэгждэггүй.
Хууль нь батлагдчихлаа хэрэгжилтийн бэлтгэл ажил хир байгаа бол. Өнөөдөр хууль гарсныг сонсоод л ченжүүд ноолуураа ачаад хил дээр баахан дараалал үүсгэх байх даа?
Нэг зохицуулагдаагүй зүйл гэвэл хүлээн авагч хөрш орноос түүхий ноолуур гаргах албан ёсны зөвшөөрөл диплотат шугамаар авагдаагүй байгаа. Yүний улмаас манайхаас гаргаад явуулчихдаг Хятадын талд очингуут нь манайх гаргахгүй гээд хураадаг ч юм уу, буцаадаг ч юм уу хүмүүст маш ихээр чирэгдэл учируулдаг. Ийм тохиолдол гарах магадлал өндөр хэвээр байгаа.
Яагаад гэвэл ноолуур салаа туурайтай малын түүхий эд учир элдэв төрлийн хорио цээртэй өвчин элбэг гардаг. Тиймээс манайх тэр өвчний голомтоос ангид биш байдаг учир энэ төрлийн түүхий эдийг боловсруулаагүй гаргавал нөгөө талдаа хүндрэл учируулдаг талтай. Тиймээс хамгийн түрүүн энэ талын зохицуулалтыг дипломат шугамаар зохицуулах нь зүйтэй.
Olloo.mn
Л.Бат.