С.Баяр эгзэгтэй байдалд орлоо
нэгэн өдөр зад татах нь тодорхой. Түүнтэй адил үзэгдэл ах намд үүсээд байна. Уг нь МАХН 1996 оны УИХ-ын сонгуульд анх удаа үнэмлэхүй ялагдал хүлээхэд тухайн үеийн удирдах албан тушаалтнууд хариуцлагаа ухамсарлаж шууд огцрон илүү нээлттэй бодлого хэрэгжүүлж байв. Тухайн үед МАХН-ын дарга байсан Б.Даш-Ёндон сонгуулийн дүн гарсны дараахан би энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх эрхгүй хүн гэж уучлал гуйн дэвтэрээ сугавчлаад гарсан гэдэг. Тэгээд МАХН-ын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээр огцорч, Н.Энхбаяр, Л.Энэбиш, Ө.Энхтүвшин гэсэн эрч хүчтэй хүмүүс намын нүүр царай болж, хөдөө хотгүй хөндлөн гулд аялж иргэдтэй уулзалт ярилцлага өрнүүлж, гадаадын зүүний чиглэлийн намуудтай харилцаа холбоо тогтоож, Социнтернд элсч байлаа. Тэр үед ху нам өөрчлөгдөж алдаа оноогоо дэнсэлж, олон чадварлаг залуучуудаар эгнээгээ тэлсэн юм. Үүнийхээ хүчинд ч дараагийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж парламентын 72 суудлыг авч байлаа. Шинэчлэлийн гараагаа эрчтэй, зөв эхлүүлсэн хэдий ч дундаас нь булингартаж эхэлсэн гэдэг. Энэ үеэс бизнесийнхэн элгэмсэх болж нам ч бийлэгжүү болсон гэдэг нь үнэний ортой.
Тэгээд 2004 оны сонгуулиар өнөөх үнэмлэхүй ялалт нь ялагдлаар солигдож парламентад 38 суудал авч дангаараа засгаа байгуулах хөг нь өнгөрч бусад улстөрийн хүчинтэй ИХ эвслийн Засгийн газрыг хамтран байгуулж байлаа. Угтаа энэ нь МАХН-ын хувьд томоохон ялагдал байсан ч тухай үед өмнөх шигээ хариуцлага тооцоогүй. Бүлэглэлүүд хүчээ авч, тэд асуудлыг шийддэг болсон байв. ИХ эвслийн Засгийн газар байгуулах далбаан дор өрнөж байсан шүүмжлэл нь бүүдийж тэгсхийгээд мартагдсан гэхэд хилсдэхгүй. Гэвч МАХН-ын нэр хүнд олон түмний дунд унасаар. Газрын наймааны булхай сөхөгдөж, ээлж дараалан хадгаламж зээлийн хоршоо дампуураад, САПУ худалдааны төв шатаад, МИ8 нисдэг тэрэг осолдоод, Хадгаламж банкны хэрэг дэгдээд энэ бүхэнд улстөрийн ууган намын нэр хавчуулагдаж нөлөө бүхий гишүүдийг холбоотой хэмээдэг байлаа. Тиймээс ч хадгаламж зээлийн хоршоод, САПУ-гийн хохирогчид МАХН-ын саарал байрны өмнө өлсч, жагсаж, суулт зарлаж, харааж зүхэж байхад иргэний хөдөлгөөнийхөн төрийн ордныг тойрон гороолж, ордны цонхыг хага цохин, замын хөдөлгөөн хүртэл хааж сандаргана. Энэ бүхнээс үүдээд хамаг зүйлийн буруутан МАХН гэсэн ойлголт ч нийгэмд түгж байв. Дээрээс нь МАХН дотроосоо задарч эхэлсэн юм. Бүлэглэл фракциуд нь эрх мэдлийн төлөө хоорондоо хөлөө жийлцэж, элдвээр бие бие рүүгээ дайрцгаах нь гаарч, олон жигүүр хөдөлгөөнүүд мэндлээд л. Намаа шинэчлэхийг уриалсан, дотоод ардчилал ус агаар шиг дутагдаж байна гэж шүүмжилсэн хөдөлгөөнүүд цөн түрэх шиг энэ намд шинэ уур амьсгалыг төрүүлэх болсон юм. Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүрийн араас Шинэ эргэлт, Улаан сарнай, Онц их хурлын төлөөх хөдөлгөөн байгуулагдаж намын дарга, удирдах зөвлөлд байс хийгээд сонордуулга, шаардлага хүргүүлж, Их хурлыг хугацаанаас нь өмнө хуралдуулахыг шахаж байв.
МАХН-ын дарга М.Энхболдын нэр хүнд намынхан дундаа унаад зогсохгүй, толгойлж байгаа Засгийн газрын нь үлбэгэр бодлого ч олон түмний дургүйцлийг төрүүлж байлаа. 2008 оны сонгууль дөхөөд байхад МАХН-ын нэр хүнд нэг иймэрхүү, сонгуулиар ялалтын туг хатгана гэсэн найдвар ч бүүдгэр байв. Гэвч Намын их хурлыг чуулж, намын даргыг С.Баяраар сольж, түүний тэргүүлсэн Засгийн газрын шургуу ажиллагаа олны эргэсэн итгэлийг эргүүлж их сунгаанд өвдөг шороодохоос аварсан юм. МАХН-ын XXҮ их хурал нийгэмд энэ нам шинэчлэгдэх нь, шинэ дүр төрхтэй болох нь гэсэн найдварыг төрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Энэ үеэр намын даргын сонгууль явуулахаас гадна Бага хурлын 225 гишүүнийг сонгож намын аппаратыг бүхлээр нь өөрчилсөн. Зургаан нарийн бичгийн даргатай болж Удирдах зөвлөлдөө хэл ам татлаад байсан жигүүр хөдөлгөөнийхөөс оруулж өөрчлөлт хийв. Тодруулбал, шинэхэн намын дарга болсон С.Баяр Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүрийн зохицуулагч Ц.Оюунбаатар, Шинэ Эргэлт хөдөлгөөний тэргүүн Ч.Жаргалсайхан нарыг Удирдах зөвлөлдөө багтааж, жигүүр хөдөлгөөнийхөнд сонгууль дөхөж байгааг сануулан эв нэгдэлтэй байхыг үүрэгдэж, задраад байсан намаа зангидах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Угаасаа даруулгатай гишүүд зөрж гүйгээд ам хэлээ билүүдээд байдгаа больж дараалан болох сунгаануудад бүдрэх вий гэж эмээх болсон. Тэгээд ч бас онц их хурлаар баталсан баримт бичгүүд хэрэгжээд шинэ өнгө аястай болно ч гэж найдсан биз. Гэвч өөрчлөгдөх эргэлт түр зуурынх байж дахиад хуучин хэвэндээ оров. Нөгөө хэлж ярьж, батлаж байсан зүйлс нь тунхаг болж, алдаа гаргасан нь хариуцлага үүрдэг болно гэсэн шударга зарчим нь уландаа гишгэгдэж, үнэхээр чадалтай хүнийг шилж сонгодог болно гэсэн боловсон хүчний бодлого биелэлээ олохгүй олигархи бүлэглэлүүд хамгийг шийддэг байдал нь үргэлжлэхээр гишүүд, дэмжигчид бухимдаж үгээ хурцлахаас аргагүй.
Шинэчилнэ гэж дээлийнхээ өнгийг сольсон дүр эсгээд угтаа чанарын өөрчлөлт орохгүй байгааг мэдрэхээр алийн болгон намаа эв нэгдэлтэй юм шиг харагдуулах гэж хүлээсэнд баригдах вэ дээ. Тиймээс ч Намын онц их хурлаас хойш ямар өөрчлөлт оров гэж жигүүр, хөдөлгөөнийхөн намын даргаасаа, Удирдах зөвлөлөөсөө асууж шалгаах болж. МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Н.Удвал намын дарга өндөр албан тушаалд томилох хүний нэрийг Удирдах зөвлөлд оруулангуут тэд нэгэн дуугаар батлаад гаргадаг. Уг нь тухайн албан тушаалд томилох гэж байгаа хүнийг хэрхэн ажиллаж , ёс зүйн алдаа дутагдал гаргаж байсан эсэхийг Ёсзүйн хороогоор оруулж хэлэлцэнэ гэж заасан ч огт хэрэгжээгүй гэжээ. Мөн Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүрийн зохицуулагч М.Далайхүү Манай нам дүр төрхөө өөрчилж, боловсон хүчний бодлогодоо шударга зарчим барьж, сонгуулиар ялагдал хүлээвэл албан тушаалтнууд хариуцлагаа үүрдэг болмоор байна гэв.
Тус жигүүрийнхэн яаралтай хэлэлцүүлэг хийж алдаа оноогоо ярилцаж, Намын бага хурлыг нээлттэй хийхийг шаардаж байгаа юм байна. С.Баярт шаардлага хүргүүлж, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд байдлыг танилцуулсан хэдий ч одоог хүртэл ямар ч хариу ирүүлээгүй аж. Тиймээс тус жигүүрийнхэн хүлцэнгүй суугаад байхгүй гэдгээ мэдэгдэв. Цаашид ямар л боломжит арга зам байна тэр бүхнийг эрэлхийлэхээ ч зарлалаа. Үүгээр МАХН-д бужигнах хөдөлгөөн хязгаарлагдахгүй бололтой. Таг чиг болсон бусад хөдөлгөөнүүд дахин босохыг ч байг гэхгүй. Дээрээс нь залуучуудын гээд элдэв холбоо эвсэл ч мэндлэхийг үгүйсгэх аргагүй юм. Нийслэлд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааны буруутныг хайхаар эхэлсэн бужигнаан цаашлаад улам гүнзгийрч намд бугшаад байсан олон асуудлыг сөхөхөд хүргэж байна. Нийслэлийн намын хорооны дарга Т.Билэгт огцрох өргөдлөө өгч, МАХН-ын хүчтэй бүлэглэл болох Хотын фракцынхан түүний орыг залгах хүнээр Б.Мөнхбаатарыг тодруулсан болоод асуудлыг намжаахгүй. Уучлал эрээд суудлаасаа буучих улстөрийн соёлгүй, биеийн байдал тааруухан байна гэж шалтаг хэлээд албан тушаалаасаа татгалзах өргөдөл өгсөн Т.Билэгт даргын үйлдэл намын гишүүдийн дургүйцлийг улам гааруулж байна.
Нийслэлийн намын хорооны бүрэлдэхүүнийг тэр чигээр өөрчилж эрч хүчтэй, шударга хүмүүсийг томилж, дүүрэг, хорооны үгширсэн сүлжээг задлахыг шаардах болж. Тэгэхлээр энэ удаад МАХН хэлбэрээ бус агуулгаа өөрчилж чадах уу, С.Баяр шинэчлэлийг түргэтгэх үү эсвэл гэсэн олон асуулт урган гарч байгаа юм. Үүний өмнө 600 гаруй төлөөлөгчдийг чуулуулж зузаан баримт бичгийг батлан гаргаад сонгууль дөхснөөр далайлган үг хэл хурц нөхдүүдээ дуугүй болгож нийгмийн сэтгэлзүйг өөрчилж чадсан бол энэ удаад тийм ч амархан буулгаад авч дөнгөхгүй л болов уу.
Д.Доржпагма
Дугаар 095/1021/