Н.Лхагвадорж Гуйж цол авах нь бөхийн жудагт нийцэхгүй
Ингээд олноо Задгай шар хэмээн алдаршсан Булган аймгийн Сайхан сумын харъяат аймгийн хурц арслан Н.Лхагвадоржтой ярилцсанаа хүргэе. Тэрбээр 1959-1963 онд улсын наадамд дөрөв давж байсан юм.
-Үндэсний бөхөд гаргасан амжилтаасаа танилцуулаач?
-Өөрийнхөөрөө явсаар л аймгийн хурц арслан болсон хүн дээ. Улсын наадамд таван ч удаа дөрөв давсан. 1956 онд цэрэгт байхдаа дөрөв давсан минь ном зохиолд бичигддэггүй юм билээ. Харин 1959-1963 онд ид барилдаж байхдаа улсын цолонд ойртсон дөрөв нь бичигдсэн. Өөрийгөө хамт олон хийгээд сайхан бөхчүүдийн дэмэнд л барилдаж явсан гэж боддог. Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Төв аймгийн Д.Сосорбарам, А.Чойжилсүрэн, Д.Дамдин аварга, С.Цэрэн аварга, Б.Түвдэндорж багш гээд сайхан хүмүүс байлаа. 1959 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст ажиллаж байхад Зэлтэрийн атрын сангийн аж ахуй байгуулагдаж тэнд дархан аварга Ш.Батсуурь намын илгээлтээр жолооч болж очсон байсан. Ингээд аймгийн наадамд бид хоёр үзүүр, түрүүнд үлдэж Ш.Батсуурь аваргыг давж аймгийн арслан цол хүртсэн юм. 1969, 1970 онд Дорнод аймгийн наадамд түрүүлж, цолоо бататгасан. Тухайн үед аймгийн хурц арслан гээд л цоллуулж явлаа. Миний уугуул нутаг Булган аймгийн Сайхан сум. Бичиг баримт маань Булганы Хишиг-Өндөр сумаар явдаг. Сайн найз нөхдийн буян, олон сайхан бөхчүүдийн дэмээр өдий 75 насыг зооглож явна даа.
-Улсын наадамд ямар бөхчүүдээр дөрөв давж байв?
-Эхний жил Завхан аймгийн харъяат улсын начин Намсангаар дөрөв давсан. Түүний дараахь жил аймгийн арслан Равдан-Очироор, ардын хувьсгалын 39 жилийн ойгоор Өлзийсайхан арслангийн хүү Эрдэнэ-Очир арсланг улсын начин цолтой байхад нь давж байсан. Ардын хувьсгалын 40 жилээр Монгол даяар хулгар гэж алдаршсан улсын заан Дамдиндоржоор дөрөв давж байлаа.
-Таны дархан мэх юу вэ?
-Хөлд гүйж орно. Ер нь аль нэг талаар нь хүний хөлд орсон байхад надад даахгүйн зовлон байгаагүй. Архангайн Д.Жамц арслан, Г.Дэмүүл арслан, Барилгачин нийгэмлэгийн ноёны бөхөд гарч байсан бүдүүн Жигмэддорж начин нарын том биетэй бөхчүүдийг чөлөөтэй даадаг байлаа. Одоо барилддаг байсан үеэ бодоход сайхан санагддаг.
-Таныг данхраад арслан гэж ярьдаг юм билээ?
-Хөлд ороод өргөдөг болохоор ийм нэртэй болсон гэж зарим хүн боддог юм. Би тээврийн тэрэгний жолооч. Тэгсэн замд нэг талын хоёр дугуй хагараад бүтэн дугуйгаа дагнаж тавихаар болтол данхраад байгаагүй. Тэр хавийн айлын хүнийг гуйж туслуулахаар болж Энэ модыг доогуур нь хий. Би машин өргөнө гэсэн. Мөрөн дээрээ даавуу тавьж байгаад дугуйг нь хөндийрүүлж ивээс хийлгэж аваад дугуйгаа сольж байлаа. Энэ явдлыг олон хүн мэднэ. Одоо ч мэддэг 70 гарсан настай жолооч нар бий. 1951 онд модон кабин, дөрвөлжин карлантай ЗИС-5 машины жолооч болж байлаа. Миний багш Хөвсгөл аймгийн харъяат улсын начин Бат-Эрдэнэ гэж олон жил тавдугаар баазад хөдөлмөрийн аварга болсон жолооч байсан. 46 жил тэрэг бариад тэтгэвэрт гарахдаа гай тарьж, гавъяа байгуулсангүй эгэл амьдарч ирлээ. Бусдын адил төлөвлөгөөгөө биелүүлдэг жолооч байсан. Харин уржнан жил Онц тээвэрчин цол тэмдгээр шагнуулсандаа баяртай байдаг.
-Таныг задгай шар гэдэг байжээ. Яагаад ийм хочтой болсон бэ?
-Тав, зургаан настайдаа монгол гутал өмсдөг байлаа. Тэгсэн манай нутгийн өвгөн миний өрөөсөн гутлыг тайлаад хагас км газар цасан дээр гүйлгээд өгч байсан юм. Энэ үеэс л ингэж дуудуулах болсон доо. Тэр өвгөн намайг бөх болох хүү гэж бодоод л чийрэгжүүлж тэвчээр шалгасан байх. Нутгийнхан намайг цэрэгт явахаас өмнө Лхагвадорж гэж дуудахаасаа илүү задгай гэдэг байсан. Бүр баазын дарга хүртэл задгай гэж дууддаг байсан шүү. Би энэ нэрэндээ айхтар зэвүүцдэггүй. Намайг авч явдаг нэр гэж ойлгодог. Миний алдар гавъяанд хүрэх зам энэ нэртэй холбоотой. Би задгай барилдаантай, задгай ааш араншинтай хүн. Өргөдгөөрөө задгай шар шиг гэж хэлэгдэж л байсан. Хувь хүний үүднээс бусдыг дээрэлхэхгүй, бусдад илүү үзэгдэхгүй энгийн сайхан монгол хүн байхыг хичээж ирлээ.
-Үндэсний бөхөөр хэзээнээс барилдсан бэ?
-Цэрэгт ирээд л бөхөөр хичээллэсэн дээ. Тухайн үед цэргийн ангиудын хооронд уралдаан тэмцээн их зохионо. Барилгын нэгдүгээр батальон гэж байсан. Тэнд Завхан аймгийн Идэр сумын харъяат аймгийн арслан Дэлгэр гэж бөх бид хоёр л цэргийн ангиудын барилдааны түрүүг ээлжээр авдаг байлаа. Баярын бичиг, боодол тамхи, 15 төгрөг гээд хөөрхөн л шагнал авчихдаг байсан. Гурван төгрөгийн цалинтай цэргийн хүнд 15 төгрөгийн шагнал гэдэг том мөнгө шүү. Тэр үеийн 15 төгрөг одоогийн 150 мянган төгрөгтэй тэнцэхээр үнэ цэнэтэй. Би үндэсний бөхөөр 1979 он хүртэл 20 гаруй жил барилдсан. Үнэнийг хэлэхэд бөхийн талаар шавь байхгүй ч намайг багшаа гэж дууддаг олон жолооч бий.
-Удахгүй улсын наадам болно. Та ид барилддаг байхдаа хэзээнээс бэлтгэлдээ гардаг байв?
-Би улсын наадамд барилдана гэж бэлтгэл хийж байгаагүй шүү дээ. Ерөөсөө л тээвэрт гараад явчихна. Хөдөөнөөс долдугаар сарын 10-нд ирээд л маргааш нь нийслэлд ирж барилдаад дөрөв давдаг байсан. Наадамд бэлтгэл хийж барилдсан тохиолдол ганц бий. 1961 онд Сонгины амралтад 14 хоног бэлтгэл хийсэн юм. Бэлтгэл хийсэн жил арай өөр байдаг юм билээ. Гэхдээ тэргээ бариад тээвэрт яваад ирэхэд л бараг бэлтгэл хангагдчихдаг юм. Ачаагаа буулгана, дахиад ачина, татна, түлхэнэ гээд бүх л төрлийн бэлтгэл болно. Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Ховд аймаг ороод долдугаар сарын 10-нд ирлээ л дээ. Тэгсэн баазын дарга Баясах гэж хүн нягтлан бодогч, албаны нярав, хоёр слесарийн хамтаар өрөөндөө хүлээж байсан. Намайг орж ирэхэд гурван өдрийн томилолт өгөөд, машиныг маань сайхан цэвэрлээд явуулсан юм. Дарга Хэдэн төгрөгийн томилолт авах вэ гэсэнд би Хэдэн хүүхэддээ хуушуур аваад өгчих 800 төгрөг л авъя гэж билээ. Тийм их мөнгө аваад гарч явтал хүмүүс гайхаж байсан юм. Ингэж л улсын наадамд зодоглож байлаа даа.
-Наадмын торгон дэвжээг өнгөлж яваа бөхчүүдийн талаар юу хэлэх вэ?
-Сайхан залуучууд олон байна. Улсын баяр наадмаас гурван жил дараалан Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг гэсэн сайхан арслангууд төрлөө. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү өрсөлдөөнтэй сайхан наадам болно гэж бодож байна. Заалны барилдаануудаас харахад энэ жил аймгийн арслан улсад их л дээгүүр явах болов уу. Түрүүлдэггүй юм аа гэхэд үзүүр булаалдах хэмжээний наадам болох байх. Улсын цолтой бөхчүүд ч олон төрнө. Манай хуучин аваргууд сайн барилдахгүй юм. Минийхээр ийм сайхан залуучууд ид л барилдаж, түрүүлж, үзүүр булаацалдаж баймаар санагдана. Гэтэл амлаж авсан бөхдөө унах болж.
-Бөхийн найраа гэж ярих болсон. Та яагаад олон жил улсын цол авч чадаагүй юм бэ?
-Би ер нь Бууж өгөхгүй, буулгаж барилдахгүй гэж л барилддаг байсан. Хүмүүс Чи олон жил сайн барилдлаа. Энэ жил цаадуулдаа учраа хэлбэл нэг нь аваад улсын цол өгнө байх гэдэг байсан. Тэгэхэд нь Улсын цолгүй хүнийг Хан уулын ард барилдуулахгүй гэхгүй биз дээ гээд л… Өөрийн чадлаар цол авна гэж зүтгэдэг байсан юм. Энэ жил дөрөв давчихлаа аварга аа. Та намайг авчих гэхэд дургүйцэх хүн байхгүй л дээ. Гагцхүү гуйж цол авахгүй гэж зүтгэсэн минь л аатай, шартай гэсэн нэр авахад хүргэсэн болов уу. Бөх хүний зорилго гэж бий дээ. Үнэнийг хэлэхэд улсын цол сайхан байлгүй яахав. Тухайн үед гуйгаад цол авчихдаг байж гэж одоо харамсдаггүй.
-Улсын наадмын тавын даваа ихээхэн өндөр даваа юм байна даа?
-Өдий олон жилийн дараа бодоход би бэлтгэл хийлгүй наадамд ирж барилдахдаа ямарч хүчтэй хүнтэй таарсан дөрвийн даваа хүртэл давж л орхидог байсан. Тэгээд л За дөрөв давчихлаа. Тэртэй тэргүй тав давж чадах биш гэж бодож, өөрийгөө сэтгэлээр унагадаг байсан юм билээ. Тавын даваан дээр ирэхээр л сэтгэлээр тамирдаад ирнэ. Дөрвийн даваанд хүртлээ хэнтэй ч таарсан хөндлөн суугаад л дайрдаг байлаа. Ө.Эрдэнэ-Очир арслан намайг бодоход эгэлгүй хүн шүү дээ. Ардын хувьсгалын 37 жилийн ойгоор Өвөрхангай аймгийн том Санжаатай улсын заан болдог жил нь тавын даваанд үлдээд ойчиж байсан. Гуйж байж цол авах нь бөхийн жудагт хэзээ ч нийцэхгүй. Ноднингийн улсын наадмаас хойш хөөцөлдсөөр энэ жил тэрэнд цол өгнө гэсэн яриа гардаг л юм. Өнөөдөр бөхийн дөрөв, зургаагийн давааг оноолтоор барилдуулж байна. Энэ чинь амлаж авснаасаа дор байдалд орсон хэрэг болоод байгаа. Оноолт хийж байгаа хүний үзэмжээр л шийдэгддэг болсон. Үүнийг хуучин журмаар нь авдаг болгож, бөхчүүдийн жинхэнэ тэнхээг нь гаргаж барилдуулах хэрэгтэй. Давчихаар хүнийг давахааргүй хүнтэй тааруулна. Харин давахааргүй бөх нь даваад байгаа нь өнөөх л хэл ам дагуулах үндэс болоод байгаа юм. Удахгүй улсын их баяр наадам боллоо. Энэ сайхан дэлгэр цагг төр төвшин байж, түмэн олон амгалан байгаасай. Төрийн наадам сайхан болоосой гэж бодох юм даа.
М.Хангал
Дугаар 22