Топ модель Д.Пүрэвсүрэн Анх би Гоёл наадмаас хасагддаг л модель байсан. Өөрийгөө ялах итгэл, тэмцэл намайг өдий хэрийн модель болгосон
-Жил жилийн Гоёл наадам хэлэх ярих сонин ихтэй болдог. Энэ жилийн топ модель хэн байх бол? Шагнал эзнээ олсон уу үгүй юу гээд л? Ton модель Д.Пүрэвсүрэнгийн хувьд Говь брэндийн нүүр царай болохоос гадна дэлгэцийн урлагт хүч сорилоо. Бүжгийн урлагт чамгүй авъяастайгаа харууллаа?
-Гоёлын даашинз кинон дээр ажиллаж байхад нэлээд ачаалалтай байсан. Их ч бужигнасан. Сүүлийн үед жүжигчнийхээ тал дээр амарч байгаа гэж хэлж болно. Моделийн тал дээр Монгол контент компанитай гэрээ хийж бүрэн хэмжээний эротик зураг авахууллаа. Урд нь би эротик зураг авахуулж, түүнийгээ олон нийтэд цацуулж байгаагүй юм. Харин энэ удаа бол үнэхээр зоригтой алхам хийлээ. Түүнээс гадна Говь брэндийн нүүр царай болж үндэсний үйлдвэрлэлээ сурталчилж байна. Бүжгийн шоунд ч хүч сорьлоо. Өдөр тутмын ажилд нухлагдаж байтал Гоёл наадам хаяанд ирчихэж. Жил жилийн энэ наадам өрсөлдөөнтэй болдог. Моделиудын хүчээ сорьдог, өрсөлддөг ганц том тэмцээн бол Гоёл. Тийм болохоор өрсөлдөөнтэй байх ч ёстой.
-Энэ жилийн топ модель хэн байх бол?
-Манайд чадалтай, авъяаслаг моделиуд олон байна. Тэдний хэн нь ч ялж болно. Тэр энэ гэж нэр хэлэх хэцүү байна. Өрсөлдөнө. Чадалтай нь л болох байх.
-Д.Пүрэвсүрэн Говь компанитай олон саяын гэрээтэй ажиллаж байгаа гэж сонссон. Нууц биш бол гэрээнийхээ дүнг хэлж болох уу?
-Уучлаарай. Боломжгүй байна. Компанитай хийсэн гэрээг задруулахгүй байх үүрэгтэй. Мэдээж боломжийн гэрээ хийсэн.
-Бүрэн хэмжээний эротик зураг авахуулсан чинь олон гоо
бүсгүйчүүдийг зоригжуулж, мисс Оюунгэрэл тэргүүтэй бүсгүйчүүд ч хүч үзээд алдсан. Яагаад ийм зоригтой алхам хийх болов?
-Мэдээж хоёр тал хамтран тохиролцсоны үр дүнд ийм шийдвэрт хүрсэн. Би модель хүн юм чинь зургаа авахуулах ёстой. Өөрөөр хэлбэл энэ бол миний ажил. Мэдээж миний хувьд ч гэсэн залуу насандаа зургаа авахуулах юмсан гэж бодож байсан. Урьд нь эротик сэдэлтэй зураг авахуулдаг байсан ч, энэ бол бүтэн эротик байдлаар авахуулсан анхны зоригтой алхам. Хүн бүхэн өөр өөр үзэл бодолтой учраас заримд нь таалагдана, заримд нь таалагдахгүй байх л даа.
-Шүүмжлэл багагүй дагуулсан. Хэцүү байсан уу?
-Мэдээж шүүмжлэл ирэхийг би мэдэж байгаа. Манайхан чинь хөдөлмөр хийсэн нэгнээ доош нь хийдэг шүү дээ. Тэрэнд бол би сэтгэлийн их бэлтгэлтэй байгаа. Гэхдээ хүмүүс гоо сайхан, урлаг гэдгийг ойлгоосой. Нийгмийн хэцүү нөхцөлд гуньж гутраад явах үед урлаг гэдэг хүнд сэтгэлийн их дэм өгдөг. Тийм болохоор бага ч гэсэн нэмэр болоосой. Мэдээж шүүмжлэлийг их л тавих байх. Тэрэнд би аль хэдийнэ дасчихаж дээ. Тэгээд ч моделиудыг Тэр нь тийм, энэ нь ийм гээд их өөлж, биднээс их зүйл шаарддаг. Тэгж биднийг засч, чиглүүлж байгаад нь ч баярладаг. Тийм болохоор мэргэжлийн үүднээс өөгүй байхыг их хичээдэг дээ.
-Магадгүй эротик киноны санал ирвэл тоглох уу?
-Би уран бүтээлч, жүжигчин хүн. Ямар нэг уран бүтээлд тоглоно гэдэг бол миний ажил. Тийм болохоор юунд ч тоглож магадгүй.
-Монголчууд одоохондоо эротик кино хийх хэмжээнд хүрээгүй байна гэж зарим хүн ярьдаг. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ?
-Бид хэзээ тэгээд хэмжээндээ хүрнэ гээд хүлээх юм бэ. Тэр боломжид хүрэхийн тулд бид л ямар нэгэн алхам хийх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь би анх гарч ирэнгүүтээ л топ модель болчихоогүй. Эхэндээ Гоёл наадмаас хасагддаг байлаа. Тэгээд илүү хичээж, хөдөлмөрлөсний дүнд Гоёл наадамд ордог болж, яваандаа топ модель болсон. Үүнтэй л адил бид чадахгүйгээсээ эхлээд чадахаа хүртэл хөдөлмөрлөх л ёстой. Тийм болохоор хэн хийх бол гэж хүлээлгүйгээр бид хийх л хэрэгтэй.
-Тайзан дээр Пүүжээ үнэхээр бусдаас огт өөр харагддаг. Гайхалтай омог бардам санагддаг юм. Яг тайзан дээр алхаж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Яг тайзан дээр алхаж байхдаа… мэдэхгүй юм. Хөгжмөө сонсоод, тэр тайзыг эзэгнэж байгаа ч юм шиг үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрдөг. Түүнээс хэзээ ч Би одоо гурав алхаад эргэнэ, тэгж ингэж зогсоно, үзэгчдийн дунд хэн сууж байгаа бол гэж боддоггүй. Нэгэнт өөртөө итгэлтэй байгаа учраас ямар харагдаж байгаадаа хэзээ ч санаа зовдоггүй. Ер нь тайзан дээр биеэ авч яваа байдал маань амьдрал дээрх миний үзэл бодолтой салшгүй холбоотой. Би их өөдрөг хүн. Аливаад гутраад, гуниад байх дургүй.
-Жингээ барьж, гоо сайхан бие галбираа хадгалахын тулд хоол хүнсэндээ хэр анхаарал тавьдаг вэ?
-Формондоо байхын тулд хичээж, хоол хүнсэндээ маш иханхаардаг. Би тамирчидтай адил уураг хэрэглэдэг. Тараг жимс, аарц, ааруул их хэрэглэдэг. Махан хоолыг гурав, дөрөв хоногт нэг удаа хэрэглэдэг.
-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?
-Хүүхнүүд зурагтаар янз бүрийн клип гарахаар хорвоо дээр өөрөөс нь өөр хөөрхөн хүүхэн байхгүй юм шиг л муулдаг. Энэ нь ч ийм, тэр нь ч тийм гээд л. Яахав, эмэгтэйчүүдийн зан байх л даа. Тэгж шүүмжилж байгаа хүмүүсийг өөрийгөө нэг харчихаасай гэж боддог юм. Өөрөө хэрвээ шүүмжилж байгаа хүнээсээ тасархай байвал болж байна. Миний хамгийн дургүй зүйл бол хүмүүс намайг харсан юм шиг ярьж, бичдэг. Миний юу хийж, идэж ууж, хэнтэй уулзаж байгааг харсан юм шиг бичдэг нь гайхалтай санагдаад байдаг юм. Далдыг хардаг мундаг хүмүүс юм болов уу. Магадгүй тэд орон дотор хамт байсан болоод тэгж бичээд байгаа юм байлгүй. Тэр нь миний эгдүүцлийг маш их хүргэдэг. Гэхдээ би хэзээ ч тэр хүмүүсийн бичсэн шиг байгаагүй болохоор тэрний төлөө бухимдаад ч яах юм билээ. Тэртэй тэргүй тийм зүйл болоогүй юм чинь. Нэг мэдээ гарах бүрт л Би тэгээгүй гээд байх ч хаашаа юм. Сүүлдээ дасдаг юм байна даа. Хүн л юм чинь заримдаа би гудмаар ямар ч хамаагүй хувцас углаад л гардаг. Тэр нь надад эвтэйхэн санагддаг юм. Олны шаардлагад нийцэх гээд л өдөр болгон гоёлын будалттай, цэмцгэр хувцас өмсөөд явахыг хүсдэггүй. Би ажлаа хийх үедээ зохих шаардлагаа биелүүлчихээд бусад үедээ энгийн, байгаагаараа л байхыг хүсдэг. Мэдээж хүн л юм чинь ядарна, уйлна, өлсөнө.
-Охин нь одоо хэдтэй билээ?
-Манай охин одоо зургаатай. Сургуульд орчихсон. American school-д орсон. Бид хоёр ээж охин гэхээсээ илүү эгч, дүү шиг л байдаг юм. Стресс ихтэй үедээ тайтгарлыг гэр бүлээсээ авдаг. Хүн чинь гэр бүлийнх нь амьдрал асуудалтай байхад ажил төрөл нь тийм сайхан байгаад байдаггүй. Гадуур бухимдуу явж байсан ч гэр бүл нь халуун дулаан уур амьсгалтай байвал хүн сайхан тайван байдаг. Мэдээж хөгжим сонсох, найз нөхөдтэйгээ уулзах үе байна. Гэхдээ эдгээрээс гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг илүүд үздэг.
-Охин нь ээж, аав хоёрынхоо хэнийг илүү дуурайсан бэ?
-Мэдэхгүй. Хүүхэд өөрчлөгдөөд байдаг юм шиг байна лээ. Хүмүүс уг нь надтай адилхан л гэдэг юм.
-Ямар мэргэжилтэй хүн болгоё гэж бодож байна даа?
-Эцэг эхчүүд хүүхдээ Тийм болох ёстой гээд сонирхлыг нь харгалзахгүйгээр мэргэжил оноодог. Өсвөр насандаа хүүхдүүд аль чиглэл рүү хөгжүүлвэл илүү авъяастай байх вэ гэдэг нь тодроод ирдэг. Тийм болохоор хүүхдийнхээ авъяасыг л илүү харах байх даа.
-Урлагийн хүн болгох уу?
-Урлагийн хүн болгоно гэж хэзээ ч боддоггүй. Тогоонд нь чанагдаад цаг наргүй ажилладагийг нь мэддэг болохоор хүүхдээ хайрлаад байгаа байж магадгүй. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө хүмүүжүүлэгч ээж гэж хэлж чадахгүй. Охин маань эмээ өвөөгийнхөө школоор л явж байгаа. Би бол тоглоход нь л хамт барбиг нь барьсан шиг л явна шүү дээ. Төрчихөөд анх охиноо харахад хайрлах мэдрэмж төрсөн. Тухайн үед нөхөр маань хажууд байсан. Жижигхэн охиныг минь авч ирээд надад харуулахад үнэхээр сайхан байсан. Тэр бол дахин давтагдашгүй мөч.
-Одоо ганцаарддаг уу?
-Мэдээж ганцаардалгүй яахав. Заримдаа ганцаараа баймаар, заримдаа олны дунд ормоор санагдана. Гэхдээ би сэтгэлээр унаад сүйд болдоггүй. Би баргийн юманд уйлаад байхгүй. Нулимсаа барьж тэвчихээ байсан тэр үед л уйлна. Бүр цээжинд юм бөглөрөөд ирэхийн цагт л уйлна даа. Амьдралд их бага янз бүрийн тохиолдолд итгэл алдах үе байсан л байх. Гэхдээ тэгж айхтар хүндээр гомдож байсан юм байгаагүй.
-Пүүжээ хэр сайн найз вэ. Хүний итгэлийг даахдаа ямар бол?
-Тэрийг найзууд л мэдэх байх даа. Аль болох хүнд туслахыг боддог. Өнөөдөр залуучууд нэг нэгэндээ итгэхэд их хэцүү болжээ. Хүний итгэлийг их алддаг болчихож. Гэхдээ энэ нь нийгмээс хувь хүний амьдралд нөлөөлж байгаа нөлөөлөл болов уу. Итгэлийг алдахгүй байхаас өөр аргагүй байдалд ордог ч юм уу. Яагаад гэвэл амьдралдаа байгаа сэтгэл хангалуун бус байдлаа өөртөө ашигтай зүйлийг олохын тулд бусдыг хуурах байдалд хүрдэг байх.
-Та дэлхийн загварын тайзан дээр ч гологдохооргүй модель болсон. Бардам зан төрдөг үү?
-Мэдээж тийм зүйл байна. Монголынхоо загварын ертөнцөд тодорхой байр сууринд хүрчихсэн. Өөртөө итгэлтэй байна. Гэхдээ өөртөө ханах ч гэдэг их зангийн илрэл юм шиг ээ. Биеэ тоогоод би-ээр өвчлөөд эхэлвэл доошоо уруудахын л эхлэл болно гэж боддог.
-Пүүжээ их л бодитой хүн шиг санагддаг?
-Би наалинхай биш ээ. Эршүүд талдаа. Тийм наалинхайтаж, аальгүйтсэн хүмүүсийг харахаар алгадаад авмаар санагдаад байдаг юм. Тиймэрхүү хиймэл зүйлд дургүй. Хүнд би их итгэл өгдөг. Магадгүй өгсөн итгэлийнхээ хариуд алддаг байж болох юм. Энэ нь миний сайхан чанар боловч нөгөө талаараа дутагдал болчихдог.
-Амьдрал болоод нийгэм итгэлээр чинь багагүй тоглосон гэдэгтээ санал нэг байна?
-Хүмүүс их итгэл алдаж байна шүү дээ. Ажил дээр ч, амьдрал дээр ч. Дотнын найз хүртэл. Би хүнд итгэмээр байгаа боловч хүмүүс итгэлийг маань даахгүй болохоор сүүлдээ хүнд итгэж чадахгүй тийм муухай байдалд хүрч байна.
-Ямар нэгэн бизнес эрхэлдэг үү?
-Одоохондоо тийм зүйл байхгүй. Гэхдээ үргэлж залуугаараа байхгүй учраас нас ахисан үедээ ямар нэгэн зүйл хийхийн тулд одооноос бэлтгэж өөр чиглэлээр суралцаж байна.
-Гадаадад явж байхдаа энийг нь эх орондоо нэвтрүүлчих юмсан гэж санaa авмаар зүйл их л байдаг байх.
-Шороотой ч гэсэн би Улаанбаатартаа амьдрах дуртай. Гадаадад амьдрах дургүй. Дэд бүтэц ярихаа больё л доо. Гадаадад бүх 00-д нь ариун цэврийн цаас байдаг. Манайд тийм биш. Хэрвээ байвал хэн нэгэн нь гарахдаа хулгайлаад аваад явчихдаг. Салфетка хангалттай байдаггүй. Наад захын ийм соёлоосоо эхлэх ёстой болов уу л гэж боддог.
-Ярилцлага баярлалаа.
Эх сурвалж ТЭРГYYН