О.Цэндсүрэн Стратегийн гэсэн ангилалд дахин орд газар нэмэгдэхгүй

анхаарвал зохих талаар жирийн мэргэжилтнүүдийн санаа бодлыг олон нийтэд хүргэх нь чухал. Тиймээс энэ дугаартаа Уул уурхайн Уул уурхайн инженер, эрх зүйч, О.Цэндсүрэнг урьж ярилцлаа.
-Оюутолгойн гэрээ баталгаажсан, одоо Тавантолгойн асуудал ид яригдаж байна. Энэ цаг үед геологи, уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн бодлогод юуг илүү анхаарвал дээр гэж бодож байна вэ?
-Гэрээ байгуулагдсан нь манай төр, засгийн болоод, манай салбарын хувьд яриангүй чухал ололт амжилт, цаашид томоохон хөрөнгө оруулалт татах сайхан ажил болсон. Гэрээ үзэглэх хүртэл нилээд хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн уул уурхайн том том акул-ууд гэрээний явцийн талаар анхааралтай тандаж байсан нь ойлгомжтой. Одоо харин дэлхийн уул уурхайн зах зээл дээр Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн болов уу гэж бодож байна. Энэ бол маш том ололт. Ер нь манай уул уурхайн салбарт, иймэрхүү том төсөлд дэд бүтцийн асуудал гэж ихээхэн хүндрэлтэй асуудал байдаг. Дэд бүтцийн асуудлыг нь шийдэж чадахгүйгээс болоод дэлхийн хэмжээний томоохон ордуудын ашиглалтын хугацаа хэдэн жилээр хойшилж байсан тохиолдол хэд хэдэн оронд гарч байсан.
-Манайд ч гэсэн энэ талаар асуудал гарах юм биш биз?
-Харин манай хоёр толгойг ашиглахад шаардлагатай төмөр зам барихад уул, геологийн нөхцөл харьцангуй тааламжтай гэж хэлж болно. Төмөр замыг тавихдаа цаашид ашиглалтанд орох ордуудыг бодолцож үзэх, мөн гүн боловсруулалт, үйлдвэржилт, нийгмийн асуудал зэргийг зайлшгүй бодолцох нь чухал. Геологи, уул уурхайн салбар манай улсын эдийн засаг, хөгжлийн түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн цаашид ч ихээхэн үүрэг гүйцэтгэх нь тодорхой байна. Хамгийн гол нь ашигт малтмал ашиглах, хайх асуудлыг зохицуулсан хоорондоо зөрчилтэй, нэг нэгнээ үгүйсгэсэн заалттай холбогдох хуулиудыг нэг мөр цэгцлэх хэрэгтэй байна. Үүний дараа тогтвортой байлгах бодлого барих, төрөөс геологи хайгуулын ажлыг бодлогоор дэмжиж ажиллах нь маш чухал.
Энэ нь ойрын үед ашиглах ордуудыг бий болгох гэсэн санаа. Бас Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, хил орчмын бүс нутагт геологи, хайгууль, судалгааны ажил явуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Хилийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн бүс тогтоосоноор хилийн бүс нутаг эзэнгүйрч хяналт суларч, хууль бусаар ашигт малтмал ашиглах асуудал нилээд гарах болоод байна. Хаа хаанаа лицензийн тоог нэлээд их бага байна гээд асуудал болгоод байгаа. Миний бодож тооцоолсноор тэр яригдаад байгаа лицензүүдийн бараг 70,80 хувь нь тэтгэвэртээ гарах болчихсон судалгаа гарч байна лээ.
Энэ нь хайгуул хийх хугацаа нь дуусч байгаа цаашид сунгах бололцоогүй шууд хүчингүй болно гэсэн үг. Би ганцхан зүйл дээр төр засгаас анхаарч бодлогоор геологи, хайгуулын ажлыг явуулахад дэмжээсэй гэж хэлэх байна. Нэгэнт л төсвийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил явуулахгүй бараг 20 орчим жилийн нүүрийг үзлээ. Энд би зураглал, ерөнхий эрлийн ажлыг хэлээгүй шүү. Газар нутгийн хэмжээтэйгээ харьцуулахад манай орны хувьд судалгааны түвшин геологи, уул уурхайн салбар хөгжсөн орнуудтай харьцуулахад маш доогуур байгаа гэдгийг салбарын хүмүүс бараг бүгд мэдэж байгаа.
-Тэгвэл салбарын хэмжээнд ямар ажил хийчихвэл улс оронд, салбарын хөгжилд сайнаар нөлөөлнө гэж бодож явдаг вэ?
-Хамгийн энгийн санаа авах зүйлийг хэлье л дээ. Өмнөговь аймаг ашигт малтмалаар их баялаг, эдгээр ашигт малтмалыг ашигласнаар орон нутгийн хөгжил, тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бараг хүн бүхэн мэдэж байгаа. Цаашид ч орон нутгийн хөгжил мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Энэ нутагт байгаа энэ их баялаг анхан шатны эрлийн ажлаас ашиглах түвшинд хүрч үр өгөөжөө өгч байгаа нь манай геологчид, уурхайчдын хөдөлмөрийн үр шимээр бий болж байгааг мөн олон улсад танигдсан орд газар болж байгааг ерөөсөө мартаж болохгүй.
Магадгүй манай геологичдын зүтгэлээр дахин нэг битгий хэл Оюутолгой, Тавантолгой шиг ордууд нээж илрүүлэх магадлалтай гэж би хувьдаа бодож явдаг юм. Энэ ажилд төрөөс эрх зүйн орчинг нь боломжийн хирээр бүрдүүлж, дэмжиж ажиллах шаардлагатай. Яагаад томоохон ордууд нээгдэх магадлалтай гээд байна вэ? гэхээр манай үндэсний геологчид маш их чадварлаг болж орчин үеийн багаж техник дээр ажиллаж байна. Зарим геологич гадаадад үнэлэгдээд ажиллаж байна. Манай улсын нийт газар нутгийн дөнгөж 25 орчим хувь нь 150000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажилд хамрагдсан байдаг.
Энэ ажлаар геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтцыг тодруулж хүдэржилтын бүс, ашигт малтмалын илэрцийг тогтоохоос гадна таамаг нөөцийг тогтоон цаашид ордын хайгуулын ажил явуулах үндэслэлийг бий болгодог юм. Энэ анхан шатны чухал ажлыг эрчимтэй, чанартай хийх зайлшгүй шаардлагатай. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох боловч би аймаг, орон нутгийн удирдлагуудад санаа болгож нэг зүйлийг хэлмээр байна. Юу вэ гэхээр улсын төсвөөр хийгдэж байгаа энэ зураглал, ерөнхий эрлийн ажлыг өөрийнхөө нутагт хийлгэх талаар холбогдох яам, агентлагийн нөхдийг ёстой лоббидоод гүйж баймаар байна.
Мөн орон нутагтаа Оюутолгой шиг ордтой болохын тулд тэр нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтарч ажилламаар байна. Одоо байдал ямар байна вэ? гэхээр байгаль орчинтой холбож уул уурхайн компаниудыг эвэртэй туулай үзсэн юм шиг хөөж туудаг, хандив, хяналт шалгалтаар дарамталдаг байдал газар авсан. Гэхдээ би бүх аймагт ийм байгаа гэж хэлж байгаа юм биш шүү. Ер нь төрөөс дэмжлэг үзүүлээд, орон нутгийн удирдлага, геологи, уул уурхайн компаниуд ойлголцоод хамтраад ажиллахад бараг бүх аймагт төсвөө чирээд явах хэмжээний уул уурхайн үйлдвэрүүд ойрын үед бий болно гэхэд эргэлзэхийн зүйлгүй шүү. Би үүнд маш их итгэлтэй байдаг. Боломж ч байгаа шүү дээ. Энд байгаль орчны асуудлыг сайн бодолцох хэрэгтэй.
-Байгаль орчин гэснээс ой усыг хамгаалах, тэр орчмын ашигт малтмалын болон хайгуулын лицензийг цуцлах тухай хууль гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-УИХ-аар баталсан хуулийг сайн муу гэж үнэлэх нь хувь хүний хувьд зохимжгүй зүйл. Мэдээж нилээд судалж, хэлэлцэж байгаад ийм хууль хэрэгтэй гэж үзсэн байх. Би зарим нэгэн салбарын нөхөдтэй, хуулийн салбарт ажиллаж байгаа хуульчидтай энэ хуулийн талаар санал солилцож үзсэн. Би зүгээр л салбарын онцлог талаас, гарч болох сөрөг үр дагаварын талаар өөрийн бодлоо хэлье. Багагүй хөрөнгө зарцуулаад юм олоогүй нилээд товарищ байгаа. Эд нар бол алдагдлаа төрөөс гаргуулаад авчихнаа хөө гээд стрессээ тайлаад энэ хууль хэзээ хэрэгжихийг хүлээгээд сууж байгаа. Энэ бол нэг тал нь. Тэгвэл тэр ойтой, устай, булаг шанд лицензийнх нь нэг хэсэгт хамрагдчихсан, тэр талбайдаа багагүй хөрөнгө зарцуулчихсан нөхдөд төр нөхөн төлбөрийг нь 100 хувь барагдуулж өгөх болж байна.Энд миний тооцоогоор саяхан Айванхоу-гаас орж ирсэн 100 сая доллараас хэд дахин их мөнгө нэхэгдэх тооцоо гарч байгаа юм.
-Нөхөн төлбөрөө төр өгөөд тухайн газруудаа чөлөөлөөд авлаа. Цаашид яаж нүдлэн хамгаалах талаар бас л бодолцох хэрэгтэй байх?
-Лицензийг нь цуцалсны дараа нөхөн төлбөр барагдуулах хугацаанд тэр лицензит талбайд нь хамрагдаж байсан ой, хэсэг мод, булаг, горхи хүний нөлөөгөөр устаж үгүй болсон тохиолдолд лицензийг нь сэргээж өгөх асуудал гарах байх. Үүнийг хаа хаанаа бодолцох зайлшгүй шаардлагатай байна. Манайд хэдхэн бугийн эвэр түүх гэж хэдэн мянган га ойн бүсийг үнс болгодог гажиг үзэгдэл байдгийг бодолцох л хэрэгтэй байх.
Уучлаарай их билэггүй зүйл ярьчихлаа. Уг нь лиценз эзэмшигчдэд тавих шаардлагыг өндөржүүлээд манай Кадастрын албанаас ой, усны сав газарт дахин лиценз олгохгүйгээр зохицуулсан бол арай өөр байх байсан болов уу. Одоо байгаа хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчдэд ой, усны тооллого хийгээд арчилж хамгаалах үүргийг нь хуулиар зааж өгөөд Ой, Усны хэрэг эрхлэх газартай гэрээ байгуулж ажиллуулж болно шүү дээ. Модыг цөлжилт явагдаж байгаа газар, орон нутгийн удирдлагын зүгээс зааж өгсөн газарт 2-3 дахин нэмэгдсэн хэмжээтэй нөхөн үржүүлж хүлээлгэн өгөх, булаг, шандад хайс хамгаалалт хийлгүүлэх зэрэг зохицуулалт хийж өгөх байсан гэж бодож байна.
-Стратегийн ордуудын талаар мэргэжлийн хүмүүс янз бүрийн санаа бодолтой байдаг юм шиг. Ашиглалтын болон нөөцийн талаар та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Мэдээж өөрийнхөө хэмжээнд бодож явдаг зүйл байдаг юм аа. Стратегийн орд гэхээр миний хувьд их өрөөсгөл ойлголт юм шиг санагддаг. Энэ нэр томъёог ордод биш ашигт малтмалд хэрэглэх нь илүү оновчтой байх байсан болов уу.
-Яагаад ?
-Орд гэхээр тухайн ашигт малтмалын байж болох нөөцийг геологи, хайгуулын ажлын аргачлалаар баталгаажуулсан товчхондоо хэмжээгийн л тогтоосон ойлголт. Энэ ордын ангилалд гол шалгуур үзүүлэлт нь ордын хэмжээ байх нь ойлгомжтой. Энэ талаас нь аваад үзэхэд аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр, ихээхэн эрсдэлтэй хайгуулын ажлын үр дүнгээр тогтоосон нөөцийг үнэн зөвөөр мэдүүлж, төртэй хамтарч ашиглалт явуулах нь юу л бол. Компаниуд стратегийн ангилалд арай хамрагдчихааргүй нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлж ашиглалтын явцад нөөцөө өсгөөд явах боломжтой. Энэ нь хуулийн хүрээнд олгож байгаа боломж буюу цоорхой гэж ярьдаг, тийм л зүйл болоод байна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ ангилалд дахин орд газар нэмэгдэхгүй гээд хэлэхэд болохоор байна л даа.
-Та стратегийн орд биш стратегийн ашигт малтмал гэж байх ёстой гэсэн санаа хэлж байна уу?
-Энэ бол миний л санаа шүү. Дээр хэлсэнчлэн дахин энэ ангилалд орж ирэх орд төрөхгүй байх магадлалтай гэсэндээ л заавал ийм ангилал байхаар бол ашигт малтмалаар байвал болох байх гэсэн санаа юм. Ашигт малтмалаар стратегийн ангилал гаргаад нөөц ашигласны төлбөр болон бусад татвараар зохицуулалт хийгээд явж болох байх. Харин ингэхэд хоёрын хооронд жижиг ордыг ашиглахгүй том ордод томоохон хөрөнгө оруулалт хийж байж ашигтай ажиллах нөхцөл бүрдэх байх.
Энэ бол хувь хүний санаа гэдгийг дахин хэлье. Стратегийн орд гэснээс нэг асуудлыг зайлшгүй хэлэхгүй байж чадахгүй нь. Стратегийн ордуудад төрийн төлөөллийн үүрэг гүйцэтгэж байгаа Эрдэнэс Монгол компанийг төрийн зүгээс ёстой бодлогоор гэх үү, маш чадварлаг сайн мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх хэрэгтэй. Мэдээж төрийн оролцооны үлдсэн хувьд хөрөнгө оруулалтын асуудал яригдах нь ойлгомжтой. Тухайн ордуудад нөөцийг яаж, ямар аргачлалаар тогтоосон, цаашид нөөц өсгөх магадлал, ашиглалтын үед гарч болох уул, геологын нөхцөл, технологийн сонголт зэрэг мэргэжлийн нарийн зүйлсийг хөрөнгө оруулагч талдаа ойлгуулах мэргэжлийн ур чадвар шаардсан асуудал зайлшгүй гарч ирнэ. Одоо байгаа тайлангийн түвшинд танилцуулга бэлдээд, гадаадаар сайхан тайлбарлаж яриад болчихно гэж бодвол нилээд цаг алдаж, нөгөө ордуудын үр ашгаа өгөх асуудал зах зээлийн эрэлтээс хамаараад хүндрэх вий гэж бодогдож байна.
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа
-Баярлалаа. Танай сонингоор дамжуулан хэдхэн өдрийн дараа болох уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 87 жилийн ойн мэндийг нийт уурхайчдадаа, гэр бүлийнхэнд нь ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
У.Оргилмаа
Өдрийн шуудан сонин