Тавантолгойн хувь заяаг шийдэх төрийн бодлого түүхий байна

анхны хэлэлцүүлгийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрдэнэс МГЛ ХХК хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг уул уурхайн салбарын эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөллүүд, орон нутгийнхныг хамруулан хэд хэдэн үе шаттай явагдах юм байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт уул уурхайн салбарыг удирдаж байсан сайд дарга нар, энэ салбарт нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, Тавантолгойн ордын хайгуулын шатнаас хийхээс эхлээд нөөцийг нь хүлээн авах, ашиглалтад оруулах ажлыг удирдаж явсан хүмүүс оролцсоноороо онцлог байлаа. Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн орд газрын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, саналын талаар эрдэмтэн судлаачдын байр суурь, санал зөвлөмжийг сонсож Засгийн газарт хүргүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.

Эрдэнэс МГЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн танилцуулснаар Тавантолгой ордын нүүрсний нөөц нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тавантолгой 6.5 тэрбум тонн нөөцтэйн 1.5 тэрбум нь коксжих нүүрс. Гэхдээ олон улсын түгээмэл аргачлалаар тооцвол нөөц нь одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх магадлалтай бөгөөд тэр хэрээрээ үнэд хүрэх боломжтой аж. Тус компани Тавантолгой ордоос урд хөрш рүү нүүрс тээвэрлэх зориулалтаар хоёр урсгалтай стратегийн ач холбогдолтой авто зам барих зөвшөөрлийг авах саналыг Засгийн газарт тавьжээ. Одоогоор Тавантолгойг ашиглах тодорхой хувилбар ажлын хэсэгт байхгүй бөгөөд хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд хувилбараа сонгож, хөрөнгө оруулагчдад тавих шалгуураа бэлэн болгох ажээ. Өөрөөр хэлбэл, ордыг яаж ашиглах, хэнтэй хамтрах нь одоогоор бүрхэг байна Ямартай ч энэ улиралдаа яриа хэлэлцээгээ идэвхжүүлэх юм байна.

Тус компани Тавантолгойд 68 мянган га талбай бүхий таван лиценз, Энержи ресурс ХК 4000 га талбайтай Ухаа худагийн лиценз, Өмнөговийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК, Дайцику ХК нийлээд 270 га талбайн ашиглалтын лицензтэй юм байна.

Тавантолгой ордын талаархи хэлэлцүүлэгт зориулж бэлтгэсэн Эрдэнэс МГЛ ХХК-ийнхний мэдээлэл эрдэмтэн судлаачдад чамлалттай санагджээ. Тавантолгойн ордын нөөцөөс эхлээд бүх тоон мэдээлэл тэдний цээжинд байгаа болохоор төслийг урагшлуулсан байдлаар ажиллах санал тавилаа. Эрдэмтэн Ч.Хурц ордын хамгийн нөөц ихтэйг нь Энержи ресурс ХК-д өгч төр дийлэнх нөөцийг нь авч үлдсэн мэтээр ард түмнийг төөрөгдүүлж байна хэмээн шүүмжилж, ажлын хэсгийнхнийг мэдээллээ шинэхэн болгохыг хүссэн Эрдэмтэн П.Очирбатын хэлснээр Тавантолгой орд монгол геологичдын гараар нээгдсэн бөгөөд оросууд бичиг цаасных нь ажилд хамтарсан хэмээн тодотгож байлаа. Тэрбээр 68 мянган га дээрээ хэнтэй хамтрах вэ гэдгээ тодорхой болгох, Тавантолгойг Заамар шиг хэсэгчлэн хувааж юу ч биш болгохгүй байхад анхаарахыг сануулсан. Мөн Энержи ресурс, ЗТБХБЯ-ны санал болгоод байгаа нарийн өргөн төмөр замын аль алиныг нь хааж боох хэрэггүй, нүүрс авах гэж байгаа хүн 4500 км тойрч авна уу, 1400 км давхиад авна уу бидэнд падлийгүй гэсэнд хариуд нь эрдэмтэн Ч.Хурц Үнэ, технологид хяналт тавихгүйгээр хол явахгүй шүү хэмээн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв.

ШУТИС-ийн багш Д.Дондовын хувьд энэ ордыг нээхэд гар бие оролцсон хүний нэг. Хамтран ажиллаж байсан орос эрдэмтэн нь өдгөө амьд сэрүүн бөгөөд өнгөрсөн жил манайхны урилгаар ирж Тавантолгойг ашиглах талаар санал боловсруулах ажилд оролцсон гэнэ. Эрдэмтэн Д.Дондов өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын ажлын хэсгийнхэнд Тавантолгойн талаархи бүх үзүүлэлтийг нэгтгэн тооцсон дүгнэлт бэлтгэж өгчээ. Тиймээс түүний гаргасан дүгнэлтийг суурь болгоод ажлын хэсэг юун түрүүнд хөрөнгө оруулагчид болон сонирхсон хүмүүсг үзүүлж харуулахад ойлгомжтой илтгэлийг чиглэл чиглэлээр нь гаргахаар тогтлоо.

Дугаар 01

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button