Би олон жил хөдөлмөрлөж байж өдий зэрэгт хүрсэн

Энэхүү жүжгийн гол дүрд жүжигчин Ц.Баясгалан тун чадварлаг тоглосон. Ер нь тэрбээр сүүлийн үед УДЭТ-ын тайзнаа амилж байгаа жүжгийн гол дүрүүдэд тоглож

байгаа билээ. Тун удахгүй тус театрын тайзнаа Солиотой жүжиг нэртэй нэгэн шинэ бүтээл тавигдах гээд бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ. Энэхүү жүжгийн гол дүрүүдийн нэгд жүжигчин Ц.Баясгалан тоглох аж. Түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Хоёулаа яриагаа таны хамгийн сүүлд тоглосон Шар тэнгисийн тарчлаан жүжгээс эхлэх үү? Их сонирхолтой жүжиг байсан?

-Өнгөрсөн жил миний хувьд нэлээд ажилтай, завгүй жил байлаа. Манай театр өнгөрсөн жил Эхнэрээ зээлээч, Парисын Дарь эхийн сүм, Шар тэнгисийн тарчлаан гэсэн гурван томоохон хэмжээний жүжиг тавьсан. Энэ гурван жүжгийн гол дүрд нь би тоглосон. Шар тэнгисийн тарчлаан жүжгийг 11 дүгээр сард хяналтад өгөөд сүүлд 12 дугаар сард тоглогдсон шүү дээ, ханиад томуунаас болоод. Энэ жилийн хувьд ч гэсэн би бас завгүй байх бололтой. Нэлээд хэдэн жүжигт тоглох гээд шил шилээ дараад байгаа гэх үү дээ. Одоо Краснагоровийн Солиотой жүжиг гээд супер комеди жүжиг тавигдах гээд уншлагадаа ороод байгаа. Таван хүний бүрэлдхүүнтэй, тавуулаа гол дүр.

-Ер нь жүжиг, кинонд гол дүр бүтээнэ гэдэг тэр бүр жүжигчин хүнд олдоод байдаггүй том боломж. Таны хувьд өнөөдрийг хүртэл хэдэн гол дүрд тоглоод байна?

-Би драмын театрын жүжигчин болоод олон жил болж байна. 13 жил болж байгаа юм байна. Хүмүүс янз бүрээр л дээшээ гарч ирдэг шүү дээ. Харин миний хувьд ийм боломж байхгүй байсан. Магадгүй энэ нь миний өөрийн яаж хөдөлмөрлөх эвээ олдоггүй байсантай холбоотой байх. Найруулагч нар маань жижиг жижиг дүрүүд л өгнө. Ганц нэг гол дүр өгдөг байсан хэдий ч сэтгэлд төдий л буудаггүй. Тийм болохоор би өөрийнхөө энэ байдалд дүгнэлт хийгээд нэгэнт жүжигчин болсон болохоор хүмүүсийн хайртай дуртай сайхан дүрүүдийг бүтээх ёстой юм байна гэж шийдээд маш их хөдөлмөрлөсөн. Олон жил хөдөлмөрлөж байж би өдий зэрэгт хүрээд байгаа. Нэг тийм азтай хүмүүс байдаг даа, өөрийнхөө сайхан төрх юм уу эсвэл сайхан биеэрээ ч юм уу эсвэл тухайн жүжгийн дүрд таараад гэнэт гараад ирдэг шүү дээ. Надад харин тийм зүйл тохиогоогүй болохоор би маш их хөдөлмөрлөсөн. Харин сүүлийн үед театрт тавигдаж байгаа ихэнх жүжгийн гол дүрд тоглож байна.

-Ингэхэд та жүжигчний мэргэжлийг багаасаа сонирхож эзэмшсэн үү аль эсвэл тохиолдлоор эзэмшсэн үү?

-Үгүй дээ. Би бүр хар багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэж хэлж болно. Аав маань урлагт тэр дундаа дуунд их сонирхолтой. Тэгээд ч намайг бага байхад хөдөө Монгол телевиз гардаггүй байлаа. Оросын Орбит гэж суваг гардаг. Түүгээр оросын жүжиг, кино их үзнэ. Тийм болохоор зөвхөн би ч биш миний үеийн хүүхдүүд орос соёлоор хүмүүжсэн гэж хэлж болно. Гэхдээ би СУИС-ийг төгссөн юм.

-Урлагийнхныг харахаар үе үеэрээ байх юм? Таны үеийнхэн гэхээр одоо хэн хэн байна вэ?

-Манай үеийнхэн гэвэл Л.Дэмидбаатар байна, доод талын төгсөлтөөс Б.Отгонбат байгаа. Миний үеийнхнээс театрт энэ хоёроос өөр байхгүй. Бусад нь хошин шогийн продакшнд хуваагдаад орчихсон байгаа. Бооёо, Аглуу, Дооёо, Одноо, Онон, Аси гээд л олон хүн бий.

-Ерөөсөө таны үеийнхэн хошин урлаг руу орсноороо өнөөдөр олны танил болоод хэдийнэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа гэхэд болно. Харин таны хувьд?

-Тийм шүү. Тэд маань манайд хүрээд ир хошин урлагт хүчээ үз гэсэн хүсэлтийг тавьж байсан л даа. Гэхдээ драмын урлагт багаасаа дуртай түүндээ үнэнч байсан болохоор би эндээ үлдсэн хэрэг. Гэхдээ би хэд хэдэн хошин шогийн хөтөлбөрт тоглож байсан ч хошин шог үнэндээ миний сонирхлыг татаагүй. Оюутан байхад манай багш Ардын жүжигчин Ц.Гантөмөр бид нарыг кинонд явуулдаггүй, энд тэндхийн реклам сурталчилгаанд тоглуулдаггүй байлаа, эвдэрчихнэ гээд. Энэ утгаараа би хамаагүй ийшээ тийшээ гүйдэггүй юм. Харин сүүлийн үед би энэ зарчмыг жаахан буруу юм уу гэж бодоод байгаа. Жүжигчин хүн гэдэг үнэхээр олны танил байх ёстой юм байна гэж шийдээд сүүлийн үед зарим нэг кино, клип, рекламанд тоглох хүсэлтийг хүлээн авч байгаа.

-Олны танил байна гэдэг нэг талаасаа нэлээд том хариуцлага бас хувь хүнд хүндхэн ачаа болдог гэж боддог юм?

-Би олны танил хүн биш шүү дээ. Харин театрт ирж жүжиг үздэг хүмүүсийн танил байж, тэд намайг сайнаар хүлээж авдаг гэж хэлж болно. Тэгээд ч би нэг их гадуур дотуур яваад байдаггүй. Бас хүний нүдэнд эвгүй харагдахаар зүйлийг хийдэггүй.

-Энэ жил тэгвэл та нэлээд завгүй байх юм байна даа? Ингэхэд танд чөлөөт цаг хэр гардаг вэ?

-Өнгөрсөн жил би их бага амарсан. Энэ жил ч бас ялгаагүй. Сая шинэ жил гараад хоёр хонож байхад ажилдаа дуудагдаад ирсэн. Амралтын жаахан хугацаа гарахаар голдуу гэртээ өнгөрүүлдэг дээ. Ээж хүү хоёртоо сайхан хоол хийж өгнө, бас ээжийгээ ийшээ тийшээ явахад нь жолооч хийгээд л ерөнхийдөө амралтын өдрөө ээждээ зориулдаг гэж хэлж болно. Үүнээс гадна найз нөхөдтэйгээ буу халаад хааяа нэг караокед орох дуртай.

-Тэгвэл таныг ээжийн сайн охин, хүүгийн сайн ээж байж чаддаг гэж ойлгож болох уу?

-Ажилтай үедээ би их муу ээж бас муу охин. Гэртээ бараг харагдахгүй өглөө гараад орой ирдэг. Тайзан дээр өдөржингөө уйлж, дуулаад орой харихдаа мэдээж ядарч очдог юм. Харин ажилгүй үедээ бол сайн ээж, сайн охин байж чаддаг.

-Та найз нөхөдтэйгээ нийлээд буу халах, караокед орох дуртай гэлээ. Ер нь та хэр олон найзтай вэ?

-Би их нээлттэй хүн. Найз нөхөд танил дотно хүмүүстэйгээ их нээлттэй харилцдаг. Тийм болохоор манай найзууд намайг бүгд мэддэг. Өөрийнхөө хүссэн хүнтэй харилцдаг. Гэхдээ хэн нэгнийг гомдоох дургүй. Би хаана байна тэр газарт баяр хөөр байх ёстой гэж боддог.

-Жүжигчин хүний жаргал, зовлон юундаа байдаг юм бэ?

-Дүрээ авчихаад түүн дээрээ ажиллаад байгаа хэрнээ болохгүй үе байна шүү дээ. Өөрөөр хэлбэл дүр маань хэн бэ гэдгийг олтлоо маш их шаналдаг, зовдог. Энэ бол жүжигчин хүний хамгийн зовлонтой үе. Шөнөжингөө нойргүй хонох үе бас бий. Харин хамгийн их жаргалтай үе бол дүрээ хэн гэдгээ олчихоод жүжгээ тайзан дээр гараад тоглоход, хэр хүлээн авч байгааг олж мэдэрч авч байгаа тэр үе.

-Хамтран тоглодог жүжигчдээсээ хамгийн их гар нийлж ажилладаг жүжигчин хэн бэ? Хамтарч ажиллахад урамтай гэх үү дээ?

-Байлгүй яахав. Сүүлийн үед миний хамтрагчид улам залуужаад байгаа шүү. Анх би Эбитэй хамтарч тоглохдоо тайзан дээр гараад бид хоёр яг эгч дүү юм шиг харагдах байхдаа гэж айж байсан. Тэгсэн чинь одоо бүр л залуу хамтрагчидтай болоод байна. Гэхдээ хамтарч ажиллаж байгаа хамтрагч нараас маань Эби, С.Болд-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Сайнаатайгаа би их сайн ойлголцож ажилладаг юм. Сайнаа гэдэг маань Гавьяат жүжигчин С.Сарантуяа шүү дээ. Хэд хэдэн дүр дээр хамтарч ажилласан.

-Найруулагчийн тухайд?

-Би бараг бүх найруулагчидтай хамтарч ажилласан. Ер нь тайзан дээр найруулагчдаа загнуулж байгаа хүн л юм хийж байдаг юм. Найруулагч хүний хүсэл сонирхлыг татаж чадахгүй жүжигчинд найруулагч юу ч хэлдэггүй юм. Гэхдээ найруулагчдаа уурлуулаад загнуулаад байсан зүйл миний хувьд бага байх аа. Дүр дээр яаж ажиллахаа найруулагч нартайгаа эхлээд ярьдаг учраас тэднийг нэг бухимдуулаад байдаггүй.

-Бүсгүй хүн тэр дундаа жүжигчин хүн гоо сайхандаа анхаарахгүй байна гэж байхгүй. Та ер нь гоо сайханд хэр их цаг бас мөнгө зарцуулдаг вэ?

-Би аймшигтай өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдхүүн хэрэглэж байгаа. Гэхдээ тэр нь хаанахын ямар бүтээгдхүүн гэдэг нь хүмүүст сонин биш шүү дээ. Мэдээж эмэгтэй хүн юм чинь гоо сайхандаа анхааралгүй яахав. Ерөнхийдөө би энгийн хувцаслах дургүй. Би өөртөө таалагдах, болж л өгвөл брэндийн хувцас өмсөхийг хичээдэг. Нуулгүй хэлэхэд миний эгч дүү нар гадаадад байдаг болохоор өмсөх эдлэх бүх зүйл маань гадаадаас орж ирдэг гэхэд болно. Би эцэг эхээсээ олуулаа.

-Тэгвэл та дэлгүүр хэсэх дуртай байх нь ээ?

-Үгүй дээ. Би өөртөө ямар нэг зүйл худалдан авах гэж дэлгүүрээр бараг ордоггүй. Хүүдээ хувцас, тоглоом энэ тэр авах гэж дэлгүүр ордог.

-Та дээр нэлээд өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдхүүн хэрэглэдэг гэлээ. Нууц биш бол хэдий хэмжээний мөнгө зарцуулсан бол оо?

-Эмэгтэй хүн гоо сайхандаа их мөнгө зарцуулдаг шүү дээ. Би ч бас тэдний л адил гоо сайхандаа мөнгө зарцуулдаг.

-Драмын театрт манай сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон жүжигчин олон байдаг. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Ж.Оюундарь, Б.Наранмандах гээд… Эдгээр хүмүүстэй та хэр дотно байдаг вэ?

-Дотно байлгүй яах юм бэ. Бид нар чинь хоорондоо муудаж болохгүй улс. Ямар нэг байдлаар хоорондоо жаахан тар түр хийх зүйл гаралгүй яахав. Энэ бол хэсэг хугацаанд л байх зүйл. Түүнээс бус удаан хугацаанд үргэлжилддэггүй. Яагаад гэхээр нэг жүжигт ээж охин болоод тоглоход дараагийн жүжигт нь найз нөхөд болоод тоглодог учраас бидэнд муудалцах эрх байхгүй гэж хэлж болно. Тийм болохоор бид нар бүх зүйл дээр бие биедээ сайн сайхнаар хандаж, бие биенийхээ төлөө сэтгэл гаргаж чаддаг.

-Саяхнаас таны тоглосон нэг реклам цацагдаад байна? Нууц биш бол тэр рекламанд тоглоод хэдий хэмжээний мөнгө авсан бэ?

-Юнителийн допингийн реклам байгаа юм. Үнэндээ жүжигчид их өрөвдэлтэй шүү дээ. Одоогийн байдлаар Монголд хамгийн бага цалин авдаг нь жүжигчид. Бид нар 200 гаруй мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь ажилдаа сэтгэл гаргаж хайртай, дуртай даа энэ ажлыг хийдэг болохоор бид нар хэзээ ч ядуурдаггүй, сэтгэхүйгээрээ. Тийм болохоор хүмүүст биднийг баян юм шиг харагдуулдаг байх. Манай гэрийнхэн намайг их өрөвдөнө өө. Бага цалинтай гэж. Гэхдээ би өөрийгөө их хэмжээний мөнгө олох юм шиг санадаг. Тэр мөнгөө зөвхөн өөртөө биш олон хүнд түүгээж байгаагаар хардаг.

Б.Анар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button