Тэрбум төгрөгөө малчиддаа зориулахыг уриалж байна, гишүүд ээ
94 суманд гамшгийн хэмжээнд хүрчээ. Цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цөөнгүй хүн эрдэнэт амиа алдаж, өнөөдрийн байдлаар 500 орчим мянган мал хорогдоод байна. Хүйтний эрч цаашид улам чангарч, хүчтэй шуурч, цас үргэлжлэн орно гэсэн сэрэмжлүүлгийг Ус цаг уурын хүрээлэнгээс өгч буй. Ийнхүү сүүлийн арав гаруй жил тохиолдоогүй байгалийн гамшигт зуд Монгол Улсад нүүрлэлээ.
Монголчууд үргэлж хэцүү цагт нэгнээ ачилж, халуун сэтгэлээр тусламжийн гараа сунгадаг түмэн. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр туслах хэмээн хэлэлцдэг. Өдгөө Монгол даяар малчдад туслах аян өрнүүлж, хүн бүр чадлын хэрээр туслахыг хичээж байна. Хэнд юу байна түүгээрээ туслана уу гэж эгэл иргэдээс эхлээд төрийн байгууллагууд бие биедээ хандан уриалж буй. Энэ цаг үед УИХ-ын 76 гишүүнд хандмаар байна. Ам нээх бүртээ сонгогчдынхоо төлөө, ард түмнийхээ сайн сайхны телөө хэмээдэг эрхэм түшээдийн тус дэм зудад туйлдсан малчдад тун ч хэрэгтэй байна, энэ өдрүүдэд. Тойрогтоо оруулах хөрөнгө оруулалт нэрээр төсөвт суулгаж чадсан 76 тэрбум төгрөгөө ийм л үед малчдынхаа төлөө зарцуулж, өвлийг өнтэй давахад нь туслая. Цасан шуурга сөрж, хүйтэн жаварт хайруулсаар бие нь өвдсөн малчдад тэр бүр эмнэлгийн тусламж шуурхай хүрч чадахгүй байгаа. Тэдэнд эм тангаас эхлээд хоол хүнс, дулаан хувцас хэрэгтэй. Хамар хатгах өвсгүй хахир өвөл малдаа өгөх өвс тэжээл амин эрдэнэ болоод байгаа. Өөрсдөө даарч хөрч, өвдөж зовж байвч амин зуулгын хэдэн малаа эсэн мэнд авч үлдэхийн тулд малчид өдөр, шөнийг ялгалгүй нойр, хоолоо умартан зүтгэж байна. Атга өвс, чимх тэжээл ч байсан малчдад том тус.
Эрхэм гишүүн Таныг тэд л сонгож төр түшүүлэхээр илгээсэн. Гэхдээ тойргийн нэрээр тэрбумаар нь хуваарилуулж, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаарай гэж сонгоогүй. Бас зовсон, ядарсан цагт манийгаа харж үзээрэй гэж сонгоогүй л дээ. Харин улс гэрээ хөгжүүл, хүн ардаа амар тайван, элбэг хангалуун амьдруул гэж итгэл хүлээлгэсэн. Одоо эрхэм гишүүд Та бүхэн эх оронч сэтгэлээ харуулах үлдлээ. Ард түмнийхээ төлөө гэдгээ нотлох цаг боллоо. Тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн сургууль, цэцэрлэгийн дээвэр, хана туургыг засах яах вэ. Түүнээс наана эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, амьжиргааны асуудал хөндөгдөж байна. Тээр жил Монгол даяар зуд нүүрлэхэд малаа барсан олон малчин олс бариад мод руу явсныг нутгийнхан нь өнөө ч ярьдаг. Ийм зүйл дахин битгий болоосой. Тэгээд ч УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн өнөөх 76 тэрбумыг тойргийн буюу үнэн чанартаа сонгогчдынхоо нэрээр л авсан шүү дээ. Тиймээс сонгогчдын тань нэг хэсэг болсон малчдад тэрбумаасаа хандивлахад юу нь болохгүй гэж.
А.ЭЛБЭРЭЛТ