Төрийн байгууллагын төрүүлсэн монополь буюу монгол өрсөлдөөн

шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлж, монополийг эх барьж авсан шийдвэр гаргасан гэхээр дуугүй өнгөрөх аргагүй байна. Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан зарим тушаал шийдвэрт хяналт тавьжээ. Гэтэл Эрүүл мэндийн яамны эм, эмнэлгийн хэрэгсэлтэи холбогдох найм, нийслэлийн Эрүүл мэндийн газрын таван төрлийн шийдвэр Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Эдгээрээс хамгийн ноцтой нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх эм, хэрэгслийг захиалах, хуваарилах, түгээх асуудлыг зөвхөн Монгол эм импекс концернээр гүйцэтгүүлэхээр журамлаж, хуульд зааснаас бусад үндэслэлээр давуу эрх олгожээ. Ингэснээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн энэ компани л нийлүүлэх нь. Захиалга, хуваарилалт, түгээлт гээд бүх үйл ажиллагааг нэг л компани дангаараа гардан гүйцэтгэнэ. Нэг үгээр Монгол эм импекс концерн монополь эрхтэй, үүнийг нь төрийн байгууллага журам гаргаж бат нут болгож өгчээ. Өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг олон компани бий. Тэдгээрийн хувьд зах зээлийн өрсөлдөөнд тэгш бөгөөд аль нэг нь давуу эрхгүй оролцох ёстой. Үүнд нэг талаасаа компанийн эрх ашиг чухал юм шиг харагдавч нөгөө талд үүнээс ч том буюу хэрэглэгчийн эрх ашиг байгаа.
Зах зээлд шударга өрсөлдөөн байж гэмээнэ хэрэглэгчийн сонгох бүтээгдэхүүн чанартай бөгөөд баталгаатай, бас халаас тэмтрэхгүй байна. Ер нь л аль ч салбарт нэг аж ахуйн нэгж, байгууллага дангаараа ноёрхоно гэдэг тэнд шударга өрсөлдөөний тухай яриад ч хэрэггүй гэсэн үг. Тиймээс ч шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэхийн төлөөх үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, хууль эрх зүйн баримт бичгүүд энэ мэт монополийг хязгаарлахын төлөө байдаг. Тэр тусмаа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой гэдэг утгаар эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтэд онцгой анхаарч, тэнд жинхэнэ шударга өрсөлдөөнийг бий болгох учиртай.
Ингэж байж л иргэдэд чанартай, баталгаатай эм, бэлдмэл хэрэглэх боломж бүрдэнэ. Харамсалтай нь төрийн нэр барьсан нэг албан тушаалтны шийдвэр эрүүл мэндийн салбарт эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх үйл ажиллагаанд шударга бус өрсөлдөөнийг ийн өөгшүүлжээ. Үүний зэрэгцээ олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд буцалтгүй тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг харъяа байгууллага гэдэг үндэслэлээр зөвхөн төрийн болон орон нутгийн өмчийн эмнэлгүүдэд хуваарилсныг хууль зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан гэж шалгалтын хэсэг үзсэн байна. Ер нь төрийн байгууллага ийм байдлаар аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаа явуулах эрх, өрсөлдөөнийг хуулиас гадуур, үндэслэлгүйгээр хязгаарласан, зах зээлд нэвтрэхэд саад бий болгосон, заримд нь давуу эрх олгож, ялгаварласан зөрчил илрээгүй л болохоос байгааг үгүйсгэхгүй. Зөвхөн нэг удаагийн хяналт шалгалтаар илэрсэн нь энэ. Иймээс нэгэнт зах зээлд, нийгмийн бүхий л салбарт шударга өрсөлдөөнийг төлөвшүүлье гэж байгаа бол хяналт, хариуцлагаа чангатгах цаг болжээ.
Нэг удаа субботник маягаар шалгалт хийгээд, хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлээд өнгөрөх биш харин ийм зүй бус үзэгдлийг таслан зогсоохын төлөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар юу хийж чадах вэ гэдэг асуултыг иргэд тавих нь гарцаагүй. Аливаа шударга бус өрсөлдөөн, монополь эрхтэйгээр хүмүүст хохирол учруулсан зөрчил бүрт одоо мөрдөж буй хуулийн заалт хүчин мөхөсдөж байгаа талаар бид хангалттай сонссон. Хянаж шалгаад дутагдал илрүүллээ гэхэд торгохоос өөр хариуцлага тооцдоггүй, хууль бусаар олсон орлогыг нь хурааж, үйл ажиллагаа явуулах тусгай завшаөрөлтэй нь ярих боломжгүй байдал шударга бус өрсөлдөөнд ташуур өгч байгаа нь үнэн.
Буруутай нь тогтоогдож, зөрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ногдуулах торгуулийн хэмжээ маш бага.
Хариуцлага биш харин ч толгой илсэн хуулийн энэ заалт цаг үеийн шаардлагаар удахгүй өөрчлөгдөх биз. Гэхдээ өөрчлөгдөх хүртэл хуулийн заалтаар түрий барьж, бүх буруугтийш нь чихээд суух уу. Хуулийн орчин өөрчлөгдөхөөс өмнө хийх ажил их байна. Ийн хэлэх учир нь ямар ч сайн хууль байгаад, хатуу ширүүн хариуцлага, шийтгэл оноодог байлаа гээд зах зээлийн өрсөлдөөнд оролцож буй компани, хүмүүс цэвэр, шударга өрсөлдөх ухамсаргүй бол ямар ч үр дүнгүй. Тэгэхээр хууль эрх зүйн орчноос наана төрийн байгууллага нь ч тэр, аж ахуйн нэгжүүд нь ч тэр, хувь хүмүүс нь ч тэр шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэх ухамсраа эхлээд өөрчлөх шаардлагатай. Гагцхүү үүний төлөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон компаниуд, иргэд юу хийж байна вэ?
Д.Энэрэл
Дугаар 099