Залуучуудаар харьд боолын хөдөлмөр хийлгэхийг Монголын төр дэмждэг

Монголынхоо ядуу, зүдүү амьдралд арга мөхөсдөн хэдэн ногоон цаас хуримтлуулахаар явах гэж буй.
Солонгос явахын тулд хоёр хоног дугаарлах юу ч биш
Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд эх нутаг, эцэг эх, үр хүүхэд, хань ижлээ орхин БНСУ-д очсон монгол иргэдийн тоо өнөөдөр 40 мянга хол даваад байгаа. Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ сарын 26-наас эхлэн харъяа Хөдөлмөр халамжийн газруудад хийж эхэлсэн. Бүртгэл гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд бүртгүүлсэн хүмүүс ирэх есдүгээр сарын 3,4-нд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгч, тэнцсэн нь эрүүл мэндийн үзлэгт орохоор тунаж үлдэнэ.
Харин дараа нь БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулна. Энэ жилийн хувьд Солонгосын талаас манай гурван мянган шижигнэсэн залуу-г шилж сонгон авна гээд гэрээндээ тусгачихсан байна. Харин бүртгүүлэгчдийн тоо үүнээс барагцаагаар арав дахин их юм байна. Иймээс нэг ажлын байрны төлөө дор хаяж 100 хүн өрсөлдөх бололтой. Арай л дэндүү байгаа биз. Зарим хүмүүс энэ гурван хоногт амжиж бүртгүүлэхийн тулд хоёр хоног дугаарлаж байгаа аж.
Зөвхөн идэр насны залуусыг бүртгэнэ
Зөвхөн 1971 оноос хойш төрсөн залууг л бүртгэнэ. Эмэгтэй хүн ажиллуулах орон тоо байхгүй гэж бүртгэл эхлэхээс өмнө холбогдох газрууд зарласан билээ. Энэ зарлалын дагуу шалгалт өгөхөөр ирсэн залуусын ихэнх нь 18-27 насны, ёстой л нэг ид цог золбоотой насан дээрээ яваа шижгэнэсэн залуус байна лээ. Ингэж хүйс зааж залуухан монгол эрсийг боолын хөдөлмөр хийлгэхийг Монголын төр зөвшөөрсөн.
Эх орны маань ирээдүй хойч болсон залуус энд зүгээр л Солонсосын хамаг хар, хүнд ажлыг хийхийн тулд байдгаа барсаар байна. Тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлж, эх оронд нь ажиллуулж чадвал манай залуус амьдрахын эрхэнд харь улсыг бараадан бусдын боол болж, бие эрүүл мэндээрээ хохирохгүй шүү дээ. Манай улсын барилгын салбар, уул уурхай гээд бүгд л харийн ажилчдын үүр болчихсон байгаа.
Энэ томоохон салбарууддаа залуусаа дэмжээд ажиллуулбал гадагшаа урсах мөнгөө эх орондоо тогтоож, харьд зарж байгаа хөдөлмөрөө эх орондоо зарцуулбал Монгол орон Солонгосоос дутах юун билээ. Махаа зулгааж байж олсон мөнгө Монголд ирээд Гэр бүл, хамаатан саднаараа байгаа бүх мөнгөө цуглуулан байж нэгнийгээ ч болов Солонгос руу явуулж, ахиухан мөнгө олж, сайхан амьдрах хүсэлтэй хүмүүс олон бий.
Залуучууд маань арай гэж Солонгост очоод хамгийн хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим өчүүхэн л алдагдах юм бол хөл, гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдөрт 12 цагаас доошгүй ажилладаг. Тэгээд сардаа нэг өдөр баярладаг. Харин цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах хугацаа нь Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болно.
Харин тэдний зовж олдог мөнгө Монголд ирээд юу болж хувирдаг вэ. Хэн нэгний сургалтын төлбөр, цагаан сар, шинэ жилийн баярын мөнгө болоод л урсчихна. Мөн өдрөөс өдөрт үнэ нь хадаж байгаа орон сууцны барилгуудын ашиглалтад орох гол нөхцөл болно. Энэ бүхэн тийм ч муу биш л дээ. Гэхдээ Солонгосоос явуулсан мөнгийг нь аваад гарахдаа таны гарт байгаа мөнгө хайртай дотны хүний чинь хөлс хүчээ шингээн байж, залуу насныхаа алтан цаг хугацааны төлөөс болгон олсон гэдгийг ямагт санаарай. Тэгвэл тэдний харьд одсон он жилүүд утга учиртай болно.
Хос залуусын ганцаардсан жилүүд
Монгол залуус нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй насан дээрээ мөнгө олохын төлөө харийг зорьж байна. Цаанаас нь ч тэгээд нас, хүйсийг нь заагаад өгчихсөн байх юм. Үнэнч байх гэдгийн хатуу сорил, ямар ч хүнийг барьц алдуулахаар асуудалтай манай залуус тэнд очоод л тулгардаг. Монголд хүйсийн харьцаа алдагдах бус хамаг эр хүйстнээ Солонгос руу илгээснээр олон ч гэр бүл салж, хүүхдүүд нь өнчирсөөр байгаа.
Хос залуус бие биедээ хичнээн хайртай байлаа ч наанадаж гурван жил, түүнээс дээш хугацаагаар бие биеэс хол байна гэдэг асар хэцүү, бие сэтгэлийн там хэмээн Солонгост байсан хүмүүс ярьж байсан. Мөнгөний хүч гэр бүлийн ариун нандин холбоог ноёлж байна. Гэр бүл, амраг хайртыгаа санан гансарсан олон монгол залуус цагаан будааны архинд согтож саун, массажны газрууд болон солонгосын ягаан гудамж-нд /биеэ үнэлэгчдийн байрладаг гудамж/ очдог юм гэж тэнд олон жил амьдарсан найз маань ярьсан.
Бас жилдээ нэг удаагийн амралт авдаг монголчуудад тэр бүр эх орондоо ирээд байх санхүүгийн боломж байхгүй. Энэ хугацаанд бэлгийн хэвийн амьдрал нь алдагдаж, эхнэр нөхөр хоёр улс дамнан нэгнийгээ харддаг байна. Эцэстээ гэр бүл салахад хүрнэ. Өнгөрсөн онд л гэхэд Солонгост ажиллаж байсан хүмүүсийн дунд хийсэн судалгаанд оролцсон 300 хүний долоон хувь нь гэр бүлээсээ хөндийрсөн, 4,8 хувь нь шинэ хамтран амьдрагчтай болж, 2,7 хувь нь хардалт сэрдэлтэд байнга өртдөг гэж хариулсан байна.
Мөн Монголоос очсон цөөхөн эмэгтэйтэйчүүд бэлгийн дарамтад автах нь олонтаа байдаг гэжээ. Ингэж монголын залуу үеийнхэн хань ижлээ санан гансарч, олон хүүхэд өнчирч байгаагийн бурууг хэн үүрэх вэ.
Харийн нутгийг зорих хүсэлтэйдээ биш
Нийслэлийн Баянзүрхдүүргийн ерөнхий боловсролын 55 дугаар дунд сургуулийн байранд Солонгост ажиллах сонирхолтой тус дүүргийн иргэдийг бүртгэж байлаа. Сургуулийн хашаанд галт тэрэгний цуваа мэт дугаарлан зогсож буй хүмүүсээс Монголдоо ажиллаад, амьдраад байж болохгүй юу. Яагаад заавал Солонгос руу явах гээд байгаа юм бэ гэж асуусан юм. Тэд Монголд ажлын байр хомс, ажил оллоо гэхэд цалин нь талхныхаа мөнгөнд хүрдэггүй. Бид чинь залуу хүмүүс сайхан амьдрахыг л хүсэж, ядаж өөрийн гэсэн орон сууцны мөнгөтэй болохын тулд л энд ингэж зогсож байна.
Манайд хэд хэдэн их сургууль төгссөн хүн л гайгүй ажил хийж, хүний дайтай амьдарна. Гэтэл энд зогсож байгаа хүмүүс ихэнх нь мэргэжилгүй, мэргэжилтэй байлаа ч ажил олдохгүй байгаа болохоор хүний нутгийг зорих гэж өдөржин, шөнөжин дугаарлаж байна. Угтаа бол бидэнд тэнд очиж, зовлогоо зовоох ямар ч хүсэл алга даа хэмээн ам уралдан ярьцгааж байсан юм. Ийм болохоор төр засгийн өндөр албан тушаалтнууд минь монгол залуусаа эх орондоо ажил-лах нөхцөл бололцоог нь хангаад өгвөл харийн нутгийг зорих хүсэл Монголчуудад алга.
Н.Бямбасүрэн