Сонгуулийн хуулийн талаар
намын бүлгийн ахлагч нарт удаа дараа чиглэл, шаардлага тавьж байсан. Намуудын дарга нар, бүлгийн ахлагчидтай хүртэл уулзаж хэрэв намууд асуудлаа зөвшилцөж тохирч чадахгүй бол хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж шууд санал хураалгана шүү гэдгийг ч анхааруулж байсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд бүлгийн дарга нартай дахин уулзаж зөвшилцлөө түргэвчилж хуулийг яаралтай батлах шаардлага тавьсан.
-Намын бүлгүүдэд зөндөө цаг хугацаа өгч, асуудлыг хэлэлцэж зөвшилцөж шийдэх их боломж олгосон. Сая Японд айлчлахаар явахдаа сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг шийдэж батлахад бэлэн болгосон байх үүрэг өгөөдз явсан. Айлчлалаас ирээд л хуулийг батлуулж чадлаа. Намын бүлгүүд удаа дараа харилцан буулт хийж зөвшилцөн саналын зөрөлдөөнийг гацаанаас гаргаж байлаа.
-Гишүүдийн дотор хуулийн төслийг гацааж цаг хожиж байж хуулийн хугацааг нь хэтрүүлэн хуучин хуулиараа сонгууль явуулахыг хүсэмжлэгчид олон байна гэж ил далд хардаж байсан ч хууль батлагдлаа. Хэдэн жил тойрогтоо мөнгө цацсан гишүүд тойргоо зүгээр хаячихыг хүсэхгүй байгаагаас хуулийн төсөл гацаанаас гарахгүй байна гэсэн яриа таамаг ч бас байсан. УИХ-д удаа дараа суусан Н.Ганбямба гишүүн л гэхэд гурван жил ярьсан хуулиа ойлгохгүй байна гэж өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр хэлж байлаа. Эрхэм гишүүн энэ хугацаанд юу бодож ирсэн юм бол, эсвэл зориуд шоу хийх гэж мэдэн будилсан байлгүй.
-УИХ-ын дарга айлчлалаас ирж байж л сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хийлгэж хуулийг батлуулах байх гэж найдаж суусан олны хүсэл талаар болсонгүй, хууль батлагдав. Энэ хууль олон жил хүлээсэн, намуудын хамтын хүчин чармайлтаар бүтсэн гэдгийг УИХ-ын дарга хууль батлагдах үеэр хэлээд хуулийг олон нийтэд сайн сурталчлах учиртайг зориуд анхааруулав.
-Хуульд улс төрийн намуудын босгыг 5 хувиар тогтоосон нь олон намууд шударгаар өрсөлдөж УИХ-д суудал авах таатай боломжийг нээж өгөв. Уг нь төслөөр намуудын босгыг 7 хувь байхаар тусгасан байсан юм.
-Сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан нь парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг ахиулах боломж нээж өглөө.
-Улс төрийн намууд, нэр дэвшигчид бэлэн мөнгө болон хувьцаа олгох амлалт авдаг явдлыг хааж өглөө. Ингэснээр хоосон амладаг, сонгогчдын саналыг худалдаж авах оролдлого хязгаарлаглаж байгаа юм. Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд амлалтыг хааж өгсөн нь хуулийн нэг чухал ач холбогдол юм.
-Улс төрийн намууд, нэр дэвшигчдийн хариуцлагыг дээшлүүлсэн хууль болсон. Сонгуулийн тойрог хэсгийн хороодод улс төрийн намуудын төлөөлөл биш төрийн албан хаагчид ажиллахаар болсон нь сонгуулийн хариуцлагыг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Хэрэв тухайн төрийн албан хаагч сонгуулийн үеэр хууль зөрчвөл ажлаасаа халагдаж төрийн албанд дахиж ажиллах боломжгүй болох юм.