Эзгүй аралд хаягдсан Робизон мэт миний муусайн Монголчууд
наашаа хандуул. Эдийн засгийн ухааны эрдэмтэн мэргэд сүүлийн үеийн хамгийн их ашиг орлоготой атлаа баталгаатай бизнесээр архи болон эмийн бизнесийг нэрлэж байна, цаана чинь. Итгэхгүй бол дэлгүүрээр ороод үзээрэй. Дэлгүүрт зарагдаж байгаа архины нэр төрөл гудамж болгонд байрлах эмийн сангийн тооноос энэ бүхэн үнэн болохыг та мэдэж болно. Хэдийгээр Монгол Улсын үйлдвэрлэлд голлох үүрэгтэй салбар нь уул уурхайн салбар гэдэг ч боловсруулах салбарын дотор архи болон эмийн үйлдвэрлэл, мөн архи, эмийн импорт цөөнгүй хувийг эзэлдэг аж.
Статистикаас харахад 2008 онд Монгол Улс 72 тэрбум 731 сая 346,9 мянган төгрөгийн үнэ бүхий нийт 40 гаруй сая литр архи согтууруулах ундаа үйлдвэрлэсэн бол 2010 онд энэ тоо 10 сая литр буюу 10 тэрбум төгрөгийн үйлдвэрлэлээр нэмэгджээ. Энэ нь боловсруулах салбарын 17,3 хувийг эзлэх үзүүлэлт бөгөөд 2008 онтой харьцуулахад архи согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хэмжээ бараг таван хувиар нэмэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жилд монголчууд өмнөх жилээс 10 сая литр архи согтууруулах ундаа илүү хэрэглэж, 10 тэрбум төгрөг архи согтууруулах ундаанд нэмж зарцуулдаг болсон гэсэн үг.
Монголчууд архийг ингэж их хэрэглэлээ гээд эрүүл мэндэд нь л лав сайн нөлөө үзүүлээгүй. Харин ч архинаас шалтгаалдаг өвчин нэмэгдэж архинаас үүдэлтэй ядуурал нэмэгдсээр байгаа юм. Хамгийн хачирхалтай нь монголчууд архитай адилхан эмийг ч өргөн хэрэглэдэг болжээ. Өргөн хэрэглэдэг гэсний учир нь эмийн сангуудын тоо борооны дараах мөөг шиг олширч тэд хамгийн их орлоготой байх болсноос хийсэн дүгнэлт юм. Хотод эмийн сангууд ингэж хэт төвлөрч эмийн бөөний төвүүд нь хөдөөний сумд руу эмийн хангалт хийнэ. Эндээс очсон эм хөдөө орон нутаг, суманд стандартад нийцсэн эмийн санд зарагдана гэж үгүй.
Төрөл бүрийн бараа зардаг сумын дэлгүүрийн нэг захад өнөөх эмчийн заавраар олгогддог эм хэвтэж байх нь олонтой. Эмийг Монголчууд ингэж л эмх замбараагүй хэрэглэж болж. Эмийн хэрэглээ ингэж эмх замбараагүй бизнес болжхувирсан нь нийгмийн байдалтай шууд холбоотой. Ялангуяа ядуурал газар авч, амьдрах орчин муудснаас хүн амын дундах өвчлөл нэмэгдэж эмийн эрэлт хэрэгцээг нэмэгджээ. Бас нийт хүн амд ногдох эмнэлгийн үйлчилгээний чанар тааруу, хүрэлцээ муугаас иргэд эмийн компаниудын рекламны заавраар элдэв эм хэрэглэхийг илүүд үзэж эмх замбараагүй болсон эмийн бизнесийг бүр ч хөхиүлэн дэмжих болсон нь бодит үнэн.
Нийгэмд бий болсон энэ нөхцөл байдлыг мөнгөтэй болох хүсэлтэй хүмүүс соргогоор ашиглаж арай илүү мөнгөтэй нь эмийн бөөний төв, эмийн импортын компани эрхэлж арай бага мөнгөтэй нь тэднээс эмийг нь худалдаж аваад эмийн сан ажиллуулах болсон нь энэ. Баахан хүн амьтан хордуулаад амь насыг нь хохироочихгүй бол ч уг нь буруутгах зүйлгүй л дээ. Тэгээд ч эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд өвлийн улиралд ханиад томуу газар авч эмийн сангуудын ачаалал дийлдэхээ больдог нь нууц юм биш. Тэр хэрээр эмийн бизнес эрхлэгчдийн бизнесийн сезон орж жилийнхээ гол орлогыг нугалж авдаг. Эмх замбараагүй хэт их ийм хэрэглээ, хангалтын цаана хуурамч бутээгдэхүүн байдаг нь бичигдээгүй хууль.
Архины тухайд л гэхэд хортой, найруулсан олон янзын архи худалдаанд гарч олон ч хуний амь, эрүүл мэндийг хохироосоор байгаа. Түүнээс дутахгүй олон хүн хуурамч эмэнд хордон хорвоог орхидог. Хуурамч эмийн хяналт дэндүү сул байгаа нь ийм тохиолдлыг улам бүр нэмж ард иргэд туршилтын туулай болсон хэвээр байна. Монгол Улсын хөгжилд үйлдвэрлэл чухал үүрэгтэй боловч ийм зүй бус хэрэглээг хөхүүлэн дэмжсэнээр үндэстнээ аюулд оруулах зам улам бүр ойрхон болж байгааг төрийн бодлого зохиож байгаа эрхмүүд анхаарах цаг болжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар 170 эмийг шинжилж үзэхэд, 27 нь стандартад нийцэж байсан аж.
Хүн бүр байнга хэрэглэдэг дебазол, парацетомол, A, С витамин, аналгин зэрэг эмнүүдээс гадна тураана, таргалуулна, гоё сайхан болгоно гэсэн маш олон төрлийн хуурамч эм манай улсын эмийн зах зээл дээр эргэлдэж байна. Улсын мэргэжлийн хяналтын газар нийслэлийн эмийн сангуудад шалгалт хийхэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй виагра, нитроглицерин, баралгин, бифи-думбактерин, саридон, глицерин зэрэг шахмал эмүүд, реамбирин тарилгын шингэн, дексон нүдний дусал, цифрокс, тетрациклин, флуцинарын тосон түрхлэг зэрэг эмийг худалдаалж байсныг илрүүлж устгасан гэсэн. Эцэст нь тэмдэглэхэд эм болон архины энэ мэт хууль бус эргэлт, зохисгүй хэрэглээ монголчуудын удмын санд бодит аюул учруулахаар заналхийлж буйг сануулахад илүүдэх юун.
X.Xүслэн