Ардын багшийн цалинг нэмэх цаг болжээ
Боловсролыг тэргүүлэх салбар болгох, олон улсын жишигт нийцсэн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, шавь нараа мэдлэг боловсролтой хүн болгохын төлөө зүтгэж буй багш нар үнэхээр хөөрхийлөлтэй.
Монгол Улсын Засгийн газраас ядуурлын босгыг 118100 төгрөг гэж тогтоосон. Гэтэл Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн багш нарын 47.4 хувь нь энэ босго мөнгөнөөс доогуур орлоготой амьдарч байна. Тус сургуулийн багш нарын 89.7 хувь нь цалингийн зээлтэй, 50 орчим хувь нь өөрийн гэсэн орон байргүй, түрээсийн хашаа байшин, гэрт амьдардаг болохыг 57 дугаар сургуулийн ҮЭХ-ны дарга, түүх нийгмийн ухааны багш Ш.Энхцэцэг өгүүлсэн.
57 дугаар сургуулийн ҮЭХ-ны даргатай уулзахаар очсон бидэнд сургуулийн багш нар дуу хоолойгоо илэрхийлэхийг хүсч, нэг ангидаа цуглараад, зовлон жаргалаа ярьсан. Үнэндээ багш нарын тэр их сэтгэл хөдлөл, үнэн үгээ хүүрнэж байгааг сонсоод зүрх шимширч, тэдний адил нулимс унагах дөхсөнийг нуух юун. Багш нар Бид цалин, орлого муутайгаас царай муутай, өнгөтэй өөдтэй хувцас өмсөж, зүүж чаддаггүй. Энэ байдлыг маань өдөр бүр харж, үнэлж дүгнэж байдаг шавь нар маань багш мэргэжлийг сонгохгүй, энэ мэргэжлийг үзэн яддаг болох вий гэхээс үнэхээр их айдаг хэмээн хоолой зангируулан ярьж байв.
Мөн багш нарын дийлэнх нь сүүлийн хэдэн жил бэлэн мөнгөөр худалдаа наймаа хийж үзээгүй, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд цахилгаан бараа, хувцас хунарыг хүртэл зээлээр /лизинг/ авдаг болсон гэнэ. Түүнчлэн багш нарын хөдөлмөрийг доогуур үнэлж, цалин хөлсийг нь бага олгодогтой адил аливаа уралдаан тэмцээний шагнал урамшуулал нь ч хөөрхийлөлтэй байдаг гэдгийг жишээ татан ярьж байлаа.
Тус сургуулийн байгалийн ухааны секц энэ жил Чингэлтэй дүүргийн шилдэг заах аргын секцээр шалгарчээ. Үүнд бэлтгэхийн тулд багш тус бүр 60 мянган төгрөг зарцуулж, бүтэн сарын хугацаанд бэлтгэл хийж, оролцсон байна. Бэлтгэлийнхээ үр дүнд ч шилдгээр шалгарсан аж. Хэдийгээр бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч шилдгээр шалгарсан багш нарын хөдөлмөр ердөө л 9000 төгрөгөөр үнэлж, өргөмжилсөн байна. Бүтэн сар хөлс хөдөлмөрөө зарцуулж, сарын хоолноосоо 60 мянган төгрөг сойн байж оролцсон уралдааны шагнал нь ердөө 9000 төгрөг гэж бодохоор багш нарын хөдөлмөр үнэхээр үнэгүйджээ. Үүгээр ч зогсохгүй нийслэлийн хэмжээнд оролцсон ур чадварын тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн багшид баярын бичиг ч өгөөгүй нь тэдний сэтгэлийг эмзэглүүлээд зогсохгүй өөртөө итгэх итгэлгүй болгож, урам зоригийг нь мөхөөжээ.
Багш нар ажлын стресс, амьдралын хүнд нөхцөлөөс шалтгаалан даралт ихсэх, цус харвах тохиолдол их байдаг аж. Тиймээс гэнэтийн ослын даатгалд хамруулах гэхээр заалтууд нь зөрчигдөөд, мэргэжлээс шалтгаалах өвчний гэнэтийн ослын даатгалд хамрагдаж, тэтгэлэг авч чадахгүй хохироод л үлддэг болохыг багш нар хэлж байсан.
Багш нарын дунд сургуульд үйлчилгээний алба хашдаг хүмүүс ч байсан бөгөөд өөрсдийнхөө сард авдаг цалин, түүнийгээ чухам юунд зарцуулдгийг нэгд нэгэнгүй тоочиж байлаа. Тухайлбал 57 дугаар сургуулийн үйлчилгээний ажилтан Ц.Лхагвасүрэн Би таван жил энэ сургуульд ажиллаж байгаа өрх толгойлсон эмэгтэй. Анх ажилд ороход 185500 төгрөгийн цалин тогтоосон. Үүнээсээ татвар, нийгмийн даатгал зэрэгт 33 мянган төгрөг төлдөг. Мөн цалингийн зээлд 80 мянган төгрөг өгөөд гар дээр цэвэр 67 мянган төгрөг авдаг. Энэ мөнгөө сард хоёр хувааж авахаар амьдралд үнэхээр хүрэлцэхгүй байна. Өөрийнхөө идэж уух, өмсөж зүүхийг хасаад ч гурван хүүхдээ тэжээж чадахгүй байна шүү дээ. Энэ бүхнээ хэлж, дуу хоолойгоо илэрхийлэх боломж байдаггүй юм хэмээсэн.
Энэ мэтээр багш, ажилчид өөрсдийн амьдралаа хэвлэл мэдээллийнхэн, олон нийтээс нуулгүй бүхэл жаргал зовлонгоо хуваалцсан нь багш нарын амьдрал бодит байдал дээр ямар байгааг бэлхнээ өгүүлж байна. Ингээд бид тус сургуулийн бага ангийн нэгэн багшийн амьдралыг сонирхохоор гэрт нь очиж, түүнтэй цөөн хором ярилцлаа.
Боловсролын салбарт 22 жил зүтгэж буй бага ангийн багш Л.Түмэндэлгэрийн гэрт очихоор олны нэрлэж заншсанаар Дэнжийн мянгын гахайн байрыг зорив. Тэднийх сургуулиасаа зургаан км орчмын зайд байрладаг аж. Сургууль, гэрийнх нь хооронд шууд явдаг нийтийн тээвэр байхгүй учраас хоёр унаа дамжих, эсвэл явган таваргах хоёрын аль нэгийг сонгодог байна. Тансаг амьдралтай хүмүүс төвөгшөөгөөд явахааргүй өгсүүр, бараг л уулан дээр байрлах жижиг давчуухан хашаанд хоёр бор монгол гэр байсны нэг нь Л.Түмэндэлгэр багшийнх аж. Ингээд тэднийд орвол зүүн, баруун хоёр талдаа модон ор тавьж, нэлээд эртний бололтой 21 инчийн телевизор, өнгө нь гундаж, шарласан хөргөгчөөр гоёсныг хараад ёстой л олон жил болсон тавилгатай, ядруухан айл байна даа гэсэн сэтгэгдэл төрөв. Гэхдээ гэрийн эзэгтэй Л.Түмэндэлгэр багштай уулзаж, түүнтэй ярилцахдаа сэтгэл нь өөдрөг, шавь нараараа бахархсан баян хүн болохыг нь мэдэрсэн юм. Ингээд Л.Түмэндэлгэр багштай хүүрнэсэн ярилцлагаа хүргэе.
65 мянган төгрөгөөр хийлгэсэн үйтэн хуаран хантааз миний хамгийн үнэтэй хувцас
Л.ТҮмэндэлгэр Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн бага ангийн багш
-Танайх ам бүл хэдүүлээ вэ. Авч байгаа цалин чинь амьдралд хүрэлцэж байна уу?
-Би нөхөр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань хоёр удаа цус харвасан болохоор ажил хийж чаддаггүй, гэртээ байдаг. Харин хоёр хүүхэд оюутан, хоёр нь арван жилд сурдаг. Багш нь сард 331 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Үүнээсээ татвар, нийгмийн даатгал, өр зээлээ төлөөд гар дээрээ 130 мянган төгрөг авдаг. Энэ мөнгөөр амьдарна гэдэг үнэхээр хэцүү.
-Нууц биш бол та гар дээр авч байгаа цалингаа юу юунд зарцуулдаг вэ?
-Бидэнд нууж хаах зүйл байхгүй. Нэг шуудай нүүрс 1200 төгрөг. Нэг өдөрт хоёр шуудай нүүрс түлдэг болохоор түлээ нүүрсэнд өдөрт л 2400 төгрөг зарцуулдаг. Үүнийгээ 30 хоногоор бодохоор 72 мянган төгрөг болж байгаа юм. Тэгэхээр нөгөө гар дээр авдаг 130 мянган төгрөгийн 72 мянга нь түлээ нүүрсэнд зарцуулагддаг. Харин үлдсэн мөнгөнийхөө 12 мянгаар нь Улаанбаатарын хоёрдугаар гурил нэг шуудайг, 10 мянгаар нь хүнсний ногоо аваад 40 мянга хүрэхтэй үгүйтэй мөнгөтэй л үлддэг. Энэ мөнгөөрөө хүүхдүүдийнхээ автобусны мөнгийг хэмнээд ч сардаа хүрдэггүй болохоор арай гайгүй амьдралтай багш нараасаа мөнгө зээлээд л өдөр хоногийг өнгөрөөж байна.
-Хүүхдүүдийн өмсөж зүүх, өдрийн хоолны мөнгө зэргийг яаж болгодог юм бэ?
-Манай гэр бүлд тансаг хэрэглээ гэж байхгүй. Та бүхэн гайхаж магадгүй. Манайх есийн тос бараг хэрэглэдэггүй. Өөхөн тос аваад л болгочихдог. Бас талх, маслыг баяжсан /цалин буусан/ үедээ л хааяа нэг авч иддэг. Олуулаа амьдардаг болохоор боорцог хийгээд л болгочихдог юм. Зарим хүн биднийг шоолж магадгүй л дээ. Гэхдээ энэ үнэхээр үнэн амьдрал. Хүүхдүүд маань ч амьдралаа, ээжийгээ ойлгодог болохоор элдэв юм нэхэж, зовоогоод байдаггүй. Хуучин нойтныгоо угааж цэвэрлээд л өмсдөг. Харин өглөө ажилдаа явахдаа боорцгоо авч яваад өдрийн цайныхаа цагаар идчихдэг юм. Гэхдээ багш нь энэ бүхэнд гутарч явдаггүй ээ. Түмний хүүхдийн буянд болж л байна гэж боддог.
-Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлдөг юм бэ. Төрийн сангаар сурдаг оюутан байгаа юу?
Л.Түмэндэлгэр багш энэхүү хантаазаа нандигнан авдартаа хийж, дунд нь өчигдөрхөн авсан цалингийнхаа 40 мянган төгрөгийг эвхээд хадгалсан байлаа.
-Миний хүү МУБИС-ийн оюутан. Хүүгийнхээ сургалтын төлбөрийн 470 мянган төгрөгийг төрийн албан хаагчийн хүүхэд гээд Төрийн сангаас төлүүлдэг байсан. Гэтэл өнгөрсөн жилээс Хүний хөгжил сан-гаас 500 мянган төгрөг төлдөг болсон чинь өгөхөө больчихжээ. Уг нь төрийн албанд энэ олон жил зүтгэснийхээ гавьяаг хүүхдүүддээ үзүүлж, сургалтын төлбөрийг нь төлүүлэхийг бодож байсан юм. Гэтэл энэ хүсэл маань талаар болчихлоо. Харин охин нэг сая 850 мянган төгрөгийн төлбөртэй MIU сургуульд сурдаг. Охины сургалтын төлбөрийн хагасыг нь миний нэг дүү төлдөг болохоор нуруу арай тэнэгэр байдаг юм.
-Танай гэр бүлд танаас өөр орлоготой хүн байгаа юу?
-Миний хоёр том хүүхэд оройн цагаар ажил хийдэг. Тийм тулдаа л болгож байна. Түүнээс би ганцаараа багшийн цалингаар энэ гэр бүлээ авч явна гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байна.
-Таны амьдрал тийм хангалуун биш ч та үнэхээр сэтгэлийн хаттай юм аа?
-Би сургуулийнхаа багш нараас дундаж амьдралтайд нь тооцогддог. Надаас доогуур амьдралтай хүн маш олон байгаа. Уг нь 1970, 1980-аад оны үед багш нарын цалин хөлс гайгүй байсан. Тэр үед гэр бүлийн хүмүүсийн нэг нь багш бол нэлээд гайгүй амьдарна, хоёулаа багш бол хосгүй сайхан амьдарна гэцгээдэг байсан. Гэтэл одоо нэг нь багш бол нэн ядуу амьдарна, хоёулаа багш бол хог дээр үсэрнэ гэдэг болсон байна. Тэгэхээр багш нарын цалинг нэмж, үнэлэмжийг нь дээшлүүлэх хэрэгтэй болжээ гэдгийг хэлэхийг хүсч байна. Түүнээс би ч одоо хэдэн жилийн дараа л тэтгэвэртээ суулаа шүү дээ.
-Багш нарын авч байгаа цалин амьдралд хүрэхгүй байгаа болоод л багш нар ажил хаялт зарласан байх?
-Тэгэлгүй яах вэ. Хүмүүс чинь оюуны, орлогын, үзэл санааны гэсэн гурван төрлийн ядууралд ордог юм гэнэ лээ. Харин багш нар орлогын ядуурал туйлдаа хүрчихээд байна. Уг нь хүн хийсэн хөдөлмөртөө тохирсон хөлс авах ёстой байтал багш нар өнөөгийн нийгмийн хамгийн бага цалинг авч байна шүү дээ. Тиймдээ ч амьдралд нь тансаг хэрэглээ гэж байхгүй, өрөөс өрийн хооронд амьдарч байна.
-Та 57 дугаар сургуульд хэдэн жил багшилж байна вэ?
-Манайх 2002 онд Завхан аймгаас нүүж ирсэн. Үүнээс хойш 57 дугаар сургуульдаа багшилж байна.
-Багш нарыг үсэглэлийн баяр, хонхны баяраар шавь нараасаа их хэмжээний бэлэг авдаг гэдэг. Та ер нь шавь нараасаа ямар ямар бэлэг авч байсан вэ?
-Гэр хорооллын сургуулийн сурагчдын дийлэнх нь дундаж, түүнээс доош амьдралтай айлын хүүхдүүд байдаг. Тийм болохоор багш нартаа үнэтэй бэлэг, сэлт өгөөд байдаггүй. Би 22 жил багшлахдаа хуруу дарам цөөн бэлэг авсан. Хоёр жилийн өмнө миний шавь нар есдүгээр анги төгсөхдөө надад 75 мянган төгрөгийн үнэтэй гар утас бэлэглэсэн. Тэр үед би утасгүй байсан болохоор үнэхээр их баярлаж, нулимс хүртэл унагаж байлаа. Энэ бол миний авч байсан бэлгүүдээс хамгийн үнэтэй нь.
-Та мэдээж эмэгтэй хүн болохоор гоёл чимэглэл сонирхдог л байх. Таны хамгийн үнэтэй гоёл хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
-Хоёр оюутан хүүхэд маань миний төрсөн өдрөөр надад мөнгөн хослол /ээмэг бөгж/ авч өгсөн. Тэр л миний хамгийн үнэтэй гоёл. Түүнээс бусадтай адилхан үнэтэй алт, монетон эдлэл байхгүй. Харин хувцасны хувьд өнгөрсөн зун 65 мянган төгрөгөөр үйтэн хуаран хантааз хийлгэсэн нь миний хамгийн үнэтэй хувцасны тоонд орно.
-Танай хэрэглэж байгаа энэ хөргөгч, зурагт хэдэн жил болж байгаа бол. Нэлээд олон жил болж байгаа юм шиг харагдаж байна?
-Би нөхөртэйгөө суугаад 20 гаруй жил болж байна. Анх гэр бүл болохдоо л энэ бүхнийг авч байсан. Түүнээс хойш засч сэлбээд л болгож байна. Түүнээс гэр орондоо юм нэмж авна гэсэн ойлголт байхгүй.
-Таны барьж байгаа утас ч нэлээд эртний утас шиг харагдаж байна?
-Тийм ээ. Ангийнхны авч өгсөн утсыг охин маань барьж яваад алдчихсан юм. Тэгээд оронд нь энэ утсыг авч өгсөн.