УИХ-ын гишүүд үүрдийн дархлаагаа тогтоолоо
бууриа сэлгэхгүй байх тохироог хийж, үүнийгээ баталж санаа амрав.
Холимог тогцолцоонд шилжиж чадсан, пропорциональ элемент орсон, шинэлэг хууль боллоо хэмээн Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн хуулиа магтаж, их ажлын ард гарсан гишүүдэд спикер баяр хүргэлээ. Үнэндээ Сонгуулийн хууль батлагдах нь өмнөх өдөр тодорхой болж, УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдаагүй байхад нь буюу лхагва гарагийн орой эрхэм гишүүд амжилтаа тэмдэглэж, хундага тулгасан гэнэ лээ.
Иймээс пүрэв гарагийн УИХ-ын чуулганы Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг бэлгэдэл төдий, хэл ам багатайхан болж, гишүүдийн 85 хувийн саналаар баталж чадсан юм. Үүндээ ч УИХ-ын гишүүд их л сэтгэл хангалуун байв. Арга ч үгүй биз. Тэд энэ хуулиараа дамжуулаад ирэх дөрвөн жилд 76 бууриа сэлгэхгүй байх тохироог хийж чадсан юм чинь. Тодруулбал энэ хуулиар бол УИХ-ын босго шинэ хүмүүст тун хаалттай болж байгаа юм. Үүнийг УИХ-ын зарим гишүүн ч ил тод хэлж байгаа дуулдана лээ.
Үнэндээ шинэ хуулийн дагуу мажоритари тогтолцоогоор буюу 26 тойргоос нэр дэвшсэн 48-ын хувьд ашигтай хувилбар бий болоод байна. Тэдэнд хоёр боломж бий. Эхнийх нь тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болох. Дараагийнх нь ялалт байгуулж чадаагүй ч гэсэн тойргийнхоо сонгогчдын 28-аас дээш хувийн саналыг авснаар намын нэр дээрх суудал руу шилжих эрх нь нээгдэх юм. Тэгэхээр тойрогт нэр дэвшигчид ялалт байгуулж чадаагүй ч намын нэрийн суудал руу шилжих илүү хувилбартай буюу хос морьтой сонгуульд оролцох нь ээ.
Харин пропорционалиар буюу намын нэр дээр нэр дэвших 28-ыг бүрхэг хувь тавилан хүлээж байх шиг. Тэдний хувьд намаас гаргах 76 нэрийн жагсаалтад урдуур орж чадахгүй л бол суудалгүй хоцрох магадлал өндөр. Тэдэнд хоёр дахь боломж гэж байхгүй. Нэр дэвшигчдийг эрэмбэ дараагаар жагсаагаад, намын нэрээр авсан суудал дээр оноовол сүүлд жагссан хүмүүсийн хувьд горьдлого тээсний хэрэггүй гэсэн үг.
Үүнээс үүдэн ямар хүмүүс намын нэр дээр, бас хэн хэн тойрогт нэр дэвших вэ гэсэн асуулт гарч ирэв. Энэ асуултад УИХ-ын эрхэм гишүүд Мэдээж өнөөгийн парламентын гишүүд л намын нэр дээр болон өөрийн нэр дээр санал цуглуулахаар тойрог тойрог руугаа явна гэсэн хариултыг өгч байгаа. Тэдний энэ ярианаас үзэхэд эрхэм гишүүд өөрсдөө боломж өндөртэй хувилбарыг эзэгнэж, шинээр нэр дэвшигчдийг шинэхэн хуулийнхаа золиосонд илгээх дүр зураг харагдаж байгаа юм.
Энд бас нэг зүйлийг онцлоход тойрогт нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүс намын нэрийн суудал руу шилжихээр болж байгаа нь сонгогчдын сонголтын дээр улстөрийн намын шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Учир нь тойрогтоо унасан болон намын нэрийн өмнөөс нэр дэвшсэн хүмүүсийн хэнд нь пропорционалиар авсан суудлыг өгөх вэ гэдэг шийдвэрийг улстөрийн нам гаргана. Тэгэхээр сонгогчдын унагасан этгээд намынхаа шийдвэрээр гарч ирэх боломж нээгдэнэ гэсэн үг. Энэ нь улстөрийн намын шийдвэр сонгогчдын сонголтын дээр байгаа хэлбэр биш гэж үү.
Юутай ч шинэ хуульд нэр дэвшихийг хүссэн төрийн алба хаагчид нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх заалтыг оруулж өгсөн. Тиймээс төрийн албан хаагчид, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд сонгуульд өрсөлдөх санаа байгаа бол сонгуулийн жил эхлэхээс өмнө ажлаа өгөх хэрэгтэй болж байна. Энэ нь төрийн алба, улстөр хоёрыг салгах, сонгуулиар төрийн албыг цалгардуулахгүй байхад чиглэсэн зохицуулалт аж.
Мөн шинэ хуулиар сонгуулийг ирэх оны зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр явуулахаар тогтлоо. Ийнхүү удаан дуншсан хууль төрөв. Үндсэн хуулийн цэцэд очоод уначихгүй л бол ирэх сонгууль холимог тогтолцоогоор явагдах нь ээ.
Д.Өнөржаргал