Алтны үнэ унах нь ээ
Үүгээр ч зогсохгүй алтны үнэ цаашид ч унана гэж үзэж буйгаа шинжээчид мэдэгдэв. Үүний шалтгаан нь дэлхийн эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн таагүй байдлын нөлөөгөөр долларын ханш эрс чангарах болсон явдал аж. Алтны үнийн тухайд долларын ханштай урвуу харьцаатай байсаар өнөөдрийг хүрсэн. Энэхүү бичигдээгүй хууль цаашид ч үйлчлэх төлөвтэй байна.
Алтны үнэ унах төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчид болон олборлогчдыг сандаргаж буй талаар эдийн засагчид мэдэгдэв. Нэгэн таагүй мэдээ дуулгахад 2011 оны 12 дугаар сарын 15-ны пүрэв гарагт Лондоны хөрөнгийн бирж дээр нэг унци алтны үнэ 4.2 хувь буюу 69 ам.доллараар унаж, 1603 ам.долларт хүрчээ.
1603 ам.доллар гэдэг нь алтны үнэ сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн доогуур түвшиндээ очсоныг харуулж байна. Алтны үнэ 2011 онд багтаж 2000 ам.долларыг давна гэж шинжээчид мэдэгдэж байсан ч таамаг бодит байдал дээр биелэхгүй нь бололтой. Тиймээс зарим хөрөнгө оруулагч алтнаас нүүрээ буруулж болзошгүй нөхцөл байдал үүсэхэд ойрхон байна.