Амжилт гаргасан аймаг, нийслэл, аж ахуйн нэгжүүдийг урамшууллаа
Үндэсний хорооны дүгнэлтээр нийслэл Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг жилийн ажлыг сайн зохион байгуулж бусдыгаа тэргүүлсэн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн хамгааллын яам үр дүнтэй ажилласан байна.
Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий аймгийн Сагсай, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Багхангай дүүргийн 16 дугаар хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Дорнод аймгийн Матад сумын Түмэнхан баг илүү санаачлагатай ажиллан, иргэддээ хүрсэн олон ажил хийснээрээ улсдаа шалгарлаа.
Хувийн хэвшлийнхнээс хамгийн олон ажлын байр бий болгосон байгууллагаар Эм Си Эс групп, Энержи ресурс, Алтайн хүдэр компани, Макс групп, Монгол алт корпораци, Блю скай, Говь, Тедмент, Эсмо компани, Хадгаламж банк тодорлоо.
Сайн ажиллаж, бусдыгаа хошуучилсан аймаг, нийслэл, хувийн хэвшлийнхэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шагналыг нь гардуулж баяр хүргэсэн байна.