Оросын сөрөг хүчнийхнийг хэн санхүүжүүлж байна вэ?
Америкийн болон Английн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ-д болсон эсэргүүцлийн цуглааныг төлөвлөгдөөгүй, гэнэт болсон цуглаан гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний удирдагч Борис Немцов гэх зэрэг улстөрчид үүнд оройлох үүргийг гүйцэтгээгүй гэж үзэж байна. Борис Немцов гэнэт цугласан жагсагчдын өмнө гарч ирэн мэндчилсэн ч энэ жагсаал барууны орнуудаас санхүүжүүлж буй өнгөт хувьсгал гэдэг нь илт харагдаж байлаа хэмээн дээрх орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ.
Тэгвэл Daily Mail сонин эсрэгээрээ энэ жагсаалыг зохион байгуулалттай болсныг дурдаад Оросын сөрөг хүчний улстөрч Владимир Рыжков удирдсан гэж мэдээлэв. В.Рыжков олныгхамарсан жагсаал цуглааны дараа энэ сарын 24-нд өнгөрсөн удаагийнхаас хоёр дахин их хүнтэй жагсаалыг явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь ийм таамаг дэвшүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй аж.
В.Рыжковын хөдөлгөөнийхөн АНУ-аас санхүүждэг ба В.Рыжков өөрөө Ардчиллын төлөөх дэлхийн хөдөлгөөн хэмээх байгууллагын албан ёсны гишүүн нь юм.
Тус байгууллагын вэб-сайтын Бидний тухай гэсэн хэсэгт энэхүү хөдөлгөөн АНУ-ын Төрийн департаментын салбар байгууллага бөгөөд Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангаас санхүүждэг гэж бичсэн байна. Харин Илья Яшиний Эв нэгдэл хөдөлгөөн Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сан, Москва дахь Хельсинкийн бүлэглэл, Фордын сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн төлөө агентлаг (USAID) болон Соросын санхүүжүүлдэг төрийн бус байгуулагуудтай хамтран Стратеги 31 (мөн л Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангаас санхүүжүүлж байгаа) хэмээх кампанит ажлыг өрнүүлж байгаа аж.
Борис Немцовын улс төрийн зөвлөх Владимир Кара-Мурза мөн Илья Яшины Эв нэгдэл хөдөлгөөний гишүүн юм. Хуульч, улстөрч Алексей Навальный бас л Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сантай холбоотой. Тус байгууллагаас санхүүжүүлж буй Тийм хөдөлгөөнийг санаачлагчдын нэгд А.Навальный зүй ёсоор тооцогддог. Москва дахь Хельсинкийн бүлэглэл-ийн вэб сайтад тавигдсан дээрх мэдэллээс энэ бүлэглэл хилийн чанадаас санхүүждэг нь харагдаж байна. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ-д болсон жагсаал цуглааныг гадаадын төр, заегийн удирдлагууд санхүүжүүлсэн гэдгийг дээрх баримт нотлож байна гэж үзэж байгаа ажээ.
Тэр бүү хэл, сонгогчдын эрх ашгийг хамгаалах Дуу хоолой хэмээх Оросын ассоциаци нь Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангаас санхүүждэг гэдэг нь илэрч бөөн шуугиан дэгдээсэн юм. Түүнчлэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас ч бас мөнгө авдаг гэдэг нь илэрсэн. Тухайн үед Дуу хоолой ассоциацийнхан гадаадаас санхүүждэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч ОХУ-ын хуулийг зөрчөөгүй гэж мэдэгдэж байсан юм. Харин тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга В.Чуров Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэн шүүхэд хандсан. ОХУ-ын шүүх энэ байгууллагыг хууль зөрчсөн гэж үзэн 30 мянган рублийн торгууль ногдуулсан билээ.
Жагсаалыг зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүсийг гадны, тэр дундаа АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлсэн гэх явдал нь Оросын улс төрийн хүрээнийхний дунд томоохон шуугиан дэгдээсэн. Төрийн Думын хэд хэдэн гишүүн гишүүн эсэргүүцлээ илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар В.Путиний байр суурийг мэдээлсэн юм. Тэрбээр Гадныхан Оросын улс төр, сонгуулийн явцыг сонирхохыг бид эсэргүүцэхгүй. Гэхдээ манай улсын үндэсний гэгдэж буй байгууллагуудыг санхүүжүүлж, тэд ч гадны улс орны мөнгөөр үйл ажиллагаагаа явуулан тэдний хөгжимд бүжсээр байгааг хүлээн зөвшөөрч болохгүй.
Иймд бид цаашдаа хуулиа эргэж харах хэрэгтэй гэж бодож байна. Бие даасан байдлаа алдахгүйн тулд, дотоодын хэрэгт оролцуулахгүйн тулд бид гадныханд хязгаар тавих хэрэгтэй. Оросын нийгэм ч ийм сонирхолтой байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн дараагийн жагсаалаа энэ сарын 24-нд явуулахаар төлөвлөж байгаа ажээ.