Цас мөсийг нь цэвэрлэчихээд байхад хальтирч унаад байх юм аа
Ер нь над шиг мэдэхгүй хүн олон байх аа. Жишээ нь та мэднэ гэж үү. Хотын Ерөнхий менежер Ч.Бат Нийслэлийн зургаан дүүргийн удирдлагууд болон хот тохижилтынхонд үүрэг өгч байгаа харагдсан. Ямар нэг албан байгууллагын ойролцоо, үүдэнд нь хальтирч унаад гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн байгууллагад хариуцлага хүлээлгэнэ гэж. Нэг талаас зөв ч юм шиг. Тухайн байгууллага үүднийхээ цасыг цэвэрлээгүйн улмаас, мөстөн хатуурч иргэд хальтирч унан бэртэж гэмтээд байвал байгууллагын буруу гэхээс яахав. Гэтэл гэр хороололд явж байгаад айлуудын гудамжиндаа асгасан муу уснаас нь болоод, аль эсвэл ямар нэг айл үүднийхээ цас мөсийг цэвэрлээгүйн улмаас хэн нэгэн хальтирч унаад бэртэж гэмтвэл яах вэ гэж. Лав айлууд хариуцлагыг нь хүлээнэ гэж байхгүй. Тэгэхээр хохь чинь тэр дээ гэх л байх даа.
Гэтэл хотын төвөөр эзэнгүй олон нийтийн газрууд талбайнууд цөөнгүй л байгаа шүү дээ. Тэдгээрт бас хохь чинь гэж хэлээд л сууж байх уу. Ядаж л хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй Сүхбаатарын талбайгаараа явж байсан хэн нэгэн хальтираад уначихвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Шийдвэрийг нь гаргасан Нийслэлийнхэн үү. Үгүй. Тэгвэл хэн гэж. Мөн биш нь мэдэгддэггүй талбайг хувьчилсан гээд байгаа нөхдүүд үү.
Нэг хэсэг төв талбайг хувьчилжээ гэх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тасардаггүй байсан. Үнэн ч юм уу бүү мэд. Чихээрээ л сонссон болохоос нүдээрээ харчихсан биш. Хотын дарга байхдаа Ц.Батбаяр төв талбайг таллаж зарсан ч гэх шиг. Эзэн нь олны танил биш, бараг л үл таних этгээд төв талбайн эзнээр суулаа гэнэ. Удалгүй төв талбайн эзэн нь Женко Баттулга гэнэ үү. Бас болоогүй Японы Их аварга Д.Дагвардоржийгоо хүртэл төв талбайн эзэн нь мөн гээд л туучихсан байж билээ. Адаг сүүлд нь аргаа барахдаа УИХ-ын 76 төв талбайг хуваагаад авчихсан гээд бөөрөнхийлж үзсэн ч удаатай. Ямар юмныхаа хуваах байх вэ дээ. Уг нь төрийн өмч байх ёстой байлгүй. Түүнийг нь л 76-г хуваагаад худалдаад авчихсан гэж туугаа биз.
Гэхдээ л төв талбай хэний ч өмч байлаа гэсэн хариуцлага хүлээх эзэнтэй байх ёстой биз дээ. Ямар гудамжинд алхаж яваад хальтираад уначихсан хүн байгаа биш. Миний ойлгосноор бол хальтирч уналаа гэхэд Улсынхаа өмчийн төв талбай дээрээ уначихсан үг шүү дээ. Тэгэхээр улс хариуцлагыг нь хүлээх байх гэж ойлгоод байгаа. Гэтэл хальтираад бэртчихлээ гэхэд төрийн ордон руу хүмүүс гомдлоо нэхнэ гэж үү. Хэн ч тийшээ зүглэхгүй, зүглэлээ ч хэн тэднийг тоох юм.
Арай жижигрээд нийслэлийн хот тохижилт руу явна. Хот тохижилт нь тэгсэн манай өмч биш ээ гээд л буцаана шүү дээ. Хальтирч унасан иргэний бэртлийг эмчлүүлэх гээд л Нийслэлийн хот тохижилтынхон гүйж байх гэж үү. Үлгэр биз.
Бас нэг асуудал бий. Төв талбайн цас мөсийг цэвэрлэчихээд байхад өвлийн хүйтэнд хальтирч унах хүн бараг цастай байх үеэсээ их шүү дээ. Учир нь өнөөх гайхал төв талбайг өнгөт пильтагаар гоёж байна гээд хорлоод хаячихаа биз дээ. Тархиараа газар шаахад ганцхан алд л пильта байхад хангалттай. Ийм талбай дээр тэгээд иргэд аюулгүй явахад бас л хэцүү санагдахгүй байна гэж үү. Хариуцах эзэнгүй. Эзэнтэй байлаа ч тоох сэтгэлгүй. Цэвэрлэсэн байлаа ч тэр талбай чинь хальтиргааны хамгийн аюултай бүс болчихоод байна. Хөөрхий тохижилтын хэдэн ажилчид маань бол цас орлоо л бол цасыг нь тэр дор нь цэвэрлэж байгаа харагддаг. Тэгэхээр тэдэнд ямар ч буруу байхгүй. Харин төв талбайн тохижилтыг хийсэн дээд хүмүүст л буруу өгмөөр.
Ганц Сүхбаатарын талбай ч биш ээ. Гадуур төвийн аль ч явган хүний зам өвөл болохоор цас мөсөнд дарагдаагүй байлаа ч савж хальтирч унахаар аюултай байдалтай л байна. Өнгөт хавтангуудын ихэнхи нь өвлийн улиралд гөлийж, хальтирах аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг болоод удаж байна. Хэдийгээр өвлөөс бусад намар хавар зуны улирлаар тэдгээр өнгөт хавтан, пильта зэрэг элдвийн юмаар хийсэн зам талбайнууд чинь сайхан харагдаж, хүмүүст таалагддаг ч өвлийн улиралд хүн бүрт л ад үзэгддэг боллоо. Үүнийг яах ёстой вэ. Өвөл нь ч тэр, дулааны улирлуудад нь адилхан өнгө үзэмжтэй байхаар, өвөлд нь хальтираад уначихааргүй тийм хавтан пильта байхгүй биш байж л байгаа. Тийм зүйлээр төв гудамжуудаа тохижуулчихаж болдоггүй юм уу. Энэ мэт эзэнгүй талбай замуудаар иргэд хальтирч унаад хөл гараа бэртээх, тархи толгойгоо хөдөлгөвөл хэн хариуцлагыг нь хүлээх вэ Нийслэлийн Хот тохижилтынхон минь ээ. Нийслэлийн эрхэм удирдлагууд минь ээ. Төр засаг гуай.