Цалингаасаа өөр орлогогүй хэвлэлийнхнийг цагаан захтнууд өөрсөдтэйгөө жишин торгуульдах нь
заалтыг улстөрчид шүд зуун хэвээр батлав. Олонхийн саналаар дэмжигддэг ардчилсан нийгэмд парламентад олонх байгаа нөхөд эрх ашгаараа түрий барин ийн батлав. Ингэхдээ ам таглах арга хайн бор шувууг бүргэдтэй зүйрлэх дайны юм болж, өөрсдөдөө ч торгууль ногдуулах заалт хийжээ. Үзэгнээс өөр зэвсэггүй, цалингаас өөр орлогогүй хэвлэл мэдээллийнхнийг улстөрчид өөрсөдтэйгээ адилтган жишсэн байх юм. Сэтгүүлчдэд улстөрчийн халаасан дахь шиг мөнгө байхгүй.
Эмч цэвэрлэгч хоёрын цалин хийгээд хүлээх хариуцлага адил бус. Үүнтэй л адил. Сонгуулийн хуулийн 37 дугаар зүйлд хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 37.24-т заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн материал дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх, энэ нь тухайн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна гэлээ. Хэрэв нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв бодит байдлыг зөрчсөн бол нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.
Сонгуулиар нам, эвслүүд мөнгийг тэрбум тэрбумаар нь цацдаг. Нэр дэвшигчдээсээ тус бүр нь 20-50 сая төгрөг татаж байж сонгуульд оролцуулж байна. Тиймээс улстөрчдөд тэр дундаа эдүгээ эрх барьж байгаа эрхмүүдэд хөдөлмөрийн хөлсний доодхэмжээг 50-70 дахин нэмэгдүүлэх байтугай 100 дахин нэмэгдүүлэн торгууль тавьсан ч инээд нь хүрэх биз. Нэг улс төрийн хүчин 76 нэр дэвшигчээсээ 2-4 тэрбум төгрөгийг цуглуулчихна, сонгуулиар. Цаашлаад улстөрийн нам дахь цээж баячууд жирийн өдрүүдэд намдаа нэг тэрбум төгрөг шидчихдэг юм чинь сонгуулиар хэдэн ч баян нь хичнээн нь ч тэрбум төгрөгийг намдаа барихыг хэн хэлж мэдэхэв.
Дээр нь шинэ цагийн нам бус Итгэлтүүд ч олон байгаа. Ардчиллаар мэндэлсэн улс төрийн хүчин хэдэн шар-аа хандивлаж байхаар ардын засгийн үеэс л төр барьж байсан ах намдаа өгчихвөл энэ сонгуулиар сөрөг хүчин болсон ч хамаагүй надад хувь хишиг нь эргээд ирнэ хэмээн Туулын усыг долоох шахам байж олсон хэдэн төгрөгнөөсөө намын удирдлагад барьчих нөхөд бас бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 141400 төгрөг байгаа. Энэ дүнгээр улстөрийн хүчнүүд 10 сая төгрөгөөр торгуулах нь тэдээд ханиад биш инээдэм болно.
Тэгээд ч тэд парламентад суудал аваад гарч ирэхдээ сонгуульд зарцуулсан хөрөнгөө тооцож, шархаа нөхөхөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Түүнчлэн нэр дэвшигчийг мөн үүний адил торгохоор тогтсон. Улс төрийн хүчин байтугай нэг улстөрч ч 10 сая төгрөгийн торгууль өгөхдөө хотойхгүй. Намдаа 50 сая төгрөг хандивлаж байгаа хүн цаанаа ор тас хормой хоосон үлдсэн гэж хэн итгэх вэ. Үнэндээ сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд 10 сая төгрөг гэдэг улстөрчдийн нэг өдрийн халаасны мөнгө биз.
Хэвлэл мэдээллийн байгууллагын хийсэн нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв, бодит байдлыг зөрчсөн бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах юм байна. Харин хэвлэлийнхэн бид цалингаас өөр орлогогүй. Нэг сонгуулиар торгуульд унаад дараагийн өдрүүдэд нөхчих бололцоо ч байхгүй. Сонгуулийн сурталчилгаа гэдэг сэтгүүлчийн үзэл бодлоор бус нэр дэвшигчийн сонгуулийн штабаас шалгаж, хянаж, зөвшөөрүүлэн бүүр зарим үед гарын үсгийг нь авч байж нийтэлсэн төлбөртэй нийтлэл байдаг.
Үүнийг улстөрчид байтугай сонгогчид ч андахгүй мэднэ. Хууль нэгэнтээ батлагдсан хойно хэвлэлийнхэн бид ийн цагаан захтнуудын далбаан дор өндөр торгууль төлөхөөр эртнээс хянамгай байж сонгуулийн сурталчилгаагаар ирж байгаа материалуудад гар хөлийн үсэг зуруулан хэвлэн нийтэлье гэж бодъё. Гэтэл энэ хууль дотор эргэлзээтэй зүйл нэлээн байгааг гишүүд нь ч хэлж байсан. Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байх үед УИХ-д удаа дараа суусан Н.Ганбямба гишүүн хуулийн зарим заалтыг ойлгохгүй байгаагаа хэлж байсан. Гурван жил хэлэлцэж байгаа хуулиа эрхэм гишүүн нь мэдэхгүй байхад сонгогчид яаж ойлгох вэ.
Энэ мэтээр Парламентын бүрэн эрхийн хугацаанд дуншиж дуншиж саяхан батлагдаад байгаа Сонгуулийн хуульд санаатай болоод санамсаргүй хийсэн но их байна. Гурван жил гаруйн хугацаанд энәщэ хуулийн төслийг хэлэлцэх явцад мөн ч олон үйл явдал өрнөлөө. Цаашдаа ч хууль хэрэгжтэл хэл ам татрахгүй бололтой. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг хэдэнтээ солигдсон. Д.Лүндээжанцан нарын санаачлан бодовсруулсан Монгол Улс бүхэлдээ нэг тойрог байх хуулийн төсөл дэмжигдээгүй. Тиймээс гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгээс татгалзсан.
Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсанаас хойш УИХ-д тасралтгүй сонгогдсоор ирсэн улстөрч бол Д.Лүндээжанцан. Тиймээс тэрбээр үе үеийн Сонгуулийн хуулийг төдийгүй бүхий л хуулийн төслийг батлалцаж байсан туршлага, мэдлэг арвинтай мэргэшсэн парламентач. Гэвч тэрбээр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсгээс татгалзсан. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагчийн ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ нь өнөөдрийн батлагдсан хуулийг мэргэшсэн парламентач зөвшөөрөөгүй, татгалзсан байр суурьтай байсны илрэл гэж болно.
Юутай ч олонхийн дэмжлэгээр батлагддаг учир парламентад хэдэн удаа сонгогдсоноороо хамаарахгүй хэлэлцэгдээд явчихдаг хойно. Одоо сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэг тодорхой болсон. Тиймээс сонгуулиа яаж булхай будлиангүй явуулах вэ гэдэг СЕХ-ныхны ажил нуруун дээр нь ирлээ. Хэрвээ ирэх оны УИХ-ын сонгуулиар өнөөх л булхай будлиан давтагдвал СЕХ-г буруутгах уу, сунжруулан хэлэлцэн баталсан энэ их хурлыг буруутгах уу. Хэн нь хариуцлага хүлээх болж байна аа.
Н.Нягт