Н.Ганболд, Б.Хурц нарыг шүүхэд өгөхөөр болжээ
Одоогийн байдлаар АТГ-аас нэр бүхий 20 гаруй албан хаагч ажлаасаа шалтгаангүйгээр чөлөөлөгдсөн байна. Эдгээрийн зарим нь өөрсдийн саналаар ажлаа өгсөн бол ихэнх нь шинэ дарга нартаа таалагдаагүй гэх шалтгаанаар цомхотголд орсон. Иймээс Н.Ганболд, Б.Хурц нарын улстөржсөн шийдвэрээр ажлаа өгсөн 20 орчим албан хаагч хууль бус шийдвэрийг нь эсэргүүцэж, шүүхэд хандахаар болжээ.
Долоон сар эзгүй байсан АТГ-ын дарга нар өнгөрсөн сард нэгэн зэрэг томилогдсон. Гэвч Н.Ганболд, Б.Хурц нар ажлаа авсныхаа маргаашаас л АТГ-т халаа сэлгээний хар шуургыг тавьсан билээ.
Ерөнхийдөө АТГ-ын дарга Н.Ганболд, Б.Хурц нар байгууллагынхаа албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, солихоор шийдээд буйг эдгээр халаа сэлгээнээс ойлгож болно.
Хамгийн гол нь Н.Ганболд, Б.Хурц нар төрийн байгууллагад ирчихээд хувийн компани шигээ үзэл сурталгүй аашилж байна. Төрийн албан хаагч бол шинээр томилогдож ирсэн даргатай хамтарч, баг болж ажиллах үүрэгтэй. Гэтэл АТГ-ын дарга бүхнийг амбицаараа шийдэж байна.
Үнэхээр ажилдаа тэнцэхгүй, шударга бусаар ажиллаж байсан хүмүүсийг халах нь зөв. Гэвч Б.Хурцын толгойлж буй халаа сэлгээний шуурганд халагдах шаардлагагүй хүмүүс ч хавчуулагдаад байна.
Тухайлбал Н.Ганболд, Б.Хурц нар ажлаа аваад гурав хоноод л ажлаас чөлөөлөх тухай 51 тоот тогтоол үйлдэж, 1919-ийн хоёр оператор, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг албан хаагчдыг халсан юм.
Утсаар гомдол мэдээлэл хүлээн авдаг операторууд Н.Ганболд, Б.Хурц нарт ямар гай болсон юм бэ. Операторуудын ажил утсаар ирсэн гомдлыг бүртгээд дарга нартаа өгөхөөс хэтрэхгүй. Улстөржлөө гэхэд арай ч хэтэрч байна.
Мөн Б.Хурц мөрдөн байцаагчдаас шалгалт аваад англи хэлэндээ тэнцсэнгүй гэдэг шалтгаанаар халсан гэнэ лээ. Гэтэл АТГ-т өнөөдөр Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга асан Н.Батзогсох шиг англи хэлний өндөр мэдлэгтэй мөрдөн байцаагч байхгүй гэдэг юм билээ.
Тэгэхээр Б.Хурц Английн шоронд хэвтэж байхдаа англи хэлийг тийм сүрхий сурчихсан юм уу, эсвэл АТГ-ынхан бүгдээрээ англи хэлэндээ муу юм уу гэдэг тун сонин. Иймэрхүү байдалтай ажлаа явуулж байгаа Н.Ганболд, Б.Хурц нар АТГ-ыг улам хаалттай байгууллага болгох нь.
Тэднийг даргаар очсоны дараа хэвлэлийнхэн зургийг нь авах гэж АТГ-ын үүдэнд очоод санасандаа хүрсэн. Зургаа авахуулсандаа бухимдсан Б.Хурц АТГ-ын үүдэнд суудаг Төрийн хамгаалалтын албан хаагчийг ээлжийн ахлагчтай нь өрөөндөө оруулж ирээд мөрдсийг нь хуу татаж, цол бууруулсан гэж сонстсон.
Ажлын хариуцлага алдсан бол дарга нь ийм авир гаргаж болно гэхсэн. Гэтэл өөрийнх нь зургийг авахууллаа гэж төрийн хамгаалалтын албан хаагчийн мөрсдийн хуулж шиддэг тэр одоо хэн бэ.
Ямартай ч АТГ-ыг удирдах үүрэг авчихаад сагсуурч яваа Н.Ганбол, Б.Хурц нарыг шүүхэд өгөхөөр арав гаруй ажилтан сэтгэл шулуудаад байна.
Харин Н.Ганболд, Б.Хурц нарын хувьд энэ байдлаараа АТГ-т цэвэрлэгчийг нь ч үлдээлгүй бүгдийг халах нь ээ.