Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарах тохиолдол байна
Талийгаачийг нас барсных нь дараа шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оруулж, сүрьеэгийн менингит өвчнөөр амиа алдсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ шинжилгээний хариуг талийгаач С.Батбаярын ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Ар гэрийнхэн нь хал цэргүүддээ зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, нас барсан гэсэн гомдолтой байгааг бид мэдээлсэн.
Мөн тухайн үед задлан шинжилгээг хийсэн Б.Ариунзул эмчтэй уулзахад өөртөө тун ч итгэлтэйгээр Би ямар нэгэн зүйл буруу хийж, шинжилгээний хариуг буруу гаргасан бол хариуцлагаа хүлээж, шоронд ороход бэлэн байна хэмээсэн.
Биднийг талийгаачийн талаар тодруулахаар Б.Ариунзул эмчтэй уулзахад их л ширүүн байсныг дурдахад илүүдэхгүй. Намайг шалгаадаг хэн юм. Надтай ном хаялцах гээд байгаа юм уу гэх мэтчилэнгээр зандчиж, барьц алдаж байсан. Харин ч ар гэр нь гомдол гаргаж байгаа асуудалд ул суурьтай хандаж, тайлбарлахын оронд хаздаг нохой шиг ярдаглаж, эмч хүний ёс суртахууны доголдлыг гаргаж байсан юм. Үнэхээр л ямар нэгэн зүйлийг буруу хийгээгүй юм бол ингэж сандарч, тэвдэх хэрэг байхгүй л баймаарсан. Өөрийнхөө ажлыг тайлбарлаад ямар нэгэн байдлаар хариу өгөх байх гэж бодсон ч тэгээгүй. Ар гэрийнхэн нь талийгаачийг бие нь өвдсөний дараа эмнэлгээр явж, үзлэг шинжилгээ болон тархины аппаратанд харуулахад хүнд гэмтэл авсныг нь хэлж байсан юм билээ.
Шүүх эмнэлгийн үйл ажиллагаа ямар байдаг болон задлан шинжилгээний дүгнэлт бүгд зөв гардаг эсэх талаар Шүүх эмнэлгийн дэд дарга М.Энхбаяртай ярилцсан юм.
-Танай эмнэлэг хэр их ачаалалтай ажилладаг вэ?
-Маш их ачаалалтай ажилладаг. Өдөрт багаар бодоход 7-8 хүн амиа алдаж ирдэг. Тэр бүхнийг задлан шинжилгээнд оруулж, дүгнэлт гаргадаг.
-Хамгийн багадаа 7-8 хүн ирдэг гэлээ. Тэгвэл их байх үедээ хичнээн ирдэг вэ?
-Их үедээ 20-25 ирэх тохиолдол байна.
-Шүүх эмнэлэг задлан шинжилгээний хэдэн эмчтэй вэ?
-25 эмчтэй. Энэ эмч нар дотроо би өөрөө ордог.
-Ийм их ачаалалтай ажиллаж байхад задлан шинжилгээний хариу буруу гаргах тохиолдол байдаг биз дээ?
-Байлгүй яах вэ. Ер нь зарим эмч нар шинээр орж ирж байгаа. Техникээс болж буруу гарах тохиолдол ч байна.
-Хичнээн шинжилгээний хариу буруу гарсан бэ?
-845-аас 11 буруу дүгнэлт гарсан.
-Шинжилгээний хариуг буруу гаргасан тохиолдолд тухайн эмчид ямар хариуцлага тооцдог вэ?
-Хүмүүс гомдол гаргадаг. Зарим эмч одоо болтол байцаагдсаар байна.
-Шүүх эмнэлгийн эмч нарыг хахууль авдаг гэж ярьдаг?
-Энэ бол ташаа ойлголт. Харин ч манай эмнэлгийн эмч нар бусад эмчийг бодвол амьдралын түвшин доогуур байдаг.
Шүүх эмнэлгийн дэд дарга М.Энхбаяр ийм зүйл ярьсан юм. Биднийг өөрийнх нь удирдлагад байдаг эмчийг буруутгах зүйл асуухад хариулахгүй нь мэдээж. Бүр өмөөрөх нь тодорхой. Гэсэн ч тэрбээр шүүх эмнэлэг буруу дүгнэлт гаргах боломжтойг хэлж байлаа. Талийгаач С.Батбаярын тухайд цэргүүдэд зодуулж, улмаар тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан хэмээн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа. Гэтэл Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Цогтбаатар шүүх эмнэлгийн эмч нарыг зөв шинжилгээ хийсэн гэж ам бардам хэлж байсан.
Үнэхээр л шүүх эмнэлгийн эмч үнэн зөв шинжилгээ гаргасан юм бол цэрэг татлагын эмч нар өвчтэй хүнийг цэрэгт татсанаараа хариуцлага хүлээх нь дамжиггүй. Цэрэг татлагын комиссын эмч нар биш юм аа гэхэд амиа алдсан цэргийн учир битүүлэг үхлийн хэрэгт хэн нэгэн хүн гэм буруутай нь нэгэнт илэрхий болжээ. Эл хэргийн талаар дараа дараачийн холбогдох хүмүүстэй уулзаж,үнэн мөнийг эрэн сурвалжилж хүргэх болно.