Оюу толгойн ажилчин архинд хордож амиа алдлаа
Төслийн гэрээт компанийн ажилтнууд спиртийн хольцтой шингэн уусны улмаас нийт таван хүн хордож, нэг нь амиа алджээ. Талийгаачтай нэг гэрт байрладаг ажилчин өглөө 0618 цагт дуудлага өгч, SOS эмнэлгийн яаралтай тусламжийн баг нэн даруй очсон боловч тусламж үзүүлэхэд хожимдсон байжээ.
Оюу толгой ХХК-иас өгч буй мэдээллээр бол ажилчид ажил тарсны дараа спиртийн хольцтой шингэн уусан нь тогтоогдсон гэнэ. Талийгаачийн биед хүч хэрэглэсэн буюу гэмт хэргийн шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээллийг өгч байв.
Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгджээ.
Сануулахад, өнгөрөгч сарын 18-19-нд шилжих шөнө Оюу толгой ХХК-тай гэрээлэгч, кемпийн хоол хүнс, ахуй үйлчилгээг хариуцдаг СIC компанийн ажилтан амиа алдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэргийн учир тодорхой болоогүй байгаа. Оюу толгой төслийн China camp-ийн 50-иад ажилчин энэ хэргийг үнэн мөнөөр нь тогтоох хэрэгтэй, талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгох ёстой гэсэн үүднээс ажлаа хаяж, Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь ажлын байраа орхин Даланзадгад руу явж байсан талаар мэдээлж байсан.